ЕТГ-ын дарга асан З.Энхболд, Зам тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2026 оны 4 дүгээр сарын 17-нд шүүсэн.
Тус шүүхээс гаргасан албан ёсны мэдээлэлд: НПГ-аас Зам, тээврийн хөгжлийн сайд буюу улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байсан Б.Энх-Амгаланд ЕТГ-ын дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан З.Энхболд нөлөөлсөн. Үүний улмаас БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Страто” ХХК-ийн Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт байрлах нүүрс угаан баяжуулах үйлдвэр рүү З.Энхболдын хамаарал бүхий этгээдийн хувь эзэмшдэг “Их дэлгэмэл ингүүн” ХХК-ийг нүүрс тээвэр хийх зорилгоор говийн хөрсөн замаар жин тонн хэтэрсэн хүнд даацын тээврийн хэрэгслээр нүүрс тээвэр хийх ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх үүднээс Б.Энх-Амгалан нь хууль зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрээс Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум чиглэлийн 407 км орон нутгийн чанартай байгалийн цогцолбор газрыг дайран өнгөрөх шороон авто замыг улсын чанартай зам болгох “Авто замын ангилал шилжүүлэх” сайдын тушаал гаргасан. Улмаар уг авто замыг хатуу хучилттай авто зам болгох нэрийн дор хууль зөрчиж “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д “Авто зам түр эзэмших эрх олгох тухай” сайдын тушаал гарган, “Страто” ХХК болон “Их дэлгэмэл ингүүн” ХХК-дад давуу байдал бий болгосон. Үүний улмаас говийн шороон хөрсөн замаар ямар ч хориглолтгүйгээр нүүрс тээвэрлэх боломж олгож авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэж Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг 2024 онд хүлээн авч, анхан болон давж заалдах шатны журмаар урьд хэд хэдэн удаа хэлэлцсэн. Тус шүүх 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд 5 өдрийн хугацаанд 8536 хуудас, 36 хавтаст хэргийг шинжлэн судалсны эцэст шүүгдэгч Б.Энх-Амгалан, шүүгдэгч З.Энхболд нарыг авлига, албан тушаалын гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцов. Шүүхээс Б. Энх-Амгаланд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял, З.Энхболдод нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв гэж мэдээлжээ.
Харин З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын талаас хэргийн зүйлчлэл, хэргийн оролцогч, гэрч, шүүгчдэгчдийн хамаарал бүхий этгээдүүдийг буруу тодорхойлж хүчээр энэ хэргийг бүрдүүлсэн. Тийм учраас хэрэг бүхэлдээ хуулийн үүднээс хүчин төгөлдөр бус. Үүний учир нь хэргийг улс төрийн шалтгаанаар зориуд зохиож бий болгосон гэж үзэж байгаагаа өмгөөлөгчдөөрөө болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан илэрхийлсэн. Эндээ харвал тэд давж заалдах нь тодорхой байна. ЕТГ-ын дарга асан З.Энхболд, Зам тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нар хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа. Өнгөрсөн 7 хоногт ЕТГ-ын дарга асан З.Энхболдыг АН-ынхан эргэж очжээ. УИХ-ын гишүүн, АН-ын О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн, АН-ын гишүүн Лу.Гантөмөр, Ц.Туваан, Э.Одбаяр, С.Эрдэнэболд нарын таван хүн очсон байна. З.Энхболд эргэлтээр очсон намынхандаа: “Бодь”-ийг ярьснаас болоод зохиомол хэрэгт яллагдлаа. Хариугаа заавал авна. Эхлээд эндээс цуврал захидал бичнэ гэжээ. З.Энхболдын хувьд шүүх хурал болохоос хэдхэн хоногийн өмнө АН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар сонгогдсон. Түүнийг зарлах хэвлэлийн хурлын үеэр З.Энхболд: Хэвтээ тэнхлэгийн төмөр замаа дуусгахын тулд У.Хүрэлсүхийн гуйлтаар “Бодь”-ийн төмөр замыг оруулсан гэж Х.Баттулга надад хэлж байсан. Зүүнбаянгийн төмөр замын хариуцлагыг Х.Баттулга, Гашуунсухайтын төмөр зам дээр алдаа гарсан бол У.Хүрэлсүх хариуцлага хүлээнэ гэж ярьсан. Тэрийгээ хэлсэн бололтой.
М.Бат-Эрдэнэ