-Халуун усны газруудын 57 хувь нь зориулалтын бус байртай-
Жишээ 1. Би Баянзүрх дүүрэгт амьдардаг. Гэр хорооллын айл өрхөд хамгийн тулгамдсан асуудал нь ус, дулаан шүү дээ. Хэдийгээр амины орон сууцтай ч дулааны шугам сүлжээнд холбогдоогүй тул гэртээ халуун усанд орох боломжгүй. Ус халаагч ашиглан, шүршүүр байрлуулах гэсэн боловч зардал их гарахын зэрэгцээ хашаандаа худаггүй тул асуудалтай юм билээ. Манай гэрийн ойр орчимд халуун ус, сауны газар маш цөөн. Байгаа хэд нь ахуйн ариун цэвэр хангаагүй, их бохир. Үйлчлүүлэгч гарсны дараа цэвэрлэгээгээ шуурхай хийхгүй, хэрэглэсэн углааш нь энд, тэнд хөглөрчихсөн, шал нь шавар шавхайтай.Үйлчлэгчийг нь дуудаж байж цэвэрлүүлдэг. Амралтын өдөр хүн ихтэй байдаг тул өрөөг цэвэрлэсэн болоод орхидог. Сэжиглэсэн ч өөр газар байхгүй учир яалтай билээ. Цэвэрлэгээ, ариутгалаа стандартын дагуу хийж буй, эсэхийг нь хянадаггүй юм шиг байна лээ.
Жишээ 2. Манайх ам бүл тавуулаа. Бид Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд амьдардаг. Долоо хоногтоо 1-2 удаа гэр бүлээрээ халуун усанд очиж ордог. Орчин нөхцөл нь сайнгүй хэрнээ төлбөр нь нэмэгдсэн байна лээ. Урьд нь халуун усанд нэг цаг ороход 6000 төгрөг төлдөг байсан бол одоо 7000 болсон. Наснаасаа хамаараад хүүхэд 3000-7000 төгрөг төлдөг. Нэг удаа усанд ороход л 30 мянган төгрөг гэхээр сард багадаа 100 000 төгрөг зарцуулж байна. Гол нь цэвэрхэн, тохилог, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд үйлчилгээ авдаг бол сэтгэл хангалуун байх сан. Бага насны хүүхэдтэй тул аль болох цэвэрхэн орчин хайдаг ч манай хороонд тийм газар байдаггүй. Ямар сайндаа бага хүүхдээ гэртээ усанд оруулаад, арай томыг нь дагуулаад явах вээ дээ. Халуун усны өрөөний сандал дээр нь нэг удаагийн дэвсгэр хэрэглэдэг. Элдэв өвчин, халдвар авчих вий гэж айх юм.
Нийслэлийн хүн амын 50 хувь нь гэр хороололд амьдарч буй. Харин тэдний хэдэн хувь нь нийтийн халуун усны газраар үйлчлүүлдэг, тэрхүү газрууд ямар хууль тогтоомж, стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг нь ийн бүрхэг. Дээрх хоёр иргэний жишээ бол наад захын асуудал. Үүний цаана эрүүл мэндийн ноцтой асуудал үүсэж мэдэхээр нөхцөл байдалтай байна. Ядаж л усанд нь нянгийн бохирдол байна уу, температур нь таарсан, эсэх, цэвэрлэгээ, ариутгал, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан уу гээд цэгцлэх шаардлага бий.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН, АХМАД НАСТНУУДАД “ХААЛТТАЙ”
Нийслэлд халуун усны 180 газар, 65 саун, 35 бассейн үйл ажиллагаа явуулдаг гэх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өгсөн. Гэхдээ энэ нь ганц байгууллагын судалгааны хүрээнд гаргасан тоо учир үүнээс өөр байхыг үгүйсгэхгүй хэмээн мэргэжилтэн нь тодотгосон юм. Өөрөөр хэлбэл, манай улсад хэчнээн байгууллага энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй, ямар стандарт баримталж байгаа нь тодорхойгүй. Эрүүл мэндийн яамны Орчны эрүүл ахуйн хяналтын асуудал хариуцсан шинжээч, улсын ахлах байцаагч Б.Золбоогийн өгсөн мэдээллээр яамны Салбарын хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрынхан өнгөрсөн онд халуун ус, саун, бассейны газруудад төлөвлөгөөт хяналт, шалгалт хийсэн байна. Шалгалтад халуун усны 21 газар, есөн саун, 18 бассейныг хамруулжээ. Тодруулбал, “Халуун усны үйлчилгээ, ерөнхий шаардлага” буюу MNS 5163:2002, саунд мөрдөх ёстой MNS 5164:2010, “Усан бассейн, чийрэгжүүлэлтийн усан санд тавих ерөнхий шаардлага” MNS 6182:2010 стандартын хэрэгжилтийг хэрхэн хангаж буйг хянаж шалгажээ.
Шалгалтад хамрагдсан халуун усны газрын барилга, байгууламжийн 57 хувь нь зориулалтын бус байр, эсвэл үйлчилгээний шаардлага хангахуйц өрөө тасалгаагаар хангагдаагүй, 61 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хүн, хүүхэд, өндөр настанд зориулсан зам, нэмэлт шүршүүрээр тоноглоогүй байж. Халуун усны газар луу орох зориултын шат, шүршүүр байхгүй тул тийшээ зүглээд ч хэрэггүй. Мөн 61 хувь нь хувцасны тасалгаанд сандал, өлгүүр, хөлийн гишгүүр, хогийн савгүй, 47 хувь нь агаар оруулах, гаргах механик төхөөрөмж болон ердийн салхивчгүй байсан гэнэ. Түүнчлэн дараагийн үйлчлүүлэгч орохоос өмнө халуун усны өрөөнд цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийдэггүй, угаалга, цэвэрлэгээнд хэрэглэж байгаа ариутгалын бодисын нөөц хангалтгүй, тухайн онд хэрэглэхээр бүртгэгдсэн бодисыг сонгон хэрэглээгүй, 71 хувь нь халуун усны газрын усны чанар, аюулгүй байдалд шинжилгээ хийлгэдэггүй, сумын халуун усны таван газрын гурав нь ус нөөцлөх савыг угааж цэвэрлэдэггүй зэрэг ноцтой зөрчил илрүүлсэн байна.
Халуун уснаас гадна саун, бассейн бол иргэдийн наад захын хэрэгцээг хангах ёстой үйл чилгээний газар. Гэтэл мөн л шалгалтад бүдэр чээ. Тухайлбал, шалгалтад хамрагдсан сауны газрын барилга, байгууламжийн цөөнгүй нь зориулалтын бус байртай, өрөө, тасалгаануудад өдөр болгон чийгтэй цэвэрлэгээ, долоо хоног бүр их цэвэрлэгээ хийдэггүй, амралт, иллэг, чийрэгжүүлэлт, хүлээн авахын өрөөнүүдэд агааржуултгүй байжээ. Тэдгээрийн 22 хувь нь ажилчдын хувцас угаах угаалгын өрөөгүй, халдваргүйжүүлэлтийн бодисыг тусад нь хадгалаагүй зөрчил гаргасан аж. Мөн сауны ажилчдын 22 хувь нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй байсан гэнэ. Саун, бассейны газарт иргэд зөвхөн ариун цэврээ сахих бус, биеэ чийрэгжүүлэх, эрүүл мэнддээ анхаарч очдог. Гэтэл шаардлагатай тохиолдолд үйлчлүүлэгчдийн цусны даралтыг хэмжих багаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх эмийн сангүй, сауны өрөө нь дотоод холбоогоор холбогдоогүй зөрчил ихэнхэд нь илэрч.
Бассейны газрууд ч мөн ялгаагүй 44 хувь нь усны дотоод хяналт хийх лабораторигүй, усан дахь үлдэгдэл хлорын тунг тогтмол хянадаггүй гэнэ. Хувцасны шүүгээг эрэгтэй, эмэгтэй үйлч лүүлэгчид зориулан тусдаа байрлуулаагүй, шүршүүрийн тоо нь эрүүл ахуйн нормд зааснаас цөөн байжээ. Хамгийн ноцтой нь, шалгалтад хамруулсан бассейны 69 хувь нь улирал тутам болон бохирдсоны болон усаа бүрэн сольсны дараа хими, нян судлалын шинжилгээнд хамруулдаггүй аж. Багш, дасгалжуулагч нарын 38 хувь нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй зөрчил илэрчээ.
Дүрэм, журамгүй мэт авирлаж, иргэдэд үйл чилгээ үзүүлж буй хэрнээ стандартаа мөрддөггүй, “эзэнгүй” мэт эдгээр газарт хэн хариуцлага тооцох вэ. Эрүүл мэндийн яамны харьяа газрын эрүүл ахуйн байцаагч нар ийм газруудын үйл ажиллагааг бүр зогсоох эрхгүй, түр л гал намжаах арга хэмжээ авдаг байна. Өөрөөр хэлбэл, зөрчил гаргасан байгууллагад алдаа, дутагдлыг нь арилгуулах үүрэг өгсөн гэсэн үг. Дээрх шалгалтаар илэрсэн зөрчилд үндэслэн нэг аж ахуйн нэгж, хоёр иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу 1.2 сая төгрөгөөр л торгожээ. Алдаа дутагдлаа арилгах хугацаатай албан даалгавар өгсөн бөгөөд нийт 728 хүнд эрүүл ахуйн талаар холбогдох стандарт, журмыг таниулан суртал чилж, дотоод хяналтыг хэрэгжүүлэх, халдваргүйтгэлийн бодисыг найруулж хэрэглэх талаар зөвлөмж өгснөөс хэтэрсэнгүй.

ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛСӨН ШИГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭГ НЬ САЙЖРУУЛНА УУ
Энэ мэтээр хяналт, шалгалт уяанаас алдуурч, халдварт өвчин тархах эрсдэл энд, тэндгүй бүрдчихээд байхад дайран дээр давс гэгчээр Ерөнхий сайд Н.Учрал нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөлчхөв. Ингэснээр нийслэлийн халуун ус, сауны газрууд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй буюу хэн хүссэн нь ажиллуулах боломжтой болов. Урьд нь ч энэ төрлийн үйл чилгээ эрхлэгчдийн босго намхан л байсан. Дүүргийн Засаг даргын зөвшөөрөл байхад л болдог байв. Гэтэл одоо бүр албан зөвшөөрөл шаардлагагүй болов. Энэ хэрээр хяналт сулрах эрсдэлтэйг мэргэжилтнүүд хэлж байна. Буух эзэн, буцах хаяггүй болчихоор ариутгал, халдваргүйтгэл бүр мартагдах биз. “Эдийн засгийн сорилттой цаг үед хянаж шалгах гэхээс илүү бизнес эрхлэгчдийг дэмжинэ” хэмээсэн Ерөнхий сайдын санаа зөв байж болох ч хүний эрүүл мэндтэй шууд холбоотой газруудын хяналтыг сулруулж, өөгшүүлж байгаа нь хожим эрсдэл дагуулахыг үгүйсгэхгүй. Хүнсний зах, ресторанаас эхлээд үсчин, гоо сайхан, халуун ус, саун гээд эрүүл ахуй, халдвар хамгааллыг чанад мөрдөх ёстой газрууд эх, захаа алдах нь. Үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжүүдийг торгож, “үүдийг нь барь” гэсэнгүй, харин мөрдөх ёстой стандарт, шаардлагын дагуу ажиллаж буй, эсэхийг хянах, үүнд нийцэхгүй бол үйл ажиллагааг зогсоох нь шударга ёсонд нийцэх бус уу. Түүнээс хууль, дүрэмгүй улс шиг хэн дуртай иргэдийн эрүүл амьдрах эрхэд халдаж болохгүй. Дээр дурдсан Эрүүл мэндийн яамны хяналт, шалгалтаар халуун усны газруудын 81 хувь нь дунд болон их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна билээ. Үүний цаана хэчнээн газар шалгалтын гадна үлдсэнийг хэлэхэд бэрх.
Манайх шиг хуурай уур амьсгалтай, тоосжилт ихтэй улсад стандартад нийцсэн, цэвэрхэн халуун ус, саун, бассейны газар нэн шаардлагатай. Орон сууцад амьдарч буй иргэд халуун ус тасарсан хэд хоногт ямар хэцүү байдаг билээ. Гэтэл гэр хорооллын захад болон орон нутагт амьдарч буй иргэд өдөр бүр ийм асуудалтай нүүр тулж байна. Тэд зориулалтын барилга, байгууламж бүхий эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд үйлчилгээ авах эрхтэй. Үүнийг нь хангаж өгөх нь ч төр засгийн үүрэг.
Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд нийтийн халуун усны газруудад эрүүл ахуйн дүрэм мөрддөг. Тухайлбал, Япон олон нийтийн халуун усны газруудад маш өндөр стандарт тавьдаг бөгөөд усны чанар, ариутгал, температур бүгдийг нь хатуу хянадаг байна. Мөн Өмнөд Солонгост нийтийн халуун усны газрууд түгээмэл. Тэдгээр нь 24 цагаар ажиллаж, тогтмол ариутгал хийдэг аж. Засгийн газраас нь ч эрүүл ахуйн өндөр шаардлага тавьдаг бөгөөд үнэ нь хямд хэрнээ цэвэрхэн байдаг. Харин манайд гэр хорооллолд амьдарч буй нэг иргэнд усанд орохын тулд сардаа багадаа 30 мянган төгрөг зарцуулдаг ч хүссэн үйлчилгээгээ авч чаддаггүй. Цаашлаад стандарт хангасан саунаар үйлчлүүлэх, бассейнд сэлэх нь мөрөөдөл төдий гэхэд хол зөрөхгүй. Эрүүл ахуйн стандартаас гадна аюулгүй байдал бүр орхигдсон. Саяхан Сүхбаатар аймгийн усан бассейнд найман настай хүүхэд эндсэн харамсалтай хэрэг гарсан. “Усанд сэлж суръя” аяны хүрээнд сургалтад хамрагдсан хүү анхны хичээлдээ орох үедээ усанд живж амиа алдсан юм. Ийм байхад эдгээр газрын хяналтыг улам сулруулж, хариуцлагагаас холдуулж буйг юу гэх вэ.