Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан Завхан аймгийн Алдархаан сумд 1929 онд мэндэлжээ. Сумдаа бага сургууль төгссөн тэрбээр хуучнаар Санхүүгийн техникумд элсэн суралцсан байна. Тус сургуулийн оюутан байхдаа буюу 1949 онд 20 настайдаа анхны шүлгээ сонинд нийтлүүлж байсан бол дараа жил нь “Бидний хүсэл” нэртэй анхны шүлгийн түүврээ хэвлүүлсэн аж. 1950-1954 онд “Залуучуудын үнэн” сонинд сурвалжлагчаар ажиллаад 1954 онд хуучнаар ЗХУ-ын Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд элсэн орж, таван жил суралцжээ. Уг сургуулийг төгсөхдөө 1959 онд тэрбээр “Лирика” нэртэй шүлгийн номоо орос хэлээр гаргаж, орос хэлтэй уншигчдын таашаан сонирхдог гадаад яруу найрагчдын нэг болсон гэдэг. Ер нь Оросод утга зохиолын дээд сургууль төгссөн, сурч байх үедээ маш их уншиж, ажиллаж өөрийгөө боловсруулснаар Б.Явуухулангийн уран бүтээл улам чамбайрч, жинхэнэ монгол яруу найраг, олон арванд дамжин дуурсагдах онцгой сод, уянгын бүтээлүүдээ туурвиж эхэлсэн гэж үздэг.
Тэрбээр 53 наслахдаа маш олон шүлэг, дууны үг бичиж үлдээсэн. Эдгээрт нь социализмын үеийн үзэл суртлын өнгө аяс зонхилсон, нам болон хөдөлмөрчин олон, Москва хот зэргийг магтан дуулсан олон шүлэг бий. Нөгөөтээгүүр, монголчуудын сэтгэл зүрхэнд үүрд үлдсэн “Би чамд хайртай”, “Хар ус нуурын шагшуурга”, “Мөнгөн хазаарын чимээ”, “Тэхийн зогсоол”, “Туулын урсгал шөнөдөө сайхан”, “Би хаана төрөө вэ” зэрэг утга уянгын оргил болсон сод бүтээл ч олон. Ингээд Б.Явуухулангийн нэрийн хуудас болсон зарим шүлгээс толилуулъя.
Би хаана төрөө вэ
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
Цан хүүрэг савсаж уулс ороох оргилд
Цасан ширхэг царцаж мөс болох халилд
Царгиа хүйтэн өвөл сарлагийн бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
Орог саарал зэрэглээ хавар сүүмэлзэх хөндийд
Орсон буурын шүд өвөл хангинах хоолойд
Үлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалсан
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би
Мөнгөн сарны сүүдэр толиорон хөвөх долгионд
Миний өвөг дээдсийн морин туурайд наалдсан
Хүний нутгийн шороог ариун усаараа угаасан
Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би
Үнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
Үүр шөнийн завсар шүүдэр буух навчинд
Үрэл усан шүүдэрт нь одод гялалзах дэлбээнд
Үхэлгүй мөнхийн бэлгэдэл цагаан уул цэцгэнд
Үнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би
Зүүдэлгүй цагаан өрхний хоймсож томсон оосорт
Зүрхэн улаан галтай ган тулганы тотгонд
Зуун түмэн үед монгол хүний идээшсэн
Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би
Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
Сормосон дундаа талимаарах алаг нүдний мэлмэрээнд
Саалийн үнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд
Санан санан уярах цэвэр ичимтгий аашинд
Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
Тэлмэн жороо морины шанхны үзүүрийн чичиргээнд
Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээ гаргаж үзээгүй
Тэнэгэр говийн сүрэг онгон хулангийн нуруунд
Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэхэн төрлөө би
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд
Ариун агаарт шүхэрлэх мөндрийн цагаан ширхэгт
Алтан талд татах солонгын долоон өнгөнд
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
Цээлхэн дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө би
Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархдад
Цээл сайхан дуутай уртын дууны аянд
Цэнгэх зовох хосолсон хүний хувь заяанд
Цээлхэн дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө би
Авхаалжит хүний биеийг эзэгнэнхэн төрлөө би
Амь нэгтэй олныхоо Монголоо гэсэн сэтгэлд
Үүрийн таван жингээр хүдэр нэхэн улалзах
Үйлдвэрийн өндөр яндагийн хилэн улаан галд
Авхаалжит хүний биеийг эзэгнэнхэн төрлөө би
Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би
Хөх Монгол алдаршсаны үе дамжсан домогт
Хүчирхэг дээдсийн нутагт мандсан хувьсгалын дөлөнд
Хөрст алтан дэлхийн үрчлээт магнай болсон
Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би
Хар ус нуурын шагшуурга
Хар ус нуурын шагшуурга
Намрын салхинд исгэрнэ
Харахад нэг л уйтгартай
Намс намс бөхөлзөнө
Нүдэнд торойх бараагүй
Нуурын ус цэнхэртэнэ
Нүцгэн уулс чимээгүй
Өнгөн дээр нь сүүдэртэнэ
Хээлэн үлээх салхи нь
Нимгэн мандлыг нь бидэрлэнэ
Зөөлөн исгэрэх шагшуурга
Хөнгөн уйтгар төрүүлнэ
Намрын сэрүүн унахлаар
Нуурууд ийм л байдаг уу?
Хотон шувуудаа нүүчихлээр
Хатан хар ус уйдаа юу?
Туулын шугуй
Туулайн гүйдэл шиг салхинд
Туулын шугуй найгана
Уулын согоо шиг хүүхэнд
Хайрын сэтгэл дасна
Хээрийн салхинд Туул минь
Тахийн зоо шиг бэдэрлэнэ
Хайрын хүчинд сэтгэл минь
Тэнгэрийн заадас шиг гэрэлтэнэ
Гүнзгий амьсгаа авмаар
Тал шиг бүсгүй юм чи
Гүнд нь хангинах дууны
Эгшиг нь миний сэтгэл юм
Мөнгөн аяга шиг гараас чинь
Туулын уснаас амсах юм сан
Мөнхийн усыг уусан юм шиг
Танхил чамтай амьдрах юм сан
Туулын урсгал шөнөдөө сайхан
Туулын урсгал шөнөдөө сайхан
Туулын урсгал шөнөдөө сайхан сан
Торгон долгио хаялан мяралздаг сан
Хоёр ангир дандаа л хөвдөг сөн
Холын анир авангаа л дуугардаг сан.
Урсгалд нь умбагч сарыг ажин
Усанд нь хөвөгч оддыг тоолон
Бүүр түүрхэн тохиолдлоо дурсан
Үүр цайлгах би дуртай сан
Шившин шивнэх залуу навчис
Шөнийн дуу над аялдагсан
Сөөг моддынх нь нэгийг түшин
Шөнөжин сууж би сонсдог сон
Хүсэл
Оломгүй хөх далай болох минь ч яалаа даа
Олдошгүй сайхан амрагаа мөнгөн хун болгоод
Оюу цэнхэр мандалд нь умбуулж шумбуулж хөвүүлэх сэн
Оломгүй хөх далай болох минь ч яалаа даа
Цэлмэг үдшийн тэнгэх болох минь ч яалаа даа
Чин сэтгэлийн амрагаа би тэргэл саран болгоод
Цэнхэн номин уудамдаа цэнгүүлж жаргуулж баярлах сан
Цэлмэг үдшийн тэнгэр болох минь ч яалаа даа
Оосоргүй цагаан гэр болох минь ч яалаа даа
Онгон зүрхний амрагаа би ган тулга болгоод
Оломгүй дурлалын гал ноцоож дөлөнд нь дулаацах сан
Оосоргүй цагаан гэр болох минь ч яалаа даа
Үлэмжийн сайхан хорвоод
Үлэмжийн сайхан хорвоод тээж төрүүлсэн ээжийгээ
Үсэн буурал болох бүр үе үе санах юм
Үүрийн цагаан гэгээтэй урьтан золгох энгэрт
Үүрд нойрссон шарилыг нь байн байн эргэх юм
Ингэн хавтгайн сүүгээр цай сүлж уулгасан биш
Ээжийнхээ ачийг би юугаар хариулсан гэх вэ дээ
Эмийн цэцэгсийн шүүдрээр дарс нэрж дайлсан биш
Эх үрсийн өрийг би юугаар төлсөн гэх вэ дээ
Тэхийн зогсоол
Тээр жилийн тэр нэгэн өвлийн
Өнтэйг яана
Тэхийн зогсоол гэдэг тэр оргилын
Өндрийг яана
Хүрэн уулсын буйд мухар
Хүүш нэртэй
Хүрэхэд хол ч өвөлжихөд нөмөр
Хөх бууцтай.
Хүрэн уулсыг халуун намраар
Аав минь зорив
Хүүшийн өвөлжөөнд гурван гэрээр айл өвөлжив
Өвөлжөөг хүрээлсэн уулсын оргил
Бүгд өндөр
Өндрийн дундаас
Тэхийн зогсоол бүр ч өндөр
Өвөлжөөнд буугаад аав, хэсэг зуур ан хийв
Өвөлд бэлдээд айлууд, хэсэг зуур ажил хийв.
Өнтэй жилийн тэр нэгэн өвлийн
Дулаахныг хэлэх үү
Өвс цас тэгшхэн ууланд өвөлжихийн
Тухтайг хэлэх үү
Говийн ууланд жам ёсоороо
Хавар ирэв
Гол бараадаж гурван гэрээрээ
Нүүх болов.
Нэгэн өглөө аав минь намайгаа
Гаднаас дуудав
Нэг нүдний сунадаг дурангаа
Гарт бариулав.
Тэхийн зогсоол дээр юу байна вэ
Сайн хар гэв
Тэгж хэлснийхээ жаахан хойно
Санаа алдав.
Yзүүр нь гурвалжин, үүлэнд шүргэх
Оргил харагдав
Yүрээ манан өндөрт эргэх
Бүргэд харагдав.
Дэргэдэх оргил нь илээд авахаар
Ойрхон байв
Дээрх тэнгэр нь нүдэнд торохоор
Yүлгүй байв”
Тэхийн зогсоол дээр хараагаа тогтоо гэж
Аав минь хэлэв
Тэрүүн дээр нэг амьтан бий, ол доо гэж
Ахин хэлэв.
Өвөлжин харагдаж нүдэнд дассан
Оргил үзэгдэв
Орой дээр нь эвэр нь сэрийсэн
Янгир харагдав.
Хангайн сайхан амьтныг үзээд
Би баясав
Харлаг тэх зогсож байна гээд
Бараг хашхирав.
Аав минь дуугүй, тамхиа сорсоор
Гэртээ оров
Айлын хүмүүс янгирын сургаар
Манайд цуглав.
Цайгаа ч уухгүй аав минь тэгээд
Хэсэг суув
Цаанаа л гунигтай хоолой засаад, ингэж ярив
Мөнгөн оройт уулсын хишгийг
Их хүртлээ
Мөнхийн зогсоолдоо зогссон янгирыг
Анх үзлээ.
Ямаан усанд ноднин байсан
Тэх мөн байна
Яах аргагүй зогсоолдоо зогссон
Тэх мөн байна.
Төрсний эцэст үхнэ ээ гэдэг
Амьтны ёс оо
Төрсөн нутгаа орхиноо гэдэг
Амаргүй даваа
Янгир өтлөхөөрөө эврээ даахаа
Больдог юм гэнэ лээ
Янгирын сүргээ гүйцэж чадахаа
Байдаг юм гэнэлээ.
Эхээс төрсөн ууландаа эргэж
Ирдэг юм гэнэ лээ
Эхээс унасан газраа олж
Хэвтдэг юм гэнэ лээ
Насныхаа эцэст оргил өөд мацаж
Гардаг юм гэнэ лээ
Нартад түүнийг нь
Тэхийн зогсоол гэж
Нэрлэдэг юм гэнэ лээ.
Өндөр оргил дээр олон хоног
Зогсдог юм гэнэ лээ
Өнгөрүүлсэн амьдралаа эргэж нэг
Хардаг юм гэнэ лээ.
Умдаалдаг ариухан усаа үзэж нэг
Баярладаг юм гэнэ лээ
Идээлдэг сайхан бэлчээрээ харж нэг
Баясдаг юм гэнэ лээ.
Ижил олон сүргээ эцсийн удаа
Yздэг юм гэнэ лээ
Эх болсон нутгаа сүүлчийн удаа
Хардаг юм гэнэ лээ
Өндөр оргилоос эвэр нь дийлээд
Хальдаг юм гэнэ лээ
Өнгөт орчлонгоос нэг нь тэгээд
Дутдаг юм гэнэ лээ
Аавын яриаг хүн бүхэн
Дуугүй чагнав
Айлын эмээ янгирыг өрөвдөн
Нулимс унагав
Тэрнээс хойш аав минь нэг л
Зовиуртай болов
Тэр өвөлжөөнөөс хэсэгтээ нэг л
Нүүхээ байв
Гурван гэрийн хонины ээлж
Дороо эргэнэ
Гуравхан хоногт манай ээлж
Эргээд ирнэ
Өндөр өөд хонио бүү бэлчээ гэж
Аав минь захина
Өглөө болгон л гаднаа сууж
Оргил дурандана
Хүүшийн өвөлжөөнд чандмалж буусан
Гурван айл
Хүмүүсийн харааг өөртөө татсан
Гурвалжин оргил
Цэнхэр тэнгэрт эвэр нь сэрийсэн
Харлаг тэх
Чанх дээр нь өдөржин эргэсэн
Хүрэн бүргэд
Ийм л зураг олон хоногоор
Аавд минь харагдав
Энэ л зураг олон хоногоор
Өвөлжөөнд суулгав.
Нэгэн өглөө оргилыг дурандаад
Аав орж ирэв
Нэг харах нь ээ баяртай мишээгээд
Цайгаа ууж суув.
Яг л ёсоороо хальж дээ хөөрхий гэж
Аав минь ярив
Яамай даа яамай, хөөрхий минь гэж
Ижий өрөвдөв.
Маргааш өглөө нь гурван гэр маань
Эрт ачаалав
Манарсан бууцнаас хүн, мал маань
Зэрэг хөдлөв.
Тэхийн зогсоол оргилыг аав минь нэг
Эргэж харав
Төрсөн нутаг минь гэж эцэг минь нэг
Өөртөө хэлэв.
Тээр жилийн тэр нэгэн өвлийн
Уртыг яана
Тэхийн зогсоол гэдэг тэр оргилын
Өндрийг яана