Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн үндсэн дүрэм, хөтөлбөрөө өөрчлөхөөр Дээд шүүхэд 29 нам хуулийн хугацаандаа багтан хандсан билээ. Тэдний материалыг хянаад, заримыг нь бүртгэсэн ч шаардлага хангаагүй намуудад 60 хоногийн нэмэлт хугацаа олгосон юм. Материалыг нь буцаасан өдрөөс хамааран нам бүрд энэ хугацаа харилцан адилгүй байгаа. Тэгвэл Дэлхийн монголчууд намын “виз” дөрөвдүгээр сарын 27, Эрх чөлөөний эвсэл намынх 28-нд дууссан. Мөн ИЗНН, ХҮН, Эх орончдын нэгдсэн, МУНН, Монгол консерватив, Монголын ардчилсан хөдөлгөөний намын “засвар” хийх эрх өчигдөр тулжээ. Харин Монголын социал демократ намынханд энэ сарын гурван, Монголын хүний төлөө намд 14 хүртэл цаг байгаа аж. Тэгвэл хуульд заасан шаардлагад үндсэн дүрмээ нийцүүлэх хугацаандаа амжиж Дэлхийн монголчууд, ИЗНН, МУНН, Монголын ардчилсан хөдөлгөөний болон Эрх чөлөөний эвсэл нам материалаа дахин Дээд шүүхэд илгээсэн байна. Үүнийг Дээд шүүх хянан үзээд бүртгэх, эсэхийг шийдвэрлэх юм.