АТГ-ынханЗамын-ҮүддэхГаалийн газарт шалгалт хийж, зарим хүнийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл хээл хахууль авсан, өгсөн гэх үйлдэлд холбогдсон хоёр хүнийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхтүвшингийн захирамжаар яллагдагчаар тооцон үргэлжлүүлэн хорихоор болжээ. Дээрх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Д.Тэмүүлэнг Эрүүгийн хуулийн 22.4-2 дахь хэсгийн “Нийтийн албан тушаалтан их хэмжээний хахууль авсан” хэмээн яллагдагчаар татах тогтоол Нийслэлийн прокурорын газраас баталсан аж. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тэрбээр гэрчид нөлөөлөхийг оролдсон гэх нөхцөл байдал үүссэн учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.91.2, 14.9-1.3 дахь заалтын дагуу цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэнэ. Мөн гаалийн зуучлагч С.Аюурзаныг мөн үндэслэлээр цагдан хорьжээ.