Шинжлэх ухаанд шимтэгсдийн баяр болох “SciCon-2026” арга хэмжээг “Гэж юү вэ” төслийн багийнхан дөрөв дэх жилдээ энэ сарын 17-нд Соёлын төв өргөөнд зохион байгуулах нь. Шинжлэх ухааны ололт амжилтыг нийтэд сурталчлан таниулах зорилготой тус арга хэмжээний хүрээнд салбарын эрдэмтэд олон сонирхолтой илтгэл хэлэлцүүлэх аж. Мөн төрөл бүрийн сонирхолтой туршилт, үзүүлбэр, workshop болон science fair зэрэг цогц хөтөлбөр толилуулахаар төлөвлөжээ.
Энэ удаагийн “SciCon”-ийн тайзнаа дэлхийн физикийн шинжлэх ухааны хамгийн том төв болох CERN-д ажилладаг монгол эрдэмтэн, ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн Хүнд кваркын судалгааны лабораторийн эрхлэгч, доктор Б.Баасансүрэн оролцоно. Тэрбээр ертөнцийн үүсэл, атомын задрал болон орчин үеийн физикийн тулгуур асуултуудын талаарх шинэ судалгаагаа энэ үеэр танилцуулах юм. Мөн МУИС-ийн Физикийн тэнхимийн дэд профессор, доктор Б.Төгөлдөр байгаль дэлхий, цаг хугацаа, орон зай, атомын түвшинд орших “тэгш хэм”-ийн нууцыг тайлбарлаж, орчлон ертөнц хэрхэн “эвдэрсэн тэгш хэм”-ийн үр дүнд бүрэлдсэн талаарх илтгэл хэлэлцүүлнэ. Түүнчлэн МУИС-ийн Биологийн тэнхимийн дэд профессор, доктор Ө.Энэрэлт шувуудын нүүдэл болон тэдгээрийн молекул түвшний “луужин”-г квант биологийн үүднээс задлан шинжилж, байгалийн энэхүү гайхамшиг ирээдүйн технологийн инновацад хэрхэн нөлөөлөх талаар байр сууриа хуваалцах аж.
Салбартаа тэргүүлэгч эрдэмтдийг нэгтгэсэн эл арга хэмжээ нь хүүхэд, залууст ертөнцийн нууцлаг өнцгүүдийг нээж, инновацын ирээдүйгээр аялах боломж олгох бөгөөд тасалбар нь 50 мянган төгрөгийн үнэтэй юм байна.
Э.Сондор