Хумхаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр уржигдар болж өнгөрлөө. Энэ нь “Anopheles” төрлийн шумуулаар дамжин халдварладаг, эгэл биет шимэгчээр үүсгэгддэг, ойр ойрхон халуурах, цус багадах, элэг, дэлүү томрох, арьс, салст шарлах шинж тэмдгээр голчлон илэрдэг хурц өвчин юм. Дэлхийн нийт хүн амын тал хувь нь хумхаа дамжуулагч шумуул тархсан, эрсдэлт бүс нутагт амьдардаг бөгөөд уг өвчний улмаас минут тутамд нэг хүн нас бардаг байна.
ДЭМБ-ын шийдвэрээр 2007 оноос эхлэн жил бүрийн дөрөвдүгээр сарын 25-ныг хумхаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй. Уг өвчнийг хяналтад авах, урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсад тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ онд “Хумхаа өвчнийг устгах хүч, бид чадна. Одоо бид хийх ёстой” гэсэн уриан дор нэгджээ. Хумхаа 2024 онд 37 улсад 1000- аас цөөн тохиолдол бүртгэгдсэн бол 47 орон уг өвчнөөс бүрэн ангижирсан гэдгээ албан ёсоор мэдээлсэн байна. Харин тухайн онд 610 000 хүн уг өвчний улмаас нас баржээ.
Манай улсын тухайд хумхаа өвчний дэгдэлт гараагүй ч зөөвөрлөгдөн ирэх тохиолдол бүртгэгдсээр байгаа юм. Сүүлийн жилүүдэд дунджаар 1-4 тохиолдолбүртгэгдэх болсныг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлсэн. Уг өвчний голомт нутаг болох Африкийн орнууд, БНСУ, Энэтхэгт амьдарч, сурч буй иргэд тухайн улсдаа халдвартай шумуулд хазуулж, Монголдоо эмчлэгдэх тохиолдолгардаг байна. Ташрамд, хумхаагаассэргийлэх боломжтой бөгөөд гэрийн хаалга, цонхонд тор хийх, шумуулаас үргээх тос, цацлага хэрэглэх, ойр орчимд тогтсонус, ил задгай усан сан байлгахгүй байхыг албаныхан зөвлөв.
Ч.Цэлмэг