Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан метилдопа 250 мг шахмал эм зах зээлд болон эмнэлгүүдэд тасарсан тул яаралтай нөөц бүрдүүлэх үүрэг өгчээ. Тодруулбал, уг эмийг иргэд өргөн хэрэглэдэг бөгөөд эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр олгодог юм байна. Мөн эмнэлгийн тусламж, үйлчилгээнд түлхүү ашигладаг гэнэ. Иймд цусны даралт бууруулах үйлчилгээтэй тус эмийн хоёр сарын нөөц бүрдүүлж, зах зээлд даруй нийлүүлэх үүргийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас ханган нийлүүлэх байгууллагуудад өгсөн аж. Чиглэл хүргүүлэх тухай тус газрынхны албан тоотод “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, хангамжийн зохицуулалт хийх зорилгоор төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудаас нөөц, тасалдлын мэдээг долоо хоног бүр авч ажиллаж байна. Одоогоор метилдопа 250 мг шахмал эмийн тасалдал үүссэн. Бүртгүүлэгч, импортлогч байгууллагаас шуурхай нийлүүлэх боломжгүй гэсэн тайлбар ирүүлсэн. Тиймээс холбогдох хууль, стандартын хүрээнд эм ханган нийлүүлэх байгууллагуудад хандсан. Тус эмийг импортлоход манайх хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлэн ажиллана” гэжээ.
О.Ундрах