Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайгийн гэр, албан өрөөнд өнгөрсөн ням гарагт ЭЦАны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан нэгжлэг хийж, улмаар хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатуулав. Түүнтэй хамт “Авангард уран дизайн энд инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгч Н.Билгүүн, “Хувай монголиа” компанийн эрх бүхий албан тушаалтан буюу нягтлан бодогч Б.Болормаа тэргүүтэй 10 гаруй хүнийг шалгаж, тухайн өдөр тайлбар мэдүүлэг авсан гэх мэдээлэл бий. Тэдэнд Эрүүгийн хуулийн 17.4-2.1-ийн “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан”, 18.6-1 дэх хэсэгт заасан мөнгө угаасан гэх үндэслэлээр хэрэг нээн шалгаж байгаа юм.
Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын Авлига, мөнгө угаах гэмт хэрэг хянан шийдвэрлэх хэлтсийн дарга, ахлах прокурор А.Дүүрэнбилэг өчигдөр сэтгүүлч, сурвалжлагч нарт “Мөрдөн шалгах ажиллагааны явцад нэр дурдсан иргэний орон байр, хуулийн этгээдийн албан өрөө болон иргэн Н.Билгүүн, Б.Болормаа нарын орон байранд нэгжлэг хийж, хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагаа явуулсан” хэмээн мэдээлэл өгөв.
Н.Билгүүн нь нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн эхнэр Б.Анхтуяагийн нэр дээрх “Анка урбан дизайн энд инженеринг” ХХК-ийг 2024 оны аравдугаар сарын 16-нд шилжүүлэн авч “Авангард уран дизайн энд инженеринг” болгосон юм байна. Уг компани нь “Улаанбаатар метро” төслийн хөрөнгөөс завшсан байж болзошгүй хэмээн шалгуулж буй аж. Б.Болормаагийн хувьд ч Т.Даваадалайгийн эхнэртэй садан төрлийн холбоотой бөгөөд мөн л дээрх төслийн туслан гүйцэтгэгч нэрийн доор эд хөрөнгө завшихад оролцсон байж болзошгүй хэрэгт холбогдсон бололтой. Тухайн төслийн удирдагчаар нь Т.Даваадалайгийн төрсөн дүү Т.Мөнхдалай ажиллаж буй бөгөөд ах дүүс нийлж хамаарал бүхий аж ахуйн нэгж, байгууллагууддаа давуу байдал олгож, хөрөнгө завшсан байж болзошгүй хэрэгт буруутгагдаж буй.
Т.Даваадалайг хойшлуулшгүйгээр баривчилсантай холбоотойгоор нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна. Манай залуучуудыг ээлж дараалан баривчилж байна. Гэмт хэрэгт хэнийг ч сэжиглэж, шалгаж болно. Жишээ нь, Даваадалай орлогч дуудахад нь очсон. Гэрийн хаягтай, оргон зайлаагүй, мөрдөгчийг айлган сүрдүүлээгүй, нотлох баримт устгаад дахин гэмт хэрэг үйлдсэн гэх зүйлгүй байхад амралтын өдөр өдөржин байлгаж байгаад шөнө дунд айдас төрүүлэн 48 цагаар баривчилсан байх юм” хэмээн цахим хуудсандаа бичсэн байв.
Ташрамд дурдахад, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар, “Үнэн ба зөв” намын ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Мөнхсайхан нарыг “Сэлбэ хорин минутын хот” төслийн хүрээнд зарласан “Сэлбэ дэд төвийн орон сууцын иж бүрэн цогцолбор хороолол буюу зургаан блок бүхий 71 айлын есөн давхар барилга, найман блок бүхий 71 айлын 12 давхар барилгын багц төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа хууль зөрчсөн байж болзошгүй хэмээн шалгаж байна. Уг тендерт сонгон шалгарсан “Професионалстрой” ХХКийн 30 хувийн хувьцаа эзэмшигч нь нийслэлийн ИТХын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар, 70 хувийнх нь хувьцаа эзэмшигч Ш.Мөнхсайхан нарт Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хойшлуулшгүйгээр баривчилсан гэдгийг АТГ, прокурорын байгууллагаас албан ёсоор мэдээллээ.