Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ноос тавдугаар сарын 1-нд “Нийгмийн шударга ёсны төлөөх эв санааны нэгдлийн жагсаал”-ыг зохион байгуулж, Засгийн газарт шаардлага хүргүүллээ. Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг тохиолдуулж хийсэн дээрх арга хэмжээний үеэр МҮЭХны ерөнхийлөгч Э.Тамир “Нийгэмд шударга бус байдал улам бүр бий болж байгаа учраас бид шударга ёсыг шаардахаар цуглалаа. Ядаж л улс орон даяар ажилчин, албан хаагчид цалин хөлсөө бодитоор үнэлүүлэхээс шударга ёс эхэлнэ. Төр засагт иргэдийн хөдөлмөрийг шударгаар үнэлэх нэгдсэн бодлого алга. Бодлого байхгүйгээс иргэд хөдөлмөрчид гудамжинд гарч жагсаж, тэмцдэг боллоо. Гэтэл төр засгийн зүгээс тэмцэж байж байгуулсан хэлэлцээрийг гуйвуулсан тохиолдол гарсан. Тиймээс ард түмэн шинэ Засгийн газраас шийдэмгий алхам, бодитой ажил хүлээж, нааштай шийдвэр гаргана хэмээн найдаж байна” гэв.
Дээрх жагсаалд МҮЭХ-ны аймаг, нийслэл дэх 35 салбарын 10 000 гаруй гишүүн оролцсон байна. Тэд хөдөлмөрчдийн хууль ёсны эрх ашгийг төлөөлөн хамгаалах зорилгынхоо хүрээнд нийгмийн шударга ёсыг сэргээж, үүссэн шударга бус нөхцөл байдлыг засах, иргэд хөдөлмөрчдийн эрх, ашиг сонирхлыг хангах талаар нэн даруй арга хэмжээ авах шаардлагыг Засгийн газарт хүргүүллээ.
С.Цэрэн