Бурхан урлаач Ц.Энхмандахын “Эргэх цэг” уран зургийн үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд олны хүртээл болгож байна. Тус үзэсгэлэнд зураачийн өвөрмөц арга барил, гүн сэтгэлгээг илэрхийлэх 25 бүтээлийг дэлгэжээ.
Ц.Энхмандах нь 1993- 2000 онд бурханч лам Г.Пүрэвбат агсны дэргэд суралцаж, урлахуй ухааны эрдэмд боловсорсон нэгэн юм. Тэрбээр үзэсгэлэнд дэлгэсэн зургуудаа байгалийн шороон болон ургамлын будгаар дагнан туурвисан аж.Түүний бүтээлүүд дүрсний оновчтой сонголт, гүн утга агуулгаараа бусдаас ялгардаг бөгөөд үзэгчдэд нууцлаг ухаарал хайрладгаараа онцлогтой. Зураач дахин давтагдашгүй хэв маягаар дотоод ертөнцөө илэрхийлсэн нь урлаг сонирхогчдын анхаарлыг ихэд татаж буй гэнэ.
“Эргэх цэг” үзэсгэлэнг энэ сарын 30-ныг дуустал толилуулах нь. Эл хугацаанд уран бүтээлч музейд байж, үзэгчид болон урлаг судлаачидтай нээлттэй ярилцахаар төлөвлөжээ.
Э.Сондор