Өнгөрсөн бямба гаргийн орой Цагаан ордонд Сэтгүүлчдийн холбоо оройн зоог барьж байх үед буун дуу гарав. Уг арга хэмжээнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гэргийн хамт оролцож байж. Америкийн хэвлэлүүдийн мэдээлснээс үзвэл уг хэргийг үйлдсэн этгээдийн гол зорилго нь Америкийн төрийн өндөр албан ажилтнууд байсан гэж мэдэгдсэн байна. Энэ үйлдлийн шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгагчид ажиллаж буй. Буудагч этгээдийн суманд Нууц албаны нэг ажилтан өртсөн ч сум үл нэвтрэх хантаазтай байсан тулдаа амьд үлджээ. Буудсан этгээд Коул Аллен гэгч аж. ВВС агентлагийн сурвалжлагчийн мэдээлснээр оройн зоог ид болж байх үед буун дуу сонсогдсон байна. Зоогийг “Washington hilton” зочид буудалд барьж байжээ. Уг танхимаас холгүй буун дуу гарчээ. Яг энэ үед Ерөнхийлөгч гэргийн хамт ширээний ард сууж байв. “Reuters” агентлагийн олон түмний мэлмийд толилуулсан дүрсэнд бууснаар буу дуугармагц Трамп болон түүний хамт суугаа хүмүүсийг аюулгүйн албаны ажилтнууд тойрон авч биеэрээ халхлан танхимаас гаргахыг оролджээ. Чухам энэ агшинд Нууц албаны зэвсэглэсэн ажилтнууд давхин орж ирэв. Өндөр албаны хүмүүсийн дотор Трамп, гэргий Мелания нараас гадна Дэд Ерөнхийлөгч Жей Ди Вэнс, Батлан хамгаалахын сайд Пит Хегсет, Эрүүлийн хамгаалахын сайд хүү Роберт Кеннеди нар байжээ. Зоог баригчид анхны буун дуу сонсогдмогц ширээн доогуур орж хэсэг хугацаанд учраа олохгүй байсан аж.
ВВС-гийн сурвалжлагч хатагтай Суми Сомасканда “Би ХМТ-ны захирал Каш Пателийн өөдөөс хараад сууж байтал буу дуугарч тэрбээр гэргийгээ биеэрээ халхлан шалан дээр унасан” гэж ярьжээ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Дональд Трамп өөрийн нийгмийн сүлжээнд Нууц алба, хууль сахиулах байгууллагын ажилтнууд биширмээр шаламгай, зоримог ажиллав гэж бичсэн байлаа. Трамп болон өндөр албаны хүмүүс, зочид удалгүй буудлаас явж, зоог барих арга хэмжээг наад зах нь нэг сараар хойшлуулжээ. Хожим нь Трампын тайлбарласнаар Аюулгүйн албаныхан буудагч этгээд ганцаар толгой даан уг хэргийг үйлдсэн гэдэгт итгэхгүй байсан аж. Трамп Цагаан ордонд очмогцоо сэтгүүлчидтэй уулзахдаа “Би амь насандаа аюултай ажил, албатай хүн” гэж хэлсэн байна.
Олон түмэнд харуулсан зургаар бол Коул Аллен гэгч нь 30 орчим насны, богинохон тайруулсан хар үстэй, гадуур цамцгүй, хивсэнд нүүрээ наагаад гараа ардаа аваад хэвтэж байгаа харагдана. Түүнийг хэргийн газар дээр баривчилжээ. АНУын Ерөнхийлөгч Дональд Трамптай холбоотой хүмүүсийг буудах зорилготой байсан гэж тэр хэлжээ. Колумби тойргийн холбооны прокурор хатагтай Жинин Пирро “Одоогийн байдлаар энэ хүн аль болох их гарз хохирол учруулах зорилготой байсан нь илт байна” гэж мэдэгдэв. Хоёр эх сурвалжаас эш татан мэдээлснээр бол хэргийг үйлдэгч этгээд 5-8 удаа бууджээ. Уг хүн буунаас гадна хэд хэдэн хутгатай явж байсан гэнэ. Тэрбээр цайллага болж буй танхимд нэвтрэхийн тулд хамгаалалтын ажилтнуудын хажуугаар хурдан гэгч гүйж өнгөрсөн тул түүнийг саатуулж амжилгүй, хамгаалалтын хүмүүс араас нь буудсан байна. Түүнийг шархдуулж чадаагүй ч шинжилгээ хийлгэхээр эмнэлэгт хүргэжээ. Сэжиглэгдэж буй хүн Коул Томас Аллен нь Лос-Анжелест амьдардаг, 31 настай, урьд нь цагдаа нарын хараанд өртөж байсангүй. Тэрбээр Калифорнийн технологийн дээд сургууль төгсөөд багшаар ажиллаж байж. 2024 оны ажлаараа “C2 Education” компанийн шилдэг багш болсон аж.
Энэ компани дээд сургуульд орох хүсэлтэй залуусыг элсэлтийн шалгалтад бэлтгэх сургалт явуулдаг байв. Аллен ямар нэгэн намд харьяалалгүй. Холбооны сонгуулийн комисст байгаа баримтаар бол тэрбээр 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Трамптай өрсөлдсөн Камала Харрисыг дэмжиж байжээ. Энэ хэрэг гарсны дараахан АНУ-ын ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч Тодд Бланш халдлага үйлдэх болсон шалтгааныг хараахан тогтоогоогүй ч өндөр албан тушаалтай хүмүүсийг түүний дотор Ерөнхийлөгч Трампыг ч устгах зорилготой байсан нь урьдчилсан байдлаар тодорхой болж. Цагаан ордонд ажилладаг сэтгүүлчдийн холбоо сая оройн зоог барих газраа болгож сонгосон “Washington hilton” зочид буудал “Reuters” агентлагийн эргэн сануулснаар үүнээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгчийн амь насанд халдах газар бас болж байжээ. 1981 оны гуравдугаар сард Ерөнхийлөгч Рональд Рейган эндхийн орох хаалган дээр буудуулж суга нь шархдаж, хавирга нь хугарсан байна. Мөн цагдаагийн, аюулгүй байдлын албаны болон Цагаан ордны хэвлэлийн ажилтан шархадсан аж. Халдлагыг үйлдсэн Жон Хинкли жүжигчин эмэгтэй Жоди Фостерт нөлөөлөхийн тулд ийм хэрэг үйлдсэн гэж хэлж байв. Тэрбээр ухаан санаа нь эрүүл бус нэгэн байжээ. 2024 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх сурталчилгааныхаа үеэр Дональд Трамп ч нэг бус удаа халдлагад өртөж байсныг бид дуулж, сонссож байсан билээ. Пенсильвани мужийн Батлер хотод 2024 оны долоодугаар сард цуглаан хийж сонгогчидтойгоо уулзаж байхдаа хөнгөн шархадсан байдаг. Тэгэхэд ахмадуудыг асрах газар ажилладаг 20 настай Томас Мэтью Крукс гэгч буудсан байв. Бууных нь сум Трампын чихийг шүргээд өнгөрчээ. Харин тэрбээр хэд хэд буудаж нэг хүний аминд хүрч, хоёр хүнийг шархдуулсан юм. Энэ нь 1981 оноос хойш гол намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч рүү гох дарсан анхны тохиолдол байв. 2024 оны есдүгээр сарын дундуур буюу Пенсильвани мужид болсон халдлагаас хоёр сарын дараа Трампыг гольф тоглож байхад бас буун дуу гарав. Тоглож байсан газраас нь хэдхэн зуун метрийн зайнаас буудсан энэ үйлдлийг халдлага гэж Холбооны мөрдөх товчоо мэдэгдсэн юм. Энэ нь Хавайд оршин суудаг 58 настай Раймон Рауту гэгчийн хийсэн хэрэг байлаа. Хэдийгээр тэрбээр өөрийг нь буруутгасан нэг ч хуулийн заалтыг хүлээж аваагүй ч Трампыг алахаар завдсан гэж буруутган насаар нь хорих ял өгөв. Бас нэг явдал тохиолдсон нь 2024 оны аравдугаар сард Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн Трампын цуглаан хийж байсан газрын дэргэдээс Калифорнийн цагдаа нар зэвсэгтэй нэг эрийг саатуулсан байна. Тэр нь ЛасВегаст оршин суудаг 49 настай Вэм Миллер гэгч байлаа. Цагдаа нарын цуглуулсан мэдээллээр тэр хүн унаатай, үрлэн сумтай болон гар буутай хүн байсан гэдэг. Америкийн сэтгүүлч Жон Вароли их хачирхалтай ч, сонирхолтой ч гэмээр байдлаар сэтгэгдлээ илэрхийлжээ. Түүний хэлснээр Трампын нэр хүнд сүүлийн үед нэлээд унаж, улс төрийн янз бүрийн үзэл бодолтнууд түүнийг гойд үнэлэхгүй байгаа юм байна. Ийм тааруухан үнэлэх хүн багийнхан дотор нь ч байдаг бололтой. Тиймээс Трампын чансааг дээшлүүлэх гэж засаг захиргааных нь хүмүүс зориуд халдлага зохион байгуулсан байх магадлалтай гэж сэтгүүлч үзсэн байх юм.
Коул Аллен халдлага хийхийн өмнө ярилцлага хийхээр зочлох тухай төрөл садангийнхандаа хэлж, оюутнууд болон хамт ажиллагсаддаа болохоор өөрийн ер бусын байдлын талаар анхааруулсан байна. Тухайн үйл явдал болох үед хажууд нь байж, аюул осолд өртөж болзошгүй хүмүүсээс уучлалт хүсээд, асуудлыг шийдэх өөр арга зам олж харахгүй байгаагаа онцолжээ. Ерөнхийлөгч Трамп “хийсэн гэмт хэргийнхээ төлөө өршөөл хүртээд өнгөрөх”-ийг тэсвэрлэж чадахгүй тул халдлага хийхээр шийдлээ хэмээн өөрийн үйлдлийн зорилгыг хэлсэн байна. Тэрбээр ХМТ-ны тэргүүн Кэш Пателиэс бусад Ерөнхийлөгчийн засаг захиргааны түшмэдийг байгаа болгохоор шийджээ.
Нууц алба, “Washington hilton” зочид буудлын хамгаалалт, цагдаа, үндэсний гвардийнхныг гагцхүү эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд л буудах бөгөөд тэднийг сум үл нэвтрэх хантааз өмссөн байгаа гэдэгт найдаж байжээ. Зарим мэдээлэлд өгүүлснээр, Америкийн телевизийн хөтлөгч Жимми Киммел тэргүүн хатагтай Меланийг дуулиан шуугиантай цайллагаас хэд хоногийн өмнө бэлэвсэн хатагтай гэх маягийн үг хэлж наргиан болгосонд гомдож үг хэл болсон төдийгүй уг сэтгүүлчийг ажлаас нь халахыг Ерөнхийлөгч Трамп шаардсан гэнэ.
Эцэст нь өгүүлэхэд, Британийн тал АНУ-д айлчлах III Чарльз хаан болон түүний хатны аюулгүй байдалд сэтгэл зовж буйгаа Ерөнхий сайд Кир Стармер нь илэрхийлэв. Түүний ерөнхий нарийн бичгийн дарга Даррен Жонс хааны айлчлалын аюулгүй байдлын асуудлыг АНУ руу мордохоос нь өмнө хэлэлцэж холбогдох арга хэмжээг авахаа мэдэгдсэн. Хааны айлчлал нэгэнт болдгоороо болж, өнөөдөр өндөрлөнө.
Р.Жаргалант