Жишээ 1. Чингэлтэй дүүргийн иргэн Ц.Байгальмаа “Би хүнсний химич, технологич мэргэжилтэй. Мэргэжлээрээ 16 жил ажилласан, өдгөө хувиараа бизнес эрхэлдэг. Миний зорилго бол дотооддоо коллаген үйлдвэрлэх. Коллеганыг гадаад оронд тахиа, гахай болон далайн амьтны түүхий эдээс, ургамлаас гаргаж авдаг. Малын түүхий эдээс гаргаж авахад зардал ихтэй, бас үнэ нь өндөр. Харин манайх мал ихтэй, малын түүхий эд элбэг учраас бүх төрлийн шимт бодис, амин дэм, коллаген гаргах бүрэн боломжтой. Тиймээс би коллаген хийхээр гэртээ туршиж, анхан шатны байдлаар хуурайг нь гарган авсан. Тэгээд өөрийн санаа, туршлагад үндэслэн үйлдвэр байгуулах боломжтойгоо илэрхийлж, зээл олгож дэмжихийг хүсэн дүүргийнхээ Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэст хандсан ч амжилт олоогүй. Надад багадаа 300 сая төгрөгийн санхүүжилт хэрэгтэй. Хоёр өрөө байраа барьцаалбал 160-170 сая төгрөг л банкнаас авах боломжтой юм билээ. Хэрэв 300 сая төгрөг олж, жижиг үйлдвэр нээж чадвал санхүүжилтээ таван жилд нөхөж, зургаа дахь жилээс ашигтай ажиллах боломжтой. Гэвч ийм зээл авахын тулд үйлдвэрлэл эрхэлсэн туршлага, өөрсдийн гэсэн ажлын байр, татвар төлсөн байдал гээд олон шалгуур хангах ёстой аж. Ер нь санаа, төслөөс өөр юмгүй, жирийн иргэдэд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл хүртээлгүй юм байна” хэмээв.
Жишээ 2. Баянгол дүүргийн иргэн Я.Цасчихэр “Би сүлжмэлийн үйлдвэрт бараг 20 жил ажилласан, мэргэжлийн сүлжигч, ээрэгч. Найман жилийн өмнөөс зургаан хүн ахалж баг болоод ноолууран бүтээгдэхүүн оёж эхэлсэн. Ноолууран утас худалдан авч, захиалгаар бүтээгдэхүүн оёдог юм л даа. Гэтэл гурван жилийн өмнөөс үйл ажиллагаа маань доголдоод өдгөө ганцаараа үлдчихээд байна. Уг нь хамт олон бүрдүүлээд, цөөн ч болов ажлын байр бий болгоод явж байсан ч үндсэн хөрөнгөө сайжруулж, хүчин чадал сайтай машин авч чадахгүй байснаас ажилчдаа “явуулсан”. Бас түрээсийн орон сууцад үйл ажиллагаа явуулдаг, ажлын байргүй зэрэг нь нөлөөлж, зээл авч чадахгүй байсаар цехээ хаалаа. Монгол бол ноолуур бэлтгэл, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дэлхийд танигдсан. Тиймээс ч ноолуураар бүтээгдэхүүн хийдэг монопол, том үйлдвэрүүд олширч, жижгүүд нь түрэгдсээр байна. Том үйлдвэрүүд хэдэн зуун саяын зээл авч болдог байхад манайх шиг жижиг цех ажлын байргүй, барьцаа хөрөнгөгүй гэсэн шалтгаанаар улам л хумигдсаар. Бидэнд туршлага, бас үйлчлүүлэгчид байгаа хэр нь санхүүжилт муутай учраас олигтой хөдөлж чаддаггүй. “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд зээл олгоно гэж байгаа ч манайх шиг бичил аж ахуйн нэгжүүдэд олдохгүй юм” гэв.
Жишээ 3. БНСУ-д 12 жил амьдраад гурван жилийн өмнө Монголдоо ирсэн Ц.Мөнгөнхүү “Би Солонгост тавилгын үйлдвэрт яг 10 жил ажилласан. Захиралтайгаа нийлээд ердөө 11 хүний бүрэлдэхүүнтэй тус үйлдвэр бүх төрлийн тавилга хийдэг, хагас автоматжсан технологитой. Сард 200-250 сая воны борлуулалт хийдэг. Цэвэр ашгийг нь сайн мэдэхгүй ч, ажилчдадаа сард монгол мөнгөөр 10-15 сая төгрөгийн цалин өгдөг. Захиалгаа давуулан биелүүлбэл нэмээд бонустай. Үйлдвэрийн байр нь захирлынхаа гэртэй хамт, нэг хашаанд байрладаг. Манайхаар бол 0.07 га газарт л үйл ажиллагаа явуулаад байгаа хэр нь захирал нь өөрийнхөө төдийгүй нэмээд 10 ажилчин, тэдний гэр бүлийн амьжиргааг залгуулаад ирсэн. Ерөөсөө Солонгост өрх бүр үйлдвэрлэгч, ажил олгогч байж болдог нь сайхан. Би Монголд ирээд тавилгын үйлдвэр байгуулахаар зорилоо. Чанартай материалаар, сайн технологиор бүтээгдэхүүн хийе гэж бодоод Солонгосоос суурь машин оруулж ирэхээр хөөцөлдөж байна. Чингэлтэй дүүргийн захиргаа руу хэд ч очив. Харамсалтай нь миний хийхээр зорьж буй ажилд хөнгөлөлттэй зээл өгдөггүй гэсэн. Уг нь тавилга бол үргэлж шинэчлэгддэг, бас хэрэгцээ нь дуусдаггүй эд. Ядаж 10 хүнтэй баг бүрдүүлээд татвар, шимтгэлээ төлөөд явахад улсад ч, иргэдэд ч хэрэгтэй ажил. Нэмээд хэлэхэд, манайд хуш модны самар их хэмжээгээр гардаг. Самрын хаягдал яснаас өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн тавилга хийж болдог. Самрын яс боловсруулж, материал гарган авах, түүгээрээ бүтээгдэхүүн хийх санаагаа хэлж, төслөө танилцуулаад ч нэмэр болсонгүй. Манайх самрын ясыг урд хөрш рүү гаргачихдаг юм байна” хэмээв.
ЖИЛД 100 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХҮСЭЛТ ИРҮҮЛДЭГ Ч, 30-50 ТЭРБУМЫН ЗЭЭЛ Л ОЛГОДОГ
Манай улсад 250 000 гаруй компани бүртгэлтэй байгаагаас 40 гаруй хувь буюу 117 000 нь үйл ажиллагаа явуулдаг гэсэн статистик бий. Үүнээс 82 562 нь жижиг, дунд гэсэн статустайг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, 200-гаас доош ажилтантай, жилийн борлуулалтын орлого нь 2.5 тэрбум төгрөгөөс бага жижиг, дунд ангиллын аж ахуйн нэгжийн тоо улсын хэмжээнд 82 562 байна. Эдгээрээс 1294 нь л Жижиг, дунд үйлдвэрийн газар (ЖДҮГ)-аас олгосон хөнгөлөлттэй зээлд хамрагдан, нийт 195.7 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байгааг тус газраас мэдээлсэн. 82 000 гаруй аж ахуйн нэгжээс 1300 орчим нь л зээлтэй байна гэдэг нь нийт дүнгийн хоёр хүрэхгүй, маш бага хувь. Гэтэл иргэд, аж ахуйн нэгжүүдийн мөрөөдөл нь ЖДҮГ-ын зээл болчхоод байгаа нь дээр дурдсан цөөн жишээнээс илэрч байна. Яагаад иргэд, аж ахуйн нэгжүүд ЖДҮГ-аас зээл авахыг хичээдэг вэ гэхээр хүү бага юм. Тухайлбал, тус газрын зээлийн хүү жилийн таван хувьтай байгаа нь Төвбанкны бодлогын хүүгээс одоогоор долоо, арилжааны банкуудын бизнесийн зээлийнхээс даруй 10 гаруй хувиар бага дүн. Ийм хямд зээл эрэлттэй байх нь ч гарцаагүй. Эрэлттэй байхын хэрээр шалгуур өндөр, жирийн иргэдэд олдоггүй гэсэн дүр зураг гарч байна.Энэ талаарЖДҮГ-аас тодруулахад тус газрын төлөөлөл “ЖДҮГ-аас зээл авахад хэцүү, ашиг сонирхлын зөрчилтэй, авлигын асуудалтай гэж ойлгож болохгүй. Бүх материалыг цахимаар хүлээн авдаг болсон. Түүнчлэн бүх салбарт зээл олгохгүйг анхаарах хэрэгтэй. Нийслэлээс орон нутагт шилжсэн үйлдвэрлэгч, орон нутаг руу шилжсэн иргэнийг ажилд авсан үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид, импортыг орлох шинэ бүтээгдэхүүн, экспортод чиглэсэн кластерын үйлдвэрлэл хөгжүүлэгчид зэрэг 10 орчим үйл ажиллагааг л хөнгөлөлттэй зээлээр дэмжинэ. Мөн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгодгоос банкны зохих шалгуурыг хангах хэрэгтэй. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зарцуулах санхүүжилт хязгаарлагдмал. Жил бүр улсын төсөвт тусгасан хөрөнгөөс хуваарилах, өмнө нь зээл авсан компаниудын эргэн төлөлтөөс санхүү жүүлэх гэх мэтээр ажилладаг. Бид сүүлийн таван жилд жил бүр 30-50 тэрбум төгрөгийн зээл олгож байгаа бол багадаа 100 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирж байна” гэлээ.
Улс орнуудын хөгжил, үйлдвэрлэлийн бү тээмж, хүчин чадлыг дундаж давхаргынхны тоо, жижиг, дунд үйлдвэрүүдийнх нь бүтээмжээр дүгнэж болдог гэдэг. Жижиг, дунд үйлдвэрүүд нь ялангуяа хүнс, хөнгөн үйлдвэрийн салбар нь ажлын байр олноор бий болгодог, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих замаар өрхийн орлогыг сайжруулж, амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх томоохон хөшүүрэг хэмээн тооцогддог. Тиймээс ч манай улсад жижиг, дунд болон бичил үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих санг 2009 онд байгуулсан ч тус сангийн зээлд улстөрчдийн нөлөө , татаас, түлхээс орж ар араасаа өчнөөн гэмт хэрэг үүсгэсэн барим т бий . Юутай ч 2009-2025 оны эхний улирлын байдлаар 1.1 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд олгосон статистик байна. Нөгөөтээгүүр, уг зээлээс авч хөл дээрээ зогсож, улмаар ажлын байрыг олшруулж, импортын бүтээгдэхүүн хийж буй аж ахуйн нэгж хэр олон байгаа нь эргэлзээтэй. Энэ талаар ХХААХҮЯ-наас тодрууллаа. Тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд 2022-2025 онд 2500 орчим аж ахуйн нэгжид 1.3 их наяд төгрөгийн зээл олгосон. Үүний үр дүнд гурван жилд 53 үйлдвэрийг ашиглалтад оруулж, дотоодын сүү, мах, гурил, ногоо, жимсээр хийсэн 1000 гаруй нэр, төрлийн шинэ бүтээгдэхүүн бий болсон. Эдгээрт импортыг орлохуйц, экспортод чиглэсэн олон бүтээг дэхүүн бий. Мөн “Атар IV” аян, “Цагаан алт”, “Шинэ хоршоо” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлүүлснээр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 44 мянган ажлын байр бий болсон. Бид хөнгөлөлттэй зээл олгох эх үүсвэрээ л бүрдүүлж, хямд мөнгө босгож чадвал үр дүн нь тун их” гэлээ.
ҮЙЛДВЭРҮҮДЭЭ КЛАСТЕР БАЙДЛААР ХӨГЖҮҮЛЬЕ
ХХААХҮЯ болон ЖДҮГ-ын хариултаас харахад хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүдийн үр дүн сайн байгаа аж. Тэгвэл бодит амьдралд, зах зээлд ийм хөтөлбөрийн үр дүнгээр бүтсэн хүнсний үнэ хямдавтар, бас ажлын байр олон, цалин, хангамж ч өндөр байх учиртай биш үү. Гэтэл нийгэм дэх ажиллах хүчний оролцоо сул, дундаж цалин бага, импортын бүтээгдэхүүний хамааралтайгаар инфляц өндөр байна. Түүнчлэн бид стратегийн бүтээгдэхүүн болох улаан буудай болон түүний үр, гурил зэргийг импортолсон хэвээр байна. Бас мах, махан бүтээгдэхүүний ханш өндөр, сүүний хэрэгцээнийхээ тал хувийг гадаадаас худалдан авдаг. Товчхондоо иргэдийн өдөр тутмын амьжиргаанд, зах зээлийн бүтцэд дотоодын үйлдвэрүүд олигтой жин дардаггүй нь ямар учиртай вэ. Энэ тухайд эдийн засагч, судлаач Г.Ган-Очир “Монголд хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тогтвортой бодлого дутагддаг. Улс төрждөг, танил талын нөлөө ордог, дотоодын зах зээл хязгаарлагдмал гээд бэрхшээл олон. Мөн үйлдвэрлэл төдийлөн хөгжөөгүй учраас дотоодод хийж буй нэгж бүтээгдэхүүн бүр дэх импортын хамаарал өндөр. Нэг бараа, бүтээгдэхүүнийг дэлгүүрийн лангуу, хэрэглэгчийн гарт хүргэхэд 1000 төгрөгийн зардал гаргана гэвэл үүний 600-700 төгрөгөөр нь гадаадаас юм худалдан авч таарна. Тиймээс үйлдвэрүүдийг кластер байдлаар хөгжүүлэх нь чухал. Нэг нь сав баглаа боодол, нөгөө нь шил, удаах нь төмөр эдлэл хийж байж цогцоороо зах зээлд нөлөөлнө. Ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хэчнээн их зээл өгсөн ч зөвхөн түүхий ноолуур л Монголынх, бусад бүх орц, оёдлын машин нь гадаадынх учраас ашиг бага, эдийн засагт томоохон нөлөөгүй байгаа хэрэг. Тиймээс дотоодод байгаа үндсэн түүхий эд болох мах, сүү, ноос, ноолуур зэргээр урт хугацаанд, дэлхийд танигдсан тогтвортой үйлдвэрлэл хөгжүүлнэ гэж тооцон, эцсийн бүтээгдэхүүн хийхэд шаардлагатай бүх деталыг дотооддоо бэлтгэхэд анхаарах хэрэгтэй” гэлээ.
С.Дулам