Үндсэн хуульд 2019 онд өөрчлөлт оруулахдаа Ерөнхийлөгчийг нэг удаа, зургаан жилээр сонгодог зохицуулалт хийсэн билээ. Тодруулбал, 30.2-т “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” хэмээн тусгасан. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийг үүнд нийцүүлэн өөрчлөхөө “мартсан” байсан аж. Уг хуулийн 6.1-т “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар дөрвөн жил байна” хэмээх хуучин заалт нь хүчин төгөлдөр хэвээр байгаа. Тиймээс энэ зөрчлийг арилгаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг Үндсэн хуульд нийцүүлэх хэрэгтэй гэж нэгэн иргэн үзээд, Цэцэд гомдол гаргасан байна. Уг гомдлоор маргаан үүсгэх шийдвэрийг Цэц гаргасан юм. Улмаар энэ сарын 6-нд болох дунд суудлын хуралдаанаар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг нэгтгэн зохицуулахтай холбоотой маргааныг хэлэлцэн шийдвэрлэхээр товложээ.
С.Уул