Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байсан “Хангай констракшн” ХХК-ийн захирал С.Гал-Эрдэнэ, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын II хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, ахлах дэслэгч О.Жамъянсүрэн нарт холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ.
С.Гал-Эрдэнэ нь 2023 оны зургаадугаар сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Сэлэнгийнхээ биед халдсан хэмээн Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын II хэлтэст зөрч лийн хэрэгт шалгуулж эхэлсэн юм. Уг зөрчлийн хэргийг өөрт ашигтай шийдвэрлүүлэх зорилгоор цагдаагийн офицер О.Жамъянсүрэнд хахууль өгсөн хэрэгт холбогдсон юм. Иргэн Э.Сэлэнгэ хууль сахиулах байгууллагад гаргаж өгсөн гомдолдоо “Тэд найз нөхдийн харилцаатай бөгөөд О.Жамъянсүрэн албан тушаалаа ашиглан С.Гал-Эрдэнэд давуу байдал олгож, зөрчлийн хэргийг шийдвэрлэхгүй удаж, завааруулах гээд байгаа, ХААН банкны данснаасаа мөнгө шилжүүлсэн” хэмээсэн нь уг хоёр хүнийг шалгах үндэслэл болсон билээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.ГалЭрдэнээс О.Жамъянсүрэнгийн охины данс руу 2023 оны долоодугаар сард хоёр сая төгрөг шилжүүлсэн нь тогтоогдсон аж. Уг хэргийг өнгөрсөн жил шүүхэд шилжүүлж, гэм буруутай, эсэхийг нь дэнслэх хурал 2025 оны хоёрдугаар сард болж байсан юм. Тухайн үед дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх С.Гал-Эрдэнийг хахууль өгсөн, О.Жамъянсүрэнг авсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр дөрвөн жил хасаж, нээлттэй хорих байгууллагад хоёр жил хорих ял оноож байсан билээ. Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааснаар нэмэлт ажиллагаа хийлгэсэн юм.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалан энэ сарын 28-ны 14.30 цагаас эхэлсэн хурал 20.00 цагийн үед шийдвэрээ танилцуулж, тус бүрийнх нь нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жил хасан, хоёр жил хорих ялыг нээлттэй дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Улмаар тэдэнд авсан хилээр гарах эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол танилцуулж дуусаад цагдан хорихоор болов.