Монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ойд зориулсан “Майдарын Ганзориг” номын нээлт ШУА-д уржигдар боллоо. Тус бүтээлд сансрын нисэгч, Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор М.Ганзоригийн амьдралын замнал болон түүний туурвисан эрдэм шинжилгээний арвин өвийг эмхэтгэн, хоёр боть болгон уншигчдын хүртээл болгожээ.
Монгол хүн анх сансарт нисэх үедээ олон талт, сонирхолтой туршилт, судалгаа гүйцэтгэсний нэгээхэн хэсгийг М.Ганзориг агсан амжилттай хэрэгжүүлсэн түүхтэй. Тэрбээр судалгааны үр дүнг бодит хэрэглээ, бүтээгдэхүүн болгон нутагшуулснаар эх орондоо сансрын мэдээлэл боловсруулах, зайнаас тандан судлах, мэдээллийнтехнологийг хөгжүүлэх анхны суурийг тавьсан юм.
Тэрхүү үйл хэргийг өдгөө ШУА-ийн залуу эрдэмтэд үргэлжлүүлэн хөгжүүлж, Математик, тоон технологийн хүрээлэнгийнхэн мэдээллийн технологийн чиглэлээр дагнан ажиллаж буй бол Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийнхэн академич Д.Амарсайханы удирдлагад сансрын мэдээлэл боловсруулах чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Эрдэмтэн судлаачид энэхүү хоёр ботийг ирээдүй хойч үеийн залуу эрдэмтдийн ширээний ном болж, эрдэм мэдлэгийн замыг нь гэрэлтүүлэх үнэ цэнтэй бүтээл болсныг энэ үеэр онцоллоо.
Түүний гэргий Ц.Ломбодагзал энэ үеэр “Ханийнхаа гэгээн дурсгалд зориулж, үр хүүхдүүдтэйгээ хамтран энэхүү бүтээлийг олны хүртээл болгосондоо туйлын баяртай байна. Амьд сэрүүндээ туурвисан эрдмийн өв нь түүх болон үлдэж, уншигчдын гарт очлоо. Энэхүү номд ханийн минь хүүхэд наснаас эхлээд амьдралынх нь эцсийн мөч хүртэлх бүхий л түүх, дурсамж багтсанаараа онцлогтой” хэмээв.
У.Цэцэг