НҮБ-ын дэргэдэх төрөлжсөн 17 салбарын нэг болох Олон улсын иргэний нисэхийн байгууллага ICAO (ИКАО)-гийн өргөтгөсөн аудитын шалгалт Монгол Улсад энэ сарын 22-ноос эхэлж, ирэх сарын 3-нд дуусах юм. Үүгээр Зам, тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ), Иргэний нисэхийн үндэсний төв, МИАТ компанийн үйл ажиллагааг шалгах аж. Хэрэв ИКАО-гийн аудитын шалгалтад Монгол Улс хангалтгүй дүн үзүүлбэл манай иргэний нисэхийн үйл ажиллагаа олон улсын хориг, хязгаарлалтад орох эрсдэлтэй юм билээ.
Уг нь энэ шалгалтын бэлтгэл ажилтай танилцахаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ИНЕГ-т очиж, үүрэг даалгавар өгч, ажилдаа хариуцлагатай хандахыг албан тушаалтнуудад нь анхааруулсан байна. ИНЕГ-ынхан ч эл аудитын шалгалтад эртнээс бэлтгэн, өөрсдөөс шалтгаалах бүхнээ хийж, өдөр шөнө, ажил амралтын өдрийг умартан, ар гэр, ахуй амьдралаа хойш тавин зүтгэж буй аж. Ийн зүтгэж байхад сайд нь ирээд баахан үүрэг даалгавар өгөөд явсанд ИНЕГ-ын ажилтан, албан хаагчид ихэд унтууцсан байна.
Тэд “Яамны зүгээс ажлаа хийхгүй байж бидний хийснийг өөрсдийнх болгон сайдад танилцуулж, дундаас нь оноо авсан зөвлөх, газрын дарга нэртэй хүмүүсээ ажиллуулаач” хэмээн бухимдсан гэнэ. Түүгээр ч зогсохгүй “Хэрэв ИКАО-гийн шалгалтад хангалтгүй дүн авбал өдөр шөнөгүй гүрийж байгаа ИНЕГ-ынхан биш, юу ч хийлгүй эрх ямба эдлэн тарвалзаж, МИАТ, ИНЕГ зэрэг нисэхийн салбарын зардлаар гадаадаар зугаалан тансаглаж явдаг ЗТЯ-ныхан өөрсдөө буруутай” гэцгээжээ. Өөрөөр хэлбэл, ЗТЯ-ны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга З.Туяа, сайдын зөвлөх Л.Дашням гэх хоёр албан тушаалтны буруу их бий хэмээсэн аж. Учир нь ИКАО-гийн аудитын шалгалтын үеэр одоогоос 10 жилийн өмнө болсон нисэхийн байгууллагын эрсдэлтэй үйл ажиллагаа сөхөгдсөн юм байх.
МИАТ компанийн тасалбар борлуулах төвийн даргаар ажиллаж байгаад эрх мэдэлтнүүд, танил талын хүрээгээр ИНЕГ-ын Нисэх буудлын үйлчилгээний газрын даргын албан тушаалд очсон Л.Дашнямын эрх мэдлээ хэтрүүлсэн буруутай үйл ажиллагаанаас болж Ховд аймагт МИАТ ХК-ийн “Боинг-737-800” загварын онгоц нисэж чадалгүй эвдэрсэн аж. Тодруулбал, уг албан тушаалд нэг жилийн хугацаанд ажиллахдаа их хэмжээний хохирол учруулсан гэх асуудал өдгөө сөхөгдөөд буй гэнэ. 2016 оны УИХ-ын сонгуульд АН-ыг ялуулах, тухайн үеийн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн нэр хүндийг өсгөх зорилгоор Ховд аймгийн чиглэлд том оврын онгоц нисгэх төлөвлөгөө гаргасан юм байх. МИАТ ХК-ийнхан хууль журам, ИКАО-гийн дүрмийн дагуу Ховдын нисэх буудалд “Боинг-737” онгоц бууж болох, эсэхийг тодруулахыг ИНЕГ-ынхнаас шаардсан байна. Гэвч хөөрөх, буух зурвасын хүчин чадал нь том онгоц хүлээн авах боломжгүй байхад бичиг баримтад дээрх албан тушаалтан засвар хийж, бодит үзүүлэлт, стандартыг нь өөрчлөн эл загварын агаарын хөлөг хүлээн авч болно гэж. Ингээд олон улсын дүрэм журмаа зөрчин Улаанбаатараас Ховд руу “Боинг-737” нисгэж, 2016 оны тавдугаар сарын 3-нд ноцтой осол гаргах нөхцөлийг бүрдүүлжээ. Ховдоос Улаанбаатар луу 100 зорчигчтой хөөрөх гэж байхдаа уг онгоцны хөлгийн ахмад дадлага туршлага, мэргэжлийн ур чадвар муугаас болсон уу, чиг алдуулан зурвасаас гарч, хөдөлгүүрээ гэмтээн, олон хүний амь, эрүүл мэндийг сүйтгэх шахжээ. Тухайн үед энэ ослоос үүдэн МИАТ компанид 10 тэрбум төгрөгийн хохирол учирсан байдаг ч хэн ч мэдэлгүй өнгөрөөжээ. Энэ ослыг шалган тогтоосон тайлан, дүгнэлт, албан шаардлага нь ЗТЯ-ны Нислэг техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах албанд хадгалагдаж буй юм. Түүнд дурдсанаар ИНЕГ-ын Аэродром, агаарын навигацын хяналтын хэлтсийн даргын 2016 оны гуравдугаар сарын 30-ны 02/07 тоот албан бичгийг үндэслэн 2016 оны дөрөвдүгээр сарын 8-ны 070851 A0232/16 тоот NOTAM мэдээгээр “Ховд” нисэх буудлын хөөрч буух зурвасын Y үсгэн кодыг X болгон өөрчлөн зарласан байна” гэсэн нь дээрх даргын эрх мэдлээ хэтрүүлж, стандарт зөрчсөн үйлдлийн бодит баримт юм. Түүгээр ч зогсохгүй галын аюулгүй байдлыг хангаагүй байхад уг агаарын хөлгийг буулгаж, хөөргөсөн нь маш их эрсдэлтэй байсныг өнөө өрнөж буй шалгалтын үед сөхөгдсөн гэнэ.

Харин энэ ослын үед хөлгийн ахмадаар явсан хүний эхнэр нь өдгөө ЗТЯ-ны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна. АН засгийн эрх барьж байх үед ИНЕГ-ын дарга асан Г.Нямдаваагийн удирдлагад Хууль эрх зүйн газрын даргын албан тушаалыг Захиргаа, удирдлагын газрынхтай нь хавсран гүйцэтгэж, давхар цалин авч байсан хүнийг Б.Дэлгэрсайхан ямар ашиг сонирхлын үүднээс газрынхаа дарга болгов гэдгийг ИНЕГ-ынхан ихэд гайхдаг юм билээ. Ховдод “Боинг-737” агаарын хөлөг эвдлэхээс өмнө ИНЕГ-ын Нислэгийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны нэгэн хариуцлагатай албан тушаалтан нь “Арын хаалгаар нөхрөө Боинг-737 онгоцны капитан нисгэгч болгосон” хэмээн ихэд бухимдаж байсан талаар одоо ч учир мэдэх хүмүүс ярилцаж байна. Уг ослын дүгнэлтийг найз нөхөд, танил талынхаа хүрээнд хөлгийн ахмадад ашигтай гаргуулсан хэмээн тэд шивэр авир гэлцэж буй. Түүнчлэн ЗТЯ-ны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Туяа нь ИНЕГ-т ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, сонгон шалгаруулалтгүйгээр хүүхдээ гадаадын өндөр төлбөртэй их, дээд сургуульд суралцуулж, давуу байдал олгон удаа дараа төрөөс төлбөрийг нь төлүүлсэн, төрсөн дүү нь мөн гадаадад суралцаж байхдаа гэмт хэрэгт холбогдож хөөгдсөн гэх асуудлыг ИНЕГ-ын ажилтнууд нь ярих юм билээ.
Хамгийн ноцтой нь 10 жилийн өмнөх дээрх осол, олон улсын стандарт, дүрэм, журмыг өөрч лөн 100 хүний амиар “наадах” шахсан асуудал өдгөө сөхөгдөж, аудитын дүгнэлтэд сөрөг нөлөө учруулах эрсдэл бий болсныг нисэхийн салбарынхан сануулж байна. Өөрөөр хэлбэл, ашиг сонирхлын зөрчилтэй, мэргэжлийн чадамжгүй хүмүүс арга заль хэрэглэн төрийн яамны хариуцлагатай албан тушаалд шургалсан нь нисэхийн аюулгүй байдлыг алдагдуулж, мэргэжлийн салбарын бодлогыг унагаж, хөгжлийг сааруулан, эдийн засагт хохирол учруулж, үр ашгийг бууруулж, үйлчилгээний цар хүртээмжийг хумьж, олон улсын өмнө гэрээгээр хүлээсэн үүргийг зөрчих эрсдэл үүссэнд эмзэглэж байгаа юм.