Энэ сарын 19-нд Болгар улсад парламентын сонгууль болж Ерөнхийлөгч асан Румен Радевийн тэргүүлсэн зүүн төвийн “Дэвшилт Болгар” эвсэл маргааш өглөө нь саналын хуудасны 97.5 хувийг тоолоход 44.7 хувийн санал авч Үндэсний хурлын 240 суудлын 130-ыг нь авахаар болчихсон байв. Тэгэхдээ аливаа гол өөрчлөлт хийхэд парламентын гуравны хоёрын дэмжлэг хэрэгтэй, үүний тулд эдний эвсэлд улс төрийн бусад хүчний дэмжлэг хэрэгтэй болно. Болгар улс нь шинжээчдийн үздэгээр Европын Холбооны ядуу гишүүний нэг гэгддэг. Өнгөрсөн нэгдүгээр сард Ерөнхийлөгчийн албаа орхисон Радев олигархиудтай тэмцэж, шүүхийн тогтолцоондоо өөрчлөлт хийхээр амлаж байв.
Сонгуульд иргэдийн оролцоо нэлээд муу байж, 3.1 сая хүн буюу нийт сонгогчдын 47 хувь нь саналаа өгсөн байна. Уг сонгуулийг 2025 оны эцсийн улс төрийн хямралын шууд үр дагавар гэж болгарчууд үзэж байгаа юм байна. Болгар нь Ардын хурал хэмээх нэг танхимт парламенттай БНУ юм.
Румен Радев 1963 онд Болгарын өмнөд нутгийн Димитровград хотод төржээ. 1984 онд Цэргийн нисэхийн дээд сургууль, 1992 онд Офицеруудыг дахин бэлтгэх сургууль тус тус төгсөж, 2003 онд Америкийн Алабама хотын Цэргийн нисэхийн коллежид стратегийн судалгааны салбарын магистрын зэрэг хамгаалсан байна.
Румен Радев нь I зэргийн нисгэгч юм. Сургалт-байлдааны онгоц хэсэг хугацаанд жолоодож байгаад сөнөөгч онгоцны нисгэгч болов. Тэрбээр 1400 цагийн нислэг хийсэн аж. 1987-1988 онд нисгэгч байгаад 1989-1990 онд командлагчийн орлогч болж, 1990-1994 онд сөнөөгч онгоцны хорооны 15 дугаар отрядын даргаар ажиллажээ. 1996-1998 онд МиГ-29 эскадрилийг удирдаж, 1998-1999 онд Равнецийн нисэх баазын командлагчийн орлогч болов. 2000-2002, 2003-2005 онуудад штабын дарга, 2005- 2009 онд тус баазын даргаар ажиллажээ. 2009- 2014 онд Болгарын агаарын цэргийн хүчний командлагчийн орлогч болсон байна. 2014 онд хошууч генерал цол хүртэж, Болгарын Агаарын цэргийн хүчний командлагч болжээ. Энэ үед Болгарын Агаарын цэргийн хүчний зэвсэглэлд 61 онгоц (29 нь байлдааны, 12 нь тээврийн, 20 нь сургалтын), 65 нисдэг тэрэг байжээ. Цэргийн нисэх хүчний тогтвортой байдлын талаарх бодлого тууштай биш байснаас Румен Радев 2015 онд огцрох өргөдлөө өгөв. Байлдааны үүрэг гүйцэтгэх чадвартай сөнөөгч онгоцны тоо хүрэлцээгүй гэж үздэг, үүргээ биелүүлэхгүй байна хэмээн Батлан хамгаалах яамаа шүүмжилдэг байв. 2000-аад оны дунд үед Болгарын цэргийн төсөв нь нэг тэрбум ам.доллар гаруйхан л байж. 2015 онд ердөө 599 сая байв. Тэгэхэд Өрнөдийн хамгийн сүүлийн үеийн нэг сөнөөгч онгоц 70-100 сая ам.долларын үнэтэй байлаа.
Болгарын агаарын хилийг хамтран хамгаалах гэрээг Польштой байгуулсныг эсэргүүцэж буйгаа илэрхийлж, Агаарын цэргийн хүчний командлагчийн албан тушаалаасаа огцров.
Ийм үедээ Болгарын сөрөг хүчний Социалист намын дэмжлэгээр Румен Радев Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэв. Авлига, ажилгүйдэл, хууль бус цагаачлалтай тэмцэхийг мөрийн хөтөлбөрийнхөө гол агуулга болгож, сурталчилгаагаа хийв. Европын Холбоо гишүүн орнууддаа цагаач байршуулах тоо тогтоож өгснийг (Болгарт 2000 орчим хүн) Радев эсэргүүцэж, Оростой харилцаагаа сайжруулах, Болгарын гадаад бодлогыг үндэсний эрх ашигт түшиглэхээ мэдэгдэв. 2016 оны эцсээр сонгуулийн эхний шатанд өрсөлдөгчдөөсөө илүү санал (25.44 хувь) авч, хэдхэн өдрийн дараа хоёр дахь шатанд 59.3 хувийн санал авч баруун төвийн намаас нэрээ дэвшүүлсэн хатагтай Цецка Цачеваг ялав.
2017 оны нэгдүгээр сарын 22-нд албан үүргээ гүйцэтгэх болсноор өмнө нь цэргийн хүн байсан Болгарын анхны Ерөнхийлөгчөөр ажиллах болжээ. 2021 оны арваннэгдүгээр сард хоёрдугаар шатанд 66.72 хувийн санал авч дахин сонгогдож, Болгарын түүхэнд анх удаа дахин Төрийн тэргүүнээр ажиллах болсон байна. Өрнөдөд түүнийг Оросын талыг баримталдаг улс төрч гэдэг, өөрөө харин үүнийг үгүйсгэдэг байв. Гэлээ ч Орост тавьсан хоригийг үр ашиггүй хэмээн эсэргүүцдэг байлаа. Авлига хийгээд Ерөнхий сайд Бойко Борисовын Засгийн газрын эсрэг чиглэсэн хөдөлгөөнийг Радев дэмжиж байв.
Болгар улс 2026 оны эхнээс евро бүсийн гишүүн болов. Чухам энэ асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулахыг Радев санал болгож, нийгмийнхээ байр суурийг тандахыг хүсэж байсан ч парламент нь дэмжээгүй аж. 2021 оноос эхэлж, 2026 оны эх хүртэл Болгарт долоон удаа парламентын сонгууль хийлгэсэн улс төрийн хямралын нөхцөлд сонгогчдын итгэлийг хүлээсэн улс төрийн цорын ганц зүтгэлтэн нь Румен Радев болсон байна. Ээлжит Засгийн газар 2025 оны эцсээр огцров. Румен Радев ч дөрөвдүгээр сарын 19- нд хийхээр товлосон парламентын сонгуульд оролцохын тулд албан ажлаа Дэд ерөнхийлөгч, хатагтай Илияна Йотовад хүлээлгэж өгөв. Тэгээд “Дэвшилтэт Болгар” эвслээ 2026 оны гуравдугаар сард байгуулжээ. Уг эвсэлд “Манай ард түмэн”, “Социалист демократ” намууд болон “Социал демократууд” хөдөлгөөн нэгдсэн байна. Энэ эвсэл 2026 оны дөрөвдүгээр сарын 19-нд болсон сонгуульд ялав. Европын Холбоо, НАТО-той хамтран ажиллахдаа үндэсний эрх ашгаа хамгаалж, Болгар улсаа богино хугацаанд өөрчлөн шинэчилж, амьдралын түвшнийг Европын хөгжингүй орнуудын хэмжээнд хүргэж, энх тайвныг дэмжиж, улсаа зэвсэгт зөрчилдөөнд татан оруулахгүй байхыг тус эвсэл гол зорилго болгохоо илэрхийлэв. Түүнчлэн санхүүгээ хөгжүүлж, тогтвортой болгохын тулд эдийн засгийн голлох салбаруудаа урамшуулж, бизнест төрийн оролцоог багасгаж, гэмт хэрэг, хар тамхины хууль бус эргэлт, хууль бус цагаачлалтай тэмцэхээр амлав.
Нийгмийн хүрээнд хүн амын эмзэг бүлгийг дэмжиж, орлогыг нь ахиулах, эрүүлийг хамгаалах үйлсийг хүртээмжтэй болгож, боловсролын салбарт өөрчлөлт хийж, ялгаварлан гадуурхахын бүх төрлийг гэтлэн давахад анхаарлаа хандуулахаар хөтөлбөртөө тусгав. Олон улсын харилцаанд, түүний дотор эрчим хүчний аюулгүй байдал, бүс нутгийн хамтын ажиллагаанд прагматик хандахаар бас заажээ.
Румен Радев Оросын талыг баримталсан чиг баримжаатай гэж шүүмжлүүлэхээс сонгуулийн өмнөх сурталчилгааныхаа үед сэрэмжилж байсан бол санал хураалтын дүн нэгэнт тодорхой болсны дараа гадаад хэлхээ холбоогоо, түүний дотор Москватай яриа хөөрөөтэй байхын чухлыг, харилцаа нь биенээ харилцан хүндэлсэн, тэгш эрхийн зарчим дээр тулгуурлах ёстойг онцолж байв. Тэрбээр Ерөнхийлөгчийн албыг хашиж байхдаа ОХУ нь Болгарын дайсан байх учиргүйг тэмдэглэж, Москвагийн эсрэг хориг тавих нь утга учиргүй, үр дүнгүйг хүлээн зөвшөөрч байжээ. Оросын эсрэг дайнд Украин сүйрч, Киевийг зэвсгээр угжих нь асуудлыг шийдэхгүйг онцолж байв.
Эхний удаа Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан нь тодорхой болчхоод байхдаа Румен Радев Орост талтай ханддагаа үгүйсгэж “Би бол НАТО-гийн генерал, АНУ-д Агаарын цэргийн академи төгссөн анхны болгар хүн, цаашдаа улсынхаа Европарламентын гишүүнийг одоогийнхоос илүү идэвхтэй хэлбэрээр хамгаална” гэж хэлж байж. Оросын их хамба Кирилл 2017 онд Болгарт айлчлахдаа Ерөнхийлөгчийн нь талаар “их сайхан сэтгэгдэл төрүүллээ, эх орондоо халуун хайртай, яриа хөөрөө нь ил тод, Оростой тогтоосон харилцаанд ч нуух, хаах юмгүй хүн байна” гэж хэлсэн байдаг. Румен Радев англи, герман, орос хэлтэй.
Эцэст нь тэмдэглэхэд, Румен Радев урьд нь улс төрийн нам ер удирдаж байсангүй. Түүний байгуулсан эвслийг бүтцийн хувьд сул гэж шинжээчид үзэж байжээ. Тэрбээр Болгарын Социалист намын гишүүний хувьд олонд танил болсон бөгөөд саяны сонгуульд ч тус нам Радевийн байгуулсан “Дэвшилт Болгар”-ыг дэмжсэн байна. Өнгөрсөн парламентад есөн нам суудал авч байсан бол энэ удаад тав болж цөөрөв.