Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр өчигдөр тохиолоо. Жил бүрийн энэ өдөр дэлхий нийтээр хүүхдийн эсрэг хүчирхийллийг үл тэвчих уриан дор дуу хоолойгоо нэгтгэдэг уламжлалтай. Манай улс Хүүхдийн эрхийн болон Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхдийг зодож шийтгэхийг нийгмийн бүх орчинд хориглосон. Ингэснээр хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг бэхжүүлсэн дэлхийн 49 дэх улс болсон билээ. Дээрх өдрийн хүрээнд хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох зорилготой нөлөөллийн ажлууд зохион байгуулж, хууль, эрх зүйн орчныг улам сайжруулах, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн цөөнгүй арга хэмжээ ч хэрэгжүүлсээр ирсэн.
Хүүхдийг зодож шийтгэх нь хүмүүжлийн арга биш гэдгийг дэлхийн хэмжээнд хэдийн хүлээн зөвшөөрсөн. Тиймдээ ч улс орнууд эцэг, эх, асран хамгаалагчдыг хүү хэдтэйгээ зөв харилцах, хүмүүжлийн эерэг арга хэрэгжүүлэхийг энэ өдөр уриалдаг юм. Тэдний сэтгэл зүй болоод бие бялдрын өсөлт, хөгжилд энэ нь эерэг нөлөөтэй тул хүүхдийг ойлгож, сонсохоос гадна урамшуулалд суурилсан харилцааг төлөвшүү лэхийг зөвлөж байна.
Хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилготой уг өдрийг 1998 онд анх санаачилж, 2001 оноос дэлхий дахинд өргөн тэмдэглэж эхэлжээ. Харин манайх 2006 онд Хүүхдийг ивээх сангийн санаачилгаар нэгдсэн аж.
М.Гэгээ