Монголын баритон дуучин Энхболдын Анхбаяр нь Моцарт, Верди, Пуччини, Бизе, Чайковский, Жордано зэрэг нэрт хөгжмийн зохиолчийн дууриудад гол дүрүүд бүтээж, Европ, Ази, АНУ-д тоглосон туршлагатай. Ийм бахархам өгүүлбэрээр эхэлдэг намтрыг Италийн “Punto opera аgency” дэлхийн томоохон театрууд руу илгээн, өөрийн дуучнаа сурталчилдаг байна. Л.Линховойны нэрэмжит 10 дахь уралдааны Гранпри, “Шилдэг хоолой”, Римский Корсаковын нэрэмжит 11 дэх олон улсын уралдааны Дуурь болон Романсын төрөлд тэргүүн байр, М.Глинкийн нэрэмжит 24 дэх олон улсын дуурийн дуучдын уралдааны дэд, Чайковскийн нэрэмжит XVI уралдааны дөрөвдүгээр байр эзэлсний зэрэгцээ 2021 онд “Cardiff Singer of the World”-ын хагас шигшээд шалгарсан Э.Анхбаяр “Punto opera аgency”-д харьяалагдан ажиллаад хоёр жил болж буй.
Дуурийн эх орон Италийн Arena di verona, Teatro coccia di Savona, Teatro municipale Piacenza, Royаl opera house of Muscat, Tra-pani, Placenza театрын тайзнаа монгол хүний хоолой нүргэлж, “Макбет”, “Травиата”, “Трубадур”, “Аида”, “Набуко”, “Турандот”, “Риголетто” зэрэг дэлхийн сонгодог бүтээлийг монгол хархүү амилуулдаг гэхээр эрхгүй бахархал төрөх. Өөрөө түүх бүтээгээд зогсохгүй, бусдадаа тийм боломж, гарц нээж өгөхийг чин сэтгэлээсээ хүсдэг Э.Анхбаяр дуучинтай ярилцлаа.
-Дөрөвдүгээр сарын 25-нд УДБЭТ-ын тайзнаа толилуулсан “Макбет” дуурьт та урилгаар тоглосон. Үзэгчид маш өндөр сэтгэгдэлтэй байна лээ. Хэдий хугацааны дараа дуурийнхаа энэ тайзнаа гарч байгаа билээ?
-Сүүлд улсынхаа төв театрын тайзан дээр дуулснаас хойш 10 жил өнгөрсөн байна. “Макбет” дуурьт тоглоход үзэгчид таатай сайхан хүлээж авсанд баяртай байгаа. Театрынхантайгаа дахин хамтарч ажиллах үнэхээр сайхан байлаа гэдгээ энэ ташрамд хэлье. Би 2016 онд театраасаа гараад, Улсын филармонид хэсэг ажилласан. Тэгээд гадагшаа гарч дуулах хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр бэлдэж эхэлсэн дээ.
-Одоо хүсэл мөрөөдлөө биелүүлж. Италид ажлынх нь хуваарь ямар байдаг вэ?
-Энд хүрэх зам амар байгаагүй ээ. Зөвхөн дуулах биш, уйгагүй хичээл зүтгэл байгаад ч хангалтгүй юм билээ. Олон улсын тавцанд гарахад хөрөнгө санхүүгээс эхлээд олон талын бэлтгэл шаардлагатайг ойлгосон. “Аан, ингэдэг юм байна шдээ” гэж өөрөө учраа олтлоо багагүй саад бэрхшээл туулсны үр дүнд 2024 оноос агенттайгаа гэрээлж, театруудаар тоглож эхэлсэн. Миний хувьд дөнгөж л эхлэл гэж харж байгаа. Энэ жилийн хувьд зургаадугаар сараас Savona, Trapani, долоодугаар сараас Arena di verona, есдүгээр сард Royаl opera house of Muscat, аравдугаар сард Piacenza, арваннэгдүгээр сард Моdena-гийн театрт тоглоно. Ирэх жилээс Ла Скала театрт дуулах хуваарь гарсан байгаа.

-Ажиллах зарчим нь ямар байна вэ. Манайх шиг мундаг дуучид нь ганц театрт харьяалагдаад, өөр санхүүгийн эх үүсвэргүй, төсвийн цалингаар амьдардаггүй биз?
-Эрс ялгаатай юм билээ. Олон улсад агентын зарчмаар явдаг нь их авууштай санагддаг. Тухайн агент гэрээт дуучин буюу “бараа”-гаа зах зээлд хэрхэн борлуулах, яаж үнийг нь өсгөх, яавал илүү олон хүнд хүргэх гээд бүх юмаа хариуцаж шийднэ. “Манайд ийм дуучин байна” гээд санал болгоно, шинэ дуучдыг бол театрууд сонсож байж шийдвэрээ гаргана, олонд танигдсан нэгнийг нь шууд дуулуулах боломжтой.
-Олон улсын зах зээлийн жишиг, театруудын менежментийг харж байхад “Манайхан энэ талаас нь суралцаасай” гэж хардаг зүйлүүд юу байна вэ?
-Сонгодог урлагийн театр байгуулагдаад 60 гаруй жилийн нүүр үзэж байгаа манайхыг Италитай харьцуулах аргагүй. Энэ хугацаанд монголчууд бид боломжийнхоо хэрээр хөгжөөд явж ирсэн. Гэхдээ мэдээж өөрчилж, сайжруулмаар зүйлүүд бий. Тэр болгоныг тухай тухайн үед нь шийдээд явах боломж алга л даа.
-Төсвөөс хамааралтай санхүүгийн талаар та хэлж байна уу?
-Тийм. Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал сонгодог урлагийн театраа өөд татах, үйл ажиллагааг нь зах зээлийн зарчмаар явуулах, менежментийг нь сайжруулах асуудалд анхаарах сөхөөгүй хэвээр байна. Нөгөө талдаа сонгодог урлагийг сонирхох, ойлгож хүлээж авах үзэгчдийн хандлага төдий л сайн нэмэгдээгүй байх шиг.
-Сүүлийн үед сонгодог урлагийн ганц театр маань тулга тойрсон хэрүүлийн ордон болсон. Юунаас болоод ийм байдалд орчхов гэдгийг салбарынхан байтугай, үзэгчид ч гайхаж байна.
-Би яг дотор нь ажиллахгүй байгаа учраас сайн мэдэхгүй. Гэхдээ гадна талаас нь харж байгаа хүний хувьд хэлэхэд, манай театр шинэчлэгдэх цаг нь болсон. Барилга байшингаа ч, менежментээ ч тэр. 21 дүгээр зуунд үйл ажиллагаа явуулж байгаа сонгодог урлагийн театр шүү дээ. Хамгийн түрүүнд үзэгчдэд гоо зүйн таашаал өгөх ёстой. Үүдээр ороод ирэхэд хана, шал нь ямар байгаа билээ. Ард ажилтнуудын өрөө маань ямар байгаа билээ гээд ярихаар санхүү, төсөв мөнгөтэй холбоотой болчихно. Үүнээс наана шийдэж болохоор зүйл гэвэл дотоод зохион байгуулалтын хувьд бүтцээ зөв зурж, удирдлагыг цомхон, уран бүтээлчдийг байвал зохих түвшинд нь хүртэл нэмэх бодлого хэрэгтэй. Жишээ нь, өнөөдөр манай оркестрын бүрэлдэхүүний тоо нэлээд дутуу байна. Би саяхан нэг ярилцлага уншсан чинь “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлын сарын цалин 35 сая төгрөгөөс эхэлдэг гэнэ. Хажуугийнх нь газар, хэлтсийн дарга нарынх 3000-4000 мянган ам.доллар юм байна. Гэтэл манай дуурийн театрынхан “төрийн үйлчилгээ” гэсэн ангиллаар хамгийн бага цалин авдаг. Сарын 1.3-1.6 сая төгрөгийн цалинтай байхад театрт сайн хүн тогтож үлдэхгүй нь ойлгомжтой. Тиймээс нэн түрүүнд дуурийн театраа төрийн үйлчилгээний статусаас нь салгаад, тусад нь Ерөнхийлөгчийн ивээлд авах ч юм уу, өөр зохицуулалтаар шийдэх шаардлагатай гэж би хувьдаа боддог. Сонгодог урлагийн театрууд нь төрийн болон Эзэн хааныхаа ивээлд байдаг олон улсын жишиг түгээмэл. Эсвэл улс орны эдийн засаг сайжраад, сонгодог урлагаа анхаардаг болохыг хүлээх гэсэн ийм л хоёр сонголт байна.
-“Ягаан театр”-т ажилладаг уран бүтээлчид байгаа бүхий л нөөц боломжоо дайчлан дэлхийн сонгодог бүтээлүүдийг амилуулсаар байна. Уран бүтээлчдийн ур чадвар гэдэг зүйл театрын стандарт, орчин нөхцөл, удирдлага ямар байхаас хамаардаг болов уу?
-Дуучид, бүжигчид, хөгжимчид, уран бүтээлчдийн ур чадвар, мэргэжлийн чансаа гэдэг бол зөвхөн өөрийн хичээл зүтгэлтэй шууд холбоотой гэж би боддог. Театрын стандарт, орчин нөхцөл гэдэг тусдаа асуудал. 1963 онд манай театрын барилга анх ашиглалтад орсон үедээ бол үнэхээр л “ариун сүм” байсан байж таарна. Харин өнөөгийн нөхцөлд бол гаднын жижиг хотын соёлын ордны хэмжээнд хүрэх үү, үгүй юү гэдэг эргэлзээтэй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа театрын барилгыг шинэчлэх асуудлыг хөндөхөд уран бүтээлчид ч, нийгмийн сүлжээгээр ч баахан шүүмжлээд болиулсан. Тэр үед зэрэг ярьж байсан Чингис хааны музей өнөөдөр ашиглалтад орчихсон л байна шүү дээ. Түүх, соёлын дурсгалт барилга гэдэг нь чухал ч үнэхээр энэ байгууламж маань 300-400 жил оршин тогтнох боломжтой бил үү гэдгээ нягталж, мэргэжлийнхэн нь аливаа асуудалд ул суурьтай хандаасай гэж боддог. Нийгмийн сүлжээгээр бүгд хуйлраад л байвал юу ч шийдэгдэхгүй.
Өнөөгийн нөхцөлд сайн менежер ирээд театрыг сэвхийтэл аваад яваасай гэвч нөгөө л хууль тогтоомж, яам, тамгын газарт очоод бүх зүйл зөрчилдөөд, гацдаг. “Манайхны хөгжмийн дуугаралт яагаад нэг л өнгөгүй байгаад байна аа” гээд асуухаар “Үнэндээ л манайх хөгжимчдийнхөө утсыг солих мөнгөгүй байна. Балетчидынхаа каскиг ч шаардлагатай үед нь шинэчилж өгч чадахгүй байна” гэхийг сонсоод уран бүтээлчдээ хайрлаж, өмрөх сэтгэл төрсөн. Бид үнэхээр хэцүү цаг үед энэ мэргэжлийг эзэмшиж дээ л гэж боддог. Гэхдээ хэцүү цаг үед төрсөн гээд гутарч, хойш суулгүй, урагшаа хараад өшөө л дайраад байх хэрэгтэй. Би өөрөө үүнийг амьдралаараа ойлгож, мэдэрсэн. Эхэндээ би тийм ч сайн дуулдаг байгаагүй шүү дээ. Нэг хувийн авьяас байхад 99 хувийн хөдөлмөрөөр зүлгэж өнгөлж чадвал амжилтад хүрдгийг харж байна.

-Та бол Монголын Соёлын элч. Соёлын элч нарын үүрэг хариуцлага ямар байдаг юм бэ?
-Монголынхоо түүх, соёл, уламжлалыг олон улсад түгээн дэлгэрүүлэх үүднээс сайн дураараа Соёлын элч нар маань ажилладаг. Санхүү төсөвгүй учраас тэр бүр өргөн хүрээтэй ажил, арга хэмжээ хийгээд байж чаддаггүй. Гэхдээ чин сэтгэлээрээ сайн ажилладаг хүмүүс бий. Огт ажил хийдэггүй хүмүүс ч байдгийг анзаарсан. Уран бүтээлч бидний хувьд бол олон улсын тайзан дээр гараад “Монголиа” гээд зарлуулахад “Өө, Монголд чинь бас ийм дуучид байдаг юм байна” гээд таниулдаг. “Соёлын элч гэдэг хүн ийм үүрэг хариуцлагатай, ийм зорилготой шүү” гэдгийг нь тодорхой болгоод өгвөл хүмүүс ажиллах байх. Хийсэн ч, хийгээгүй ч ялгаагүй учраас хүмүүс ялгавартай ханддаг болов уу. Эхэндээ уг нь Соёлын элч нар маань нэлээд идэвхтэй, нэр хүндтэй ч байлаа.
-Э.Амартүвшин, Г.Ариунбаатар, Э.Анхбаяр, Ч.Бадрал гээд Монголын дуучид дэлхийн тайзнаа дуулж байна. “Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол Аяа бусдадаа ч тэр хаалгыг нээж өг” гэсэн О.Дашбалбар агсны шүлэг бий. Та бүхэн маань дараа дараагийн залуустаа жим гаргаж өгөх тал дээр хэр санаачилгатай ажиллаж байна вэ?
-Миний хамгийн их бодож, зорьж, хичээж байдаг зүйл ерөөсөө л энэ. Сошиал хаягаараа ч би үүнийгээ илэрхийлдэг. Үнэнийг хэлэхэд, өмнөх дуучид маань энэ талаар огт дуугараагүй шүү. Ингээд ярихаар нэгнээ муулсан болох байх.
-Гэхдээ үнэн юмыг үнэнээр нь хэлэх зориг хэрэгтэй.
-Би нэлээд шударга хүн. Хүнийг сайн байна гээд наалдаад байдаггүй. Муу байна гээд гоочлоод явдаггүй. Үнэн юмыг нь ил хэлчихдэг. Олон улсын зах зээлд гарахад ингэдэг, тэгдэг юм байна гэдгийг тэр хүн сайн мэдэж байгаа хэрнээ бусдадаа дуулгаагүй. Ганц үг ганхийгээгүй. Ямар учир шалтгаантайг нь бол мэдэхгүй. Миний хувьд дөнгөж гэрээгээ хийж эхлээд л Монголдоо ирэхдээ найзууддаа, хамт олондоо хэлсэн. Тэгэхгүй бол энэ чинь бидэнд их хаалттай сэдэв байсан байхгүй юү. Яаж гадагшаа гардаг юм бол, италичуудтай хэрхэн холбогдох вэ гэдгийг манайхан үнэхээр мэдэхгүй байсан. 10 гаруйхан жилийн өмнө манайхан зөвхөн Москва, Улаан-Үд гэдэг мөрөөдөлтэй л байлаа. Түрүүлж гарсан хүмүүс нь эртхэн дуулгаж, мэдэгдсэн бол илүү олон дуучин олон улсад хөл тавих боломжтой байв.
-Мөс зүсэж явсан Э.Амартүвшин...
-Амараа үнэхээр мөс зүсэж явсан учраас эргэж харах сөхөөгүй байсан байж мэднэ. Жаахан ч алдаа гаргах эрхгүй, асар их хариуцлага үүрч явдаг учраас хэцүү. Ямар ч байсан бид өнөөдөр дэлхийд гараад дуулж эхэлснээр Монголын сонгодог урлагийн хөгжилд ямар өөрчлөлт, ололт амжилт авчирсан бэ гэдэг нь 50, 100 жилийн дараа харагдана. Одоохондоо бид цалингаа аваад, зөвхөн өөрийнхөө, гэр бүлийнхээ төлөө яваа юм шиг харагдаж болох ч тийм биш. Жишээ нь, би Дагвадоржийгоо Италид дуурийн дуулаачдын тэмцээнд оролцохоор ирэхэд нь агентынхантайгаа уулзуулж, эхний яриа хэлэлцээгээ тохироод, гэрээ хийхээр болсон. Одоо Дагвадорж манайд харьяалагддаг. Манай Бадрал бас энэ тал дээр нээлттэй, элэгтэй ханддаг дуучин. Ерөөс уран бүтээлч хүн өөрөөсөө давж сэтгэж, “Энэ нас богинохон, хүний амьдрал хэмжээ хязгаартай” гэдгийг ойлгож, ирээдүй хойчийнхоо төлөө заавал юм хийх хэрэгтэй. Би одоо ч театрынхаа залууст өөрийн хэмжээнд мэдсэн, сурсан юмнуудаа хэлж л байна. 50, 100 жилийн дараа монгол дуучид Италид ярайтал жагсаад дуулж байвал мөн сайхан аа.
-Бурхнаас заяасан авьяасыг бусдын төлөө зориулах нь нэг талаасаа бас үүрэг биз?
-Тийм. Гэхдээ авьяас гэдэг нэг л тал нь. Өөрийн хичээл зүтгэл, эрэлхийлэл, хандлага маш чухал. Италид очсон болгон амжилт үзүүлж бас чадахгүй байна. Тийшээ гарсан бүхэн гэрээ хийчихнэ гэсэн үг биш.
-Тив, дэлхийн шилдгүүд зорьж очдог газарт мянганы манлайд нь хэрхэн гарах вэ гэдэг нээрээ л өөр юм байдаг болов уу?
-Найман тэрбум хүний дотор дуулдаг нь хэд байх уу. Үнэхээр онцгой дуулдаг нь байгаад тийш зорьж очлоо гэхэд нэр хүндийн оргилд гарах нөхцөл боломж нь гараа ч уу, үгүй ч үү. Би тэнд нэг чухал зүйлийг анзаарсан. Тэр бол санхүүгийн боломж. Хэчнээн авьяастай дуучин байлаа гээд наад захын амьдрах зардал, мэргэжилтнүүдээс сургалт авах, бэлтгэл, сургуулилалт гэхчлэн санхүүгийн асуудлаа шийдэхгүй бол амжилт, алдар нэр олох ямар ч боломжгүй. Хатуу боловч үнэн нь энэ. Италид нэг сар өрөө түрээслэхэд дор хаяж 10 сая төгрөг, цагийн 100 еврогийн төлбөртэй сургалт авна, төгөлдөр хуурчдаа дахиад 50 евро өгнө. Дээрээс нь идэж уух, ирж, очих нислэгийн тийз гээд үзэхэд хоёрхон сарын хугацаанд 40-50 сая төгрөг шаардлагатай. Агенттай гэрээлэх хүртлээ дор хаяж хоёр жил ийм маягаар явна гэхээр чанга байгаа биз дээ. Энэ хэмжээний зардлыг хувь хүн өөрөө гаргах боломжтой нь Монголд хэд билээ. Дөнгөж эхэлж байгаа хүмүүст даван туулахад бас л үнэхээр хүнд зам шүү. Тэгэхээр илүү олон хүнээ дэлхийн тавцанд гаргая гэвэл төр бодлогоор анхаарахаас өөр замгүй. Өнөөгийн энэ байдлаас харахад Монгол Улсад дуурь, сонгодог урлаг хэрэгтэй, үгүйг ойлгохгүй, мэдэхгүй, анхаарахгүй ийм хүмүүс л улс төрд ороод, бодлого тодорхойлж байна шүү дээ.
-Энэ байшинд ажилладаг хүмүүс юу хийдэг тухай сонирхохгүй улс төрчид төр бариад байхаар доошоо бүр харанхуй болдог юм уу. Сүүлийн жилүүдэд сонгодог урлагийн театрыг зорих үзэгчид буурсан санагддаг.
-Би ч бас тэгж анзаарсан. 10 жилийн өмнө арай дээр байсан санагддаг. Бид оюутан байхдаа “хулгайгаар” ч хамаагүй үзэх гээд ирэхээр доод суудлууд битүү үзэгчтэй, дээгүүр ар хавиар л олддог байсан. Одоо бол ложаны тасалбар ч бүрэн зарагдахаа болиод байгаа юм билээ. Энэ нь нэг талаас манай театрын сурталчилгаа, маркетингийн үйл ажиллагаа 21 дүгээр зууны үзэгчдийн эрэлт хэрэгцээ, технологийн дэвшилтэй хөл нийлүүлэхгүй хоцорч буйтай холбоотой байж болно. Гэхдээ энэ бол Монголын өнөөгийн нийгмийн бодит дүр төрх гэж би хардаг. Нийгмийн сэтгэл зүй, ёс зүйн хандлага нэг л буруу тийшээ яваад байна. Нийтээрээ уруудах болсон. Сонгодог урлагийг сонирхох, ойлгох, тэндээс таашаал авах гэхээс илүү сошиал орчинд ихэнх цагаа зарцуулж байна. Нийгмийн сүлжээ рүү ороод харахаар нэг бол өвдсөн, зовсон хүмүүсийн хандив, гуйлга, эсвэл улс төрийн эх адаггүй хэрүүл, эс бөгөөс ямар ч сэдвээр хамаагүй лайв хийдэг нэг хэсэг хүн, нөгөө талд нь инфлүүнсерүүд гэсэн өөр нэг бүлэг байна.

-Соёлын сайдтай болоод ч сонгодог урлагийн салбар өөдөлсөнгүй. Дэлхийд монгол дуучид гайхуулж, сайхан мэдээгээр ар араасаа сонор мялааж асан та нарын үеийнх шиг лав байхаа больсон. Сонгодог урлагийн үзэгчдийг төрийн бодлогоор хэрхэн бэлтгэдэг юм байна?
-Сонгодог урлаг бол анхны үүсэл гарлаасаа эхлээд язгууртнууд, нийгмийн дунджаас дээгүүр түвшнийхэнд зориулагдсан зүйл. Амьдралын талх биш, дарс нь ч гэгддэг. Өнөөдрийн хоол, маргаашийн зээлээ яая гэж байгаа хүмүүсийг сонгодог урлаг үзэхгүй байна, сонирхсонгүй гэх хэцүү. Италид лав хүүхэд, өсвөр үеийнхэн, залуусаа маш олноор нь дуурь үзүүлдэг юм билээ. Тэдэнд зориулаад сонгодог бүтээлүүдийн сонирхолтой хэсгүүдийг хэсэгчлээд тоглож үзүүлдэг. Мэдээж аль ч нийгэмд дундаж давхаргынхаа тоог нэмэх нь төр, засгийн үүрэг учраас улс төрчид ажлаа сайн хиймээр байна. Н.Жанцанноров гуай нэг хэлсэн байдаг даа. “Соёл гэгээрүүлэх ажлыг соёл урлагийнхан бид яаж хийх вэ” гэж.
Парламент, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд бодлогоо тодорхой гаргаад, нийгмийнхээ соён гэгээрэлд хэрэгтэй салбарт тогтвортой анхаармаар санагддаг. Гэтэл Соёлын яам гаднын инфлүүнсерүүдийг хэдэн сая ам.доллароор авчраад байдаг хэрнээ манай дуурийн дуучид гадаадын томоохон тэмцээнд орох гээд зардал мөнгөний дэмжлэг хүсээд орохоор дандаа л “Яам мөнгөгүй” гэдэг. Манайхны хүсдэг зардал дунджаар 100 мянган ам.доллар шүү дээ. Нэг хүнд тийм зардал өгөхгүй гэвэл урлагийнхнаа хэрхэн дэмжих тал дээр тогтвортой ажиллах тогтолцоог нь бүрдүүлэх хэрэгтэй. Хуучин Соёл урлагийг дэмжих сан гэж байсан ч манай төрийн албаныхан өөрсдөө хулгай хийх нь их. Яаж ийгээд л хулгай хийгээд байдаг (инээв). Мөнгөөр дэмжиж чадахгүй байгаа бол өөр ямар хэлбэрүүд байх боломжтойг эрэлхийлж болно оо доо. Уралдаанд ороод ирснийх нь дараа наадмын нээлт, хаалт гэх төрийн томоохон арга хэмжээнд дуулуулахаар гэрээлдэг ч юм уу. Англид бол шинэ гарч ирж байгаа чадварлаг, сайн дуучиндаа Соёлын яамнаас нь 5000 фунт стерлингийн буцалтгүй тусламж өгөөд, 20 мянгыг зээлээр олгодог гэсэн. Гэхдээ манайд үнэхээр чадварлаг, чансаатай сайн уран бүтээлчдийг ялгаж салгаж үнэлэхгүй, “Би сайн” гэж хашхирдаг, дээгүүр доогуур гүйдэг хүмүүсээ түрүүлж олж хараад, урамшуулдаг санагдсан.
Сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн нь ч улс төрийн худал, үнэн нь мэдэгдэхгүй мэдээлэлд хамгийн их ач холбогдол өгөөд сонгодог урлаг, театр, уран зураг, хөгжим, шинжлэх ухаан, соён гэгээрлийн салбарыг хойшоо тавьдаг нь ортой байх. Дэлхийд гарсан дуурийн дуучид маань тэнд тийм бүтээлд тогложээ, ийм ажил санаачилжээ гэдэг ч юм уу, иймэрхүү мэдээллийг түгээж байвал дараа дараагийн залууст урам зориг өгөх нь дамжиггүй. Бидэнтэй холбогдоод асуувал бүх талын мэдээлэл өгөхөд хэзээд бэлэн шүү гэдгийг хэлье.
-Сонгодог урлагийн соёл маш өндөр хэмжээнд төлөвшсөн европ үзэгчдээс үнэлгээ авах, тэр тусмаа “браво”-г нь сонсох сайхан биз?
-Тухайн бүтээлд тэр өдөр ямар дуучин хэрхэн дуулсныг харьцуулж үздэг. Үнэхээр сайн дуулсан хүнд алга ташилт, “браво”-гоо харамгүй зориулдаг. Жаахан тааруу дуугарахыг андахгүй, “бүүлнэ”. Лучано Паваротиг хүртэл Ла Скалагийн тайзан дээр бүүлийдэж байсан үзэгчид шүү дээ. Ямартай ч одоохондоо “браво”-той л байна. Юманд ам гарч болохгүй. Хүний махан бие шүү дээ. Таагүй зүйл бүү тохиолдоосой л гэж хүсдэг.
-Нууц биш бол нэг дуурьт хэдээр тоглодог вэ?
-Одоохондоо шинэ залуу дуучин учраас 5000 орчим еврогоор гэрээлж, нэг орой дуулдаг. Гэхдээ тэнд татвар маш өндөр шүү дээ.
-Танай гэр бүл Италид байдаг уу, Монголд уу?
-Манайхан Монголдоо амьдардаг. Хүүхдүүд маань бага байна. Миний хань гурван хүүхдээ хараад, ар талыг минь бүрэн даадаг. “Би ямар ч байсан улсдаа маш сайн хүмүүжилтэй гурван эр хүн өсгөж өгнө өө” гэдэг юм. Хөвгүүдээ багаас нь ажил хөдөлмөрт дадуулахад анхаардаг.
-Хөвгүүдээс нь авьяастай нэгэн байвал дуучин болгох уу?
-Үгүй. Ямар зам туулдгийг нь мэдэх учраас урлагийн замналаар явуулахгүй гэж боддог. Өнөөгийн нөхцөлд дэмий. Хэдийгээр бид сонгодог урлагийг ойлгодог, дэмждэг төр засагтай, үзэгчтэй болох сайхан цагийг авчрах сан, наашлуулах сан гэж хичээж байгаа ч үүнд хүний нэг нас хүрэлцэхгүй.
-Үнэхээр онцгой авьяас байвал яах уу?
-Олон улсын хэмжээнд гарахуйц авьяастай бол өөр хэрэг. Түүнээс Монгол дотроо гэвэл авьяастнууд бишгүй байна. Миний бодлоор манай нийгэмд урлагийнхны нэр хүнд унахад өөрсдийнх нь оролцоо их байгаа гэж боддог. Болсон болоогүй “Би чадна” гэсэн хүмүүс хоолоо олж идэхийн төлөө яахаас ч буцдаггүй. Мэдээж урлагийнхан мөнгөтэй хүнээр дэмжүүлж болно. Намайг ч дэмждэг хүмүүс бий. Гэхдээ буруу хүнтэй нөхөрлөж, дэмжүүлж болохгүй гэдгээ өөрөө ухамсарлах ёстой. Би бол хэзээ ч буруу хүнээс дэмжлэг авдаггүй. Үзэл бодол, зарчим нийлэхгүй хүнээс зайгаа барьчихдаг.
-Дуурийнхны хувьд гадаадын тэмцээн уралдаанд явахаас эхлээд зардал шаардаж таарна.
-Харин тийм. Гэхдээ тэмцээн болгонд оролцох гэж улайрах нь бас дэмий санагддаг. Тантай уулзахын өмнөхөн би нэг эрхмийн пост доор сэтгэгдэл бичээд, зарим нэгнээр нь шүүмжлүүлж л байна. Би өөрөө энэ замыг туулж алдсан учраас жижиг сажиг уралдаанд оролцох гээд залуусыг цаг хугацаа, мөнгө санхүүгээ битгий гарздаасай гэж боддог байхгүй юу. Олон улсын уралдаанд дуурийн дуулаачдын уралдаанд уран бүтээлчдийг оролцуулдаг тэр хүний буруу биш л дээ. Гэхдээ шагналын сан нь бага уралдаанд хэрэг болгож очоод, амжилтгүй бол хэцүү. Тэргүүн байр нь 50 мянган рубль буюу монгол төгрөгөөр хоёр саяын шагналтай уралдаанд оролцох зардал нь тэр дайны болно. Тэгээд түрүүлээ ч үү, үгүй ч үү. Түүний оронд тэр олон жижиг уралдаанд оролцох зардлаа нийлүүлж байгаад, сайн багшаас чанартай мастер класс аваасай гэж боддог. Тэгээд маш сайн бэлдэж, мэргэжлийн хэмжээнд хүртлээ боловсорч байгаад томоохон уралдаанд зорьж амжилттай оролцвол шагналын сан нь ч, нэр хүнд нь ч хэрэгтэй. Өнөөгийн манай залуу дуучид санхүүгээ сайтар төлөвлөх хэрэгтэй гээд байгаа нь энэ. Эцсийн дүндээ мэргэжлийн хэмжүүрээр авч үзвэл хэдэн уралдаанд оролцсон нь биш, ямархуу зэрэглэлтэй уралдаанд яаж уралдсан бэ гэдэг нь л чухал. Оролцох нь биш, онох нь чухал гэсэн үг. Ямар ч хамаагүй уралдаанд орсныгоо “Амжилттай оролцлоо” гээд байх нь утгагүй.
-Монгол эрх хүний үнэ цэнийг та юу гэж боддог вэ?
-“Би монгол хүн” гээд Монголын паспортоо хаана ч үзүүлсэн мэддэг байхад л монголчуудын нэр төр, үнэ цэн оршдог байгаасай гэж би боддог. Монгол хүний оюуны чадамж ямар мундаг билээ, манай урлаг, спортынхон дэлхийд эх орныхоо нэрийг хэрэндээ л мандуулж яваа. Боловсрол, шинжлэх ухааны салбарт ч мундаг залуус олон байна. Одоо төр, нийгмийн зүтгэлтнүүд маань жаахан манлайлалтай байвал сайн сан. Монголчууд нийтээрээ нэг иймэрхүү ёс суртахуунтай хүмүүс шүү гэдэг ч юм уу, чиг баримжаа чухал байна. Түүнээс биш цай, хоолны дээжийг идэж ууснаараа монгол эр хүний үнэ цэн хэмжигдэхгүй байх.
-Ингэхэд та хаанахынх билээ. Аав, ээжийнх нь талд дуучин байгаа юу?
-Би Өвөрхангайнх. Аав, ээжийн маань талд дуучин байхгүй ээ. Тэгээд л намайг дуучин болно гэхээр “Манай удамд дуучин байхгүй. Чи бид хоёрын дуучин болно гэж юу байдаг юм” гээд хөөрхөн маргаан болдог байлаа. “Би тэгвэл тэр удмынх нь эхлэл болчихъё” гээд хариу сөргөдөг. Хүүхэд байхдаа тийм сайн дуулдаг байгаагүй ч санасан зорьсондоо хүрэхийн төлөө би маш их эрэлхийлэл, хичээл зүтгэл гаргасан. Одоо бол дэлхийд гарсан бусадтайгаа адил мэргэжлийн талбартаа хүлээн зөвшөөрөгдөөд л явж байна. Манайхан болохоор “дэлхийн номер нэг дуучин” гээд Э.Амартүвшинг л бусдаасаа илүү гэж явцуурхдаг. Заавал тэгж харьцуулах шаардлагагүй. Э.Амартүвшин үнэхээр сайн дуучин мөн. Гэхдээ Г.Ариунбаатар түүнээс юугаараа дутах юм. Зэрэгцээд дуулбал тэр хоёрын хэн нь илүүг мэдэхгүй. Тиймээс дэлхийд гараад Монголынхоо нэрийг дуурсгаж яваа монгол дуучдаараа адилхан бахархаж, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж яваасай гэж боддог доо.
-Ярилцсанд баярлалаа.
Л.ГАНЧИМЭГ