Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилт Монгол Улсад ямар хэмжээнд байгаа талаар өчигдөр мэдээлэл хийв.
ДЭМБ-ын судалгаагаар манай улсад урьдчилан сэргийлэх боломжтой зүрх, судас, уушгины архаг өвчин, чихрийн шижин, хорт хавдрын шалтгаант нас баралт хүн амын дунд хамгийн түгээмэл тохиолдож буйг тогтоосон. 30-70 насныхны дунд эл өвчлөл 26.3 хувьтай байгаа нь бүсийн дундаж үзүү лэлтээс 10.4 хувиар их байгаа юм. Мөн хорт хавдрын нас баралтаар дэлхийд “тэргүүлж” буй билээ. Эдгээр нь Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн тогтолцоо ямар түвшинд байгааг илтгэх наад захын үзүүлэлт гэдгийг ХЭҮК-ын Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир хэллээ. Улмаар сэргийлж болох дээрх өвчлөл нь ихэвчлэн хүрээлэн буй орчин буюу агаар, хөрсний бохирдол, хүнсний аюулгүй байдал алдагдсантай холбоотойгоор үүсэж байгаа. Энэ нь иргэний Үндсэн хуулиар олгосон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж буй энгийн жишээ гэдгийг тэрбээр нэмж тодотгосон.
С.Тунгалагтамир “Монголд сүүлийн 10 жилд эрүүл мэндийн байгууллагын тоо 51.5 хувиар өссөн байна. 1000 хүнд ногдох эмчийн тоо ч дэлхийн дунджаас өндөр. Гэтэл одоо ч эмнэлгийн хүртээмж муу, эмчийн ачаалал их гэсэн гомдол тасрахгүй байгаа нь хачирхалтай. Үүний гол шалтгаан нарийн мэргэжлийн эмч нарын олонх нь Улаанбаатарт төвлөрсөн, хөдөөд ур чадвартай боловсон хүчин байхгүйтэй холбоотой. Орон нутагт хийсэн хяналт шалгалтаар ч энэ нь ил болсон” гэсэн юм.
ХЭҮК-оос иргэдийн дунд явуулсан судалгаагаар 67 хувь нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч чадахгүй байна гэж хариулжээ. Энэ бүхэн даатгалын санхүүжилтийг зөв хуваарилах, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад анхаарах, эмч, сувилагчийн харьцааг тэнцүүлэх, орон нутагт нарийн мэргэжлийн эмч нарыг олноор ажиллуулж, төвлөрөл, чирэгдлийг бууруулах шаардлагатайг харуулж байна хэмээн комисс дүгнэжээ.
О.Ундрах