Тавантолгой, Оюутолгой гэх хоёр ордоос монголчууд хувь хишиг хүртэж чадахгүй хэвээр байна. Тавантолгойг төрийн эрх мэдлээр дамжуулаад дотоодын хулгайч нар цөлмөдөг. Оюутолгойг луйврын гэрээгээр халхавчлаад гадныхан зооглодог. Тавантолгой нь Оюутолгойг бодвол олборлох технологи, хөрөнгө оруулалтын шаардлага багатай. Өөрсдөө ашиглах боломжтой. Гэхдээ төрийн оролцоог үгүй хийж байж жинхэнэ утгаараа ард түмний баялаг болно. Тэгэхгүй бол өдгөө Тавантолгой ордод төр, нийтийн өмнөөс менежмент хийдэг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажлын тендер, бараа бүтээгдэхүүний худалдан авалт, менежментийн зардал, удирдлагын томилгоо зэрэг нь бүгд хувьцаа эзэмшигчдээс хамааралгүй шийдэгдэж байна. Аудитын байгууллага үүнийг нь он дараалан хэлж байгаа ч нөгөө л хэвээр өнөөдөр үргэлжилсээр.
Тендер, худалдан авалттайгаа адилхан гүйцэтгэх захирлыг, түүнийг дагаад менежментийн баг гэх асар өндөр зардалтай оффисын ажилтнуудыг Удирдах зөвлөлөөс нь сонгож томилдог. Удирдах зөвлөлийнх нь гишүүд цэвэр улс төрийн хамааралтай. Тус бүтцээс өнгөрсөн оны 10 дугаар сард Н.Цэрэнсамбууг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон.
Н.Цэрэнсамбуу 2016 оноос ТӨБЗГ-ын албаны даргаар, 2020 оноос Төрийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2022 оноос “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авах ажиллагааны даргаар ажиллаж эхэлсэн. Тэрээр Худалдан авах ажиллагааны газрын даргаар ажиллах 2022-2025 оны хооронд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хөрс хуулалт, олборлолтын тендер, тэр дундаа Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогчийг сонгон шалгаруулахтай холбоотой булхайд нэр холбогдсон. Хэвлэлээр баахан шуугисан. Тэр нь 1.2-1.5 их наяд төгрөгийн төсөвтэй, 3 жилийн хугацаатай томоохон хэмжээний тендерүүд байсан. Тодруулахад “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас Цанхийн баруун уурхайн хөрс хуулалтын тендерийг 2023 оны 4 дүгээр сард зарласан. 1.2 их наяд төгрөгийн тус тендерт Хөгжлийн банканд 107 тэрбум төгрөгийн өртэй “Моннис майнинг” ХХК-ийг шалгаруулсан гэх асуудалд нэр холбогдсон. Тухайн үед Н.Цэрэнсамбуу “Эрдэнэс тавантолгой” ХК нь Цанхийн баруун уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажлын төсөвт өртөг нь 647 тэрбум 472 сая 63 мянга 310 төгрөг байсан. Бид тендерийн баримт бичиг дээр нэг метр куб уулын цулын ажлыг 11 мянга 982 төгрөгөөс хэтрүүлэхгүй байх саналын шаардлагыг тавьсан. “Моннис майнинг” ХХК нэр бүхий харилцагч банкнаас өр төлбөргүй гэдгээ тодотгож, тендерт орсон. Байнгын хорооны хуралдаан дээр нэг тендерийн талаар яриад байх нь хэр зохимжтой вэ гэдгийг дор бүрнээ бодох хэрэгтэй” гэж тайлбар хийгээд өнгөрөөсөн.
Зөвхөн хэвлэлийнхэн гэлтгүй улстөрчид түүнийг мэддэг шиг байдаг. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж 2025 оны 11 дүгээр сарын 6-нд чуулган удирдаж байхдаа “Нүүрсний хулгайн асуудалд хамгийн их нэр холбогдсон нөхөр орж ирсэн байна. Чуулганыг орхиод гарчих даа. Танаас асуулт асуухгүй гэж байсан. Энэ үйлдэлд нь олон нийт таагүй дүгнэлт хийгээд өнгөрсөн. Гэхдээ тэрээр өмнө нь: Хамгийн том гол хулгай “Эрдэнэс Тавантолгой” дээр явдаг. Ганцхан жишээ хэлье. “Эрдэнэс тавантолгой” ХК 30 сая тонн баяжуулах үйлдвэр барина гэчихээд 10 сая тоннын үйлдвэр барьсан. Үүнийгээ нэг их наяд төгрөгөөр барьсан байгаа юм. Одоо дарга нар нь “Дахиад тендер зарлана, конвер явуулж, тэндээс мөнгө хусна” гэж байгаа. Ийм байдлаар хулгай зэлгий хаа сайгүй шат шатандаа явчихсан.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 7 их наяд төгрөгийн төсөвтэй. Гол юмыг нь Худалдан авах ажиллагааны дарга нь мэддэг. Тэр бол жинхэнэ хулгайч нь гэж байгаа юм. Тэдний хажууд УИХ-ын гишүүн, сайд нар сураг байхгүй. Шинэхэндүү гишүүд очвол гөлөөг ч гэж тоохгүй. Ийм дампуурчихсан даварсан газрууд бий болчихсон” гэж байв.
Гэтэл ойрмогхоноос Н.Цэрэнсамбуутай холбоотой мэдээллүүд чих дэлсээд байх боллоо. Чих дэлсэх ч гэж дээ, уул уурхайнхан, бизнесийнхэн битүү ярьж байна. Тэд “Н.Цэрэнсамбуу МАН-ын байранд очиж хөзөр тоглож байгаад л компанийнхаа асуудлыг шийддэг. Ялангуяа хөрс хуулалтын тендерийг МАН-ын нэг бүтцийн даргын үгээр болгодог юм байна. Ойрынх нь хүмүүс хөрс хуулалтын тендерт орох гэхээр Дэмий дээ, тэр дарга мэднэ гэдэг болсон” гэж байна. Чихнийхээ дэргэдүүр өнгөрөөх мэдээ биш шүү, энэ. Н.Цэрэнсамбуу хэний өрөөнд очиж хөзөр тоглодог, хөрс хуулалтын тендерийг хэний үгээр хэнд өгдөг нь сонин. Монголд юу ч нуугаад нэмэр байх биш, их удахгүй чих дэлсэх биз.
М.Бат-Эрдэнэ