НИТХ-ын ээлжит бус хуралдаан өчигдөр хуралдаж НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах шийдвэр гаргасан. Тэгвэл А.Баяр өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрбээр, "НИТХ хуралдааныг хойшлуулах захирамж гаргасан талаар мэдээлэл өгье. Энэ бол Туулын хурдны замын төсөлтэй холбоотой. Энэ төслийг хэлэлцүүлж, дэмжих тогтоол гарга гэсэн шахалт надад ирсэн. Ийм боломж байхгүй. Байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдах эсэхийг иргэд мэдэхийг хүсэж байгаа. Ойлголтын зөрүүг арилгая гэсэн юм. Мега төсөл үү, хулгай юу гэдгийг иргэд мэдэх хэрэгтэй. НИТХ нь Ерөнхий сайд, Засгийн газар, иргэдийнхээ эсрэг шийдвэр гаргаж болохгүй гэсэн байр суурьтай байсан. Өөрөөр хэлбэл, НИТХ нь иргэдийн эсрэг биш иргэдийн талд зогсох ёстой учраас хуралдуулахгүй гэсэн шийдвэр гаргасан. Үүнийг эсэргүүцсэний төлөө хууль бус хуралдааныг өчигдөр зохион байгуулсан. Уг хуралдааныг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Ийм учир та бүгдийг өрөөндөө дуудаж мэдээлэл хийж байна.
НИТХ-ын зөвлөлийн байгууллагуудыг мөнгө төгрөг нуудаг гэж ярьж байна билээ. Бид ард түмнийхээ нүдэн дээр тайлангаа баталсан. Шилэн дансан дээр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн бүх тайлан тооцоо бий. Гэтэл Засаг даргын тамгын газрын шилэн данс хаалттай байдаг шүү. НИТХ бол иргэдтэйгээ хамгийн ойр ажиллаж байгаа байгууллага юм. Иргэдээс маш олон мэдээлэл ирдэг. Мега төслөөрөө мега хулгай хийдэг юм биш шүү, илрүүлээч гэж хэлдэг. Би хурлын даргынхаа бүрэн эрхийн хүрээнд одоо Ажлын хэсэг байгуулах захирамж гаргаж ажиллана.
Хов живээр төрийн ажиллыг хийхгүй. Сошиалаар нэгнээ ялладаг байж болохгүй. Харин бид эв нэгдлээ хамгаалж ажиллах нь зүйтэй." гэх мэдээллийг өглөө.