БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Хятадын Ардын их сургууль (Renmin University of China)-ийн магистрын тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ. Орчин үеийн хятад судлалын чиглэлээр хоёр жил суралцах боломжтой бөгөөд сургалтын төлбөрийг 100 хувь чөлөөлж, мөн амьжиргааны тэтгэмж олгох гэнэ. Магистрын түвшинд суралцахыг хүсэгчдийг энэ сарын 31 хүртэл бүртгэх тул шаардлагатай мэдээллийг Элчин сайдын яамнаас авч болох нь. Өргөдөл гаргагчид Хятад улсын иргэншилгүй, бие бялдар, сэтгэл зүйн хувьд эрүүл, гэмт хэрэгт холбогдсон бүртгэлгүй, бакалаврын болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн, англи хэлний мэдлэгтэй байхыг шаардаж буй.
Сонирхуулахад, Хятадын Ардын их сургууль нь дотооддоо хамгийн нэр хүндтэй, элит их сургуулиудын нэг юм. Ялангуяа нийгмийн шинжлэх ухааны чиглэлдээ тэргүүлэгч мэргэжилтнүүдийг бэлддэг бөгөөд төрийн бодлого, эдийн засгийн салбарт хүч тэй нөлөө үзүүлдэг юм байна.
Ч.Цэлмэг