Хөл бөмбөгийн тамирчин, дасгалжуулагчдын хувьд хавар, зуны улирал хамгийн завгүй цаг хугацаа байдаг. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан лигийн аварга шалгаруулах тэмцээнд оролцдог тул өдөр, хоног хурдан өнгөрдөг. Тамирчнаас дасгалжуулагчийн замналаа эхлүүлсэн цөөнгүй тоглогч уг тэмцээнд оролцож буй. Тэдний нэг бол “Номадик кикерс”клубийн дасгалжуулагч, “Зөгийнүүд” багийн тамирчин Э.Сарангэрэл. Тэрбээр ажиллахын зэрэгцээ шавь нараа бэлтгэл хийлгэх, багийнхантайгаа лигт тоглох гээд бүх зүйлийг амжуулахаар хичээдэг. Хөл бөмбөгийн хорхойтнуудыг удтал хүлээлгэсэн “Эмэгтэйчүүдийн лиг-2026” өнгөрсөн долоо хоногт эхэлж, гадаа талбайд анхны тоглолтоо хийхэд тэрбээр эсрэг багийн хаалганд гоол оруулж, нөхдөдөө хожил авчирсан юм. Дасгалжуулагчаар цөөнгүй жил ажилласан түүний хувьд тэмцээний талбарт эргэн хөл тавьж, лигт тоосоо өргөж буй нь энэ.
-“Эмэгтэйчүүдийн лиг эхэлж, хаврын урт өдрүүд сонирхолтой өнгөрөх нь. Энэ удаа “Зөгийнүүд” багийнхан бүрэлдэхүүнээ өргөтгөж, хурдтай залуу тоглогчдоор хүч сэлбэсэн харагдана. -Би хүүхэд байхаасаа хөл бөмбөгтэй нөхөрлөсөн. Клубүүдын болон УАШТ, лигийн тоглолт зэрэг дотоодын тэмцээнд оролцдог байхдаа өвдгөндөө хүнд бэртэл авч, нэг хэсэгт завсарласан юм. Түүнээс хойш зургаан жилийн дараа лигийн талбайд дахин гарч байна. Өнгөрсөн хугацаанд тамирчны карьераа түр хойш тавьж, дасгалжуулагчаар ажиллалаа. Сүүлийн хоёр жил талбайд тоглох нь зөв юм байна. Залуу насандаа лигийн тоглолтуудад оролцож, шавь нартаа багш нь ийм тамирчин байсан шүү гэх үлгэр дуурайл болъё гэж бодож, ур чадвараа ахиулахаар бэлтгэл сургуулилалтдаа анхаарал хандууллаа.Талбайд гаралгүй удсан надад лигт тоглоход сэтгэл сэргэж, хүүхэд насны минь дурсамжууд нүдэнд харагдах шиг болсон. Эмэгтэйчүүдийн лигийн АШТ-ийг 2016 онд анх зохион байгуулахад би 19 дугаартай тоглож, эхний хоёр гоолыг оруулсан юм. Энэ удаа ч гэсэн өмнөх дугаартайгаа талбайд гарах сайхан санагдаж байна.
-Тухайн үед “Дуулиан 2020” тэмцээн болдог байсан нь лигт оролцдог багуудын тоглолтыг илүү өрсөлдөөнтэй болгосон биз?
-“Дуулиан 2020” тэмцээн болдог байхад хүүхдүүд долоо хоног бүр хөл бөмбөг тоглоно. Тэр үед ур чадвараа ахиулсан охид одоо ч лигт өрсөлддөг. Охидын шигшээ багийг 2016 онд байгуулахад Япон мэргэжилтэн Ики Ёожи бэлтгэл хийлгэж, ахлах дасгалжуулагчаар Ц.Ганболд багш ажилласан. Монголд хөл бөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийг 2018 онд байгуулж, охидын шигшээд тоглож байсан тамирчдыг дуудсан юм. Тэр үед эмэгтэйчүүдийн лигийн тоглолт болж таарсан. Ахлах дасгалжуулагч Ц.Ганболд багш намайг шигшээ багт дуудахад би лигт оролцох үедээ хөлөө бэртээсэн тул тоглож чадаагүй. Монголын эрэгтэй, эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг 2018 оны есдүгээр сард болсон Зүүн Азийн АШТ-ий (EAFF E-1 football сhampionship 2019) урьдчилсан I шатны тэмцээнд тэмцээнд оролцож түрүүлснээр дараагийн шатанд өрсөлдөх эрх авч байлаа. Майкл Вайсс дасгалжуулагчаар удирдуулсан эрэгтэйчүүдийн баг Макаог 4:1, Хойд Марианы арлуудыг 9:0- ээр хожиж, Гуамын шигшээтэй 1:1-ээр тэнцсэн ч хэсгээ тэргүүлсэн. Эмэгтэйчүүд Ц.Ганболд дасгалжуулагчийн удирдлагад тоглож Хойд Марианы арлуудын багийг 3:2, Гуамын тоглогчдыг 1:0-ээр хожиж, Макаотой 0:0-ээр тэнцэн мөн хэсгээсээ нэгээр гарсан юм. Тус тэмцээний дараа арваннэгдүгээр сард Тайванийг зорьж, урьдчилсан II шатны тэмцээнд оролцож, Зүүн Азийн бүсийн хүчтэй багууд болох Тайвань, Хонконг, БНАСАУ-ын шигшээ багтай өрсөлдөж байв.
-Та өмнө нь довтлогчийн байрлалд тоглодог байсан. Одоо ямар байрлалд тоглодог вэ?
-Одоо миний нас 30 руу дөхсөн болохоор довтолгооны байрлалд тохирохгүй. Харин тэмцээний үед довтолгоог найруулах, залуу тамирчдаа дэмжих зорилгоор туршлага заасан тоглолт гаргах тал дээр төвлөрдөг. Дасгалжуулагчаар ажиллаад багагүй хугацааг үдсэн тул багийнхандаа энэ үед ингэх, тэр үед тэгэх нь зүйтэй гэх зэргээр тал бүрээс нь бодож, тактик боловсруулан туршлагаараа тоглохыг хичээж байна. Охидын шигшээд хамт тоглодог байсан тамирчдын олонх нь хөл бөмбөгийн талбараас холдоогүй. Зарим нь дасгалжуулагч, шүүгчээр ажилладаг. Тэд энэ спортдоо хайртай учраас үлдсэн.
-Монголд олон улсын франчайз хүүхдийн хөл бөмбөгийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Та дасгалжуулагчаар нь ажилладаг гэл үү?
-Тийм ээ. Монголд тус хөтөлбөрийг Г.Мөнхбаяр захирал 2018 онд хэрэгжүүлэхээр болж, надад “Чи олон улсын франчайз хүүхдийн хөл бөмбөгийн хөтөлбөрийн дасгалжуулагчаар ажиллаач” гэж санал тавьсан юм. Эл хөтөлбөрийн дагуу хүүхдүүдэд найман нас хүртэл хөл бөмбөг заадаг. Тухайн үед 2-3 настай балчир хүүхдүүдэд хөл бөмбөг заах сэтгэл нэг л буухгүй байлаа. Юу хэлж, ярьж буйг минь сайтар ойлгох насанд хүрээгүй жаахан хүүхдүүдтэй ажиллана гэхээс эхэндээ эмээсэн. Хөтөлбөр нь олон улсынх болохоор зааврынх нь дагуу ажиллахад харин нэг их хэцүү санагдаагүй. 2-3 настай хүүхдүүдтэй хэдэн жил ажиллаж, дараа нь клуб байгуулан 9-10 настнуудтай харилцахад илүү амар болсон. Үнэнийг өгүүлэхэд өөрийгөө дасгалжуулагч болно гэж хэзээ ч төсөөлж байгаагүй. Одоо ажил, мэргэжлээ болгоод явж байна.
-“Номадик кикерс” клубийг байгуулах санаа хэзээ төрөв?
-2021 онд байгуулсан. Шалтгаан нь литл кикерс олон улсын франчайз хүүхдийн хөл бөмбөгийн хөтөлбөртэй холбоотой. Хөтөлбөрийн дагуу 7-8 нас хүртэл хичээллэсэн хүүхдүүд цаашаа үргэлжлүүлэхийг хүсэж байсан. Тухайн үед бид өөрийн клубээ байгуулж, хөтөлбөрийн дагуу хичээллэсэн хүүхдүүдээ мэргэжлийн тоглогчоор бэлдэх боломжтой юм байна гэж ярилцсан. Одоо манай клуб насны ангилал бүрд багтай, тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Клуб маань Хан-Уул дүүрэгт харьяалагддаг тул сүүлийн хоёр жил төсөл хэрэгжүүлж, дүүрэг бүрд салбартай болох, хөл бөмбөгөөр хичээллэх сонирхолтой захын гэр хорооллын хүүхдүүдэд хүрч ажиллах зорилго тавьсан. Улиастайд байрлах “Ид шидийн орон”-ы хүүхдүүдэд өнгөрсөн жилээс хөл бөмбөг зааж эхэлсэн. Есөн настай шавь нар минь хилийн дээс алхаж, өмнөд хөршийн хөл бөмбөгийн клубүүдтэй хамтарсан бэлтгэл хийлээ. Тэнд байх хугацаандаа нөхөрсөг тэмцээнд оролцож, тамирчдыг нь эхний болон сүүлийн тоглолтод хожиж, ялалтаар өндөрлүүлэн багшийгаа баярлуулсан. Гадаадын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх давуу талтай. Хүүхдүүд бэлтгэл хийх явцдаа өөрийн ур чадварыг харьцуулж, хэрхэн хөгжүүлэх хэрэгтэйг ойлгодог. Тэндээс ирснийхээ дараа шавь нартайгаа клубийнхээ нэрэмжит “Silla cup” тэмцээн зохион байгуулахад найм хүртэлх насныхны багийн тоглогчид “Эрчим” клубийнхнийг 2:1-ээр хожиж, хүрэл медаль гардсан. Энэ бол нас тус бүрд тамирчид бэлтгэж буй ажлын минь үр дүн байлаа. Шавь нар минь өнгөрсөн жилийн УАШТ-д шигшээ наймд шалгарсан. Энэ удаа УАШТ-д шигшээ дөрөв, цаашлаад хагас шигшээд тоглохоор зорьж байгаа. Амархан бүтдэг ажил гэж байхгүй тул хөлөө олтлоо унаж, боссон удаа олон. Хөл бөмбөг хөгжихийн хэрээр хүчтэй баг олон болсон. Спортод хүчтэй байх тусам өрсөлдөөн ширүүсдэг. Амжилт гаргахын тулд тамирчин, дасгалжуулагч нарын сурч, судлах, хөгжих зүйл их болно.
-Тамирчны замналаа ямар клубээс эхлүүлж байв?
-Намайг хөл бөмбөг сонирхож эхлэх үед манайх Баянзүрх дүүргийн Улаанхуаранд амьдардаг байлаа. Би тус дүүргийн 44 дүгээр сургуулийг төгссөн. Тэр үед ҮБХИС-ийн харьяа “Соёмбо” спорт клубийн ахлах дасгалжуулагчаар Д.Энхтүвшин багш ажилладаг байв. Түүнтэй сургуулийн гадаа цөөнгүй таарна. Тэрбээр нэг өдөр “Чи манай хөл бөмбөгийн охидын клубт орж тоглооч” гэв. Тэр өдрөөс хойш түүний удирдлагад тус клубт гурван жил хичээллэсэн. Би тэр үед 15 настай л байсан болов уу. Багш биднийг хөл бөмбөгийн УАШТ-д оролцуулахад 18 наснаас дээш ангилалд зохион байгуулж таарсан. Гэсэн ч багаараа амжилттай тоглож, хүрэл медаль хүртсэн юм. Миний хувьд ур чадвараа дээшлүүлэх зорилгоор “Монголын тэмүүлэл” клубт хөл тавьсан. Ц.Ганболд дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэлээ үргэлжлүүлснээр богино хугацаанд түвшнээ ахиулсан даа.
-Эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагчаар ажиллах амаргүй гэж сонссон. Сайдаж, муудах гээд үл ойлголцох зүйл багагүй гардаг байх.
-Багш нар маань багийнхаа охидод “Та нар нэгнээ дэмждэг байх хэрэгтэй. Зовлон жаргал, баяр гуниг гээд юу ч тохиолдсон хуваалцдаг байгаарай. Ямар ч үед хамт олон, найз нөхөдтэйгөө эвтэй яваарай” гэж байнга зөвлөдөг тул үл ойлголцох зүйл бараг гардаггүй байлаа. Тэгээд ч би багийнхнаасаа хамгийн бага нь байсан болохоор эгч нарынхаа зөвлөгөөг дагана. Надад эгч нар “Шалихгүй амжилт гаргаад биеэ тоож болохгүй, тэмцээнд хэдэн гоол оруулаад онгирч, их зан гаргахгүй бай” гэж зөвлөж, хөл бөмбөгт эрэмбэтэй байх, эгч нарыгаа хэрхэн хүндэлж сурахыг заасан. Одоо ч манай “Зөгийнүүд” клубт тэдний зөвлөж, сургасан зарчим үйлчилдэг. Дүү нь эгчийнхээ үгийг сонсдог, эгч нь дүүгээ сургадаг байсан үеийн эв найрамдал сэтгэлд тод үлджээ. Хэрэв үеийнхээ охидтой нэг багт тоглосон бол арай өөр дурсамж үлдэх байсан болов уу. Надад эгч нараас сурсан зүйл их бий. Ажил, амьдралд хөл тавихад тэдний заасан бүхэн алхам тутамд хэрэг болдог.
-“Зөгийнүүд” клубийн тоглогчдыг тэмцээнд оролцохыг нь хараад олон жил хичээллэсэн туршлагатай тамирчдаас бүрдсэн баг байна гэж ойлгосон.
-Бусад клубтэй харьцуулахад туршлагатай тоглогчидтой баг. Дотооддоо УАШТ, заалны лиг, эмэгтэйчүүдийн лигийн АШТ зэрэг томоохон тэмцээнд оролцдог. Манайхан 2020 онд эмэгтэйчүүдийн лигийн тоглолтоос хүрэл медаль хүртэж байв. Түүнээс хойш таван жилийн дараа лигт хоёр удаагаа хүрэл медаль гардсан. Энэ жил футзалын лигт аваргын төлөө “Хараацай” клубийнхэнтэй өрсөлдөж, мөнгөн медаль хүртлээ. Өнгөрсөн жил болсон лигийн тоглолт, мөн энэ удаа зохион байгуулсан УАШТ-д манай багаас Г.Отгонжаргал мэргэн буучаар шалгарч, шагнал авсан. Бидний амжилт энэ мэтчилэн алхам алхмаар урагшилж байна. Бид энэ удаагийн лигт олон клубээс тоглогч урьсан. Зорилго нэгтэй байж амжилт гаргахын тулд хоорондоо сайтар ойлголцож, талбайд нэгнээ мэдэрч тоглох нь хамгийн чухал. Лигийн тэмцээн тамирчдаас тэсвэр хатуужил, хурд, хүч, мэдрэмж, бие, сэтгэл зүйн өндөр бэлтгэл, нэгдмэл байдлыг их шаарддаг. Бидний анхаарч буй гол зүйл бол ойлголцол, хурд, хүч, бие, сэтгэл зүйн бэлтгэл.
-Охиноо олон жил хөл бөмбөгтэй нөхөрлөхийг харсан аав, ээж тань танд одоо юу гэж хэлдэг бол?
-Манайхан намайг хөл бөмбөг тоглоход эхэндээ дуртай байгаагүй. Тууштай хичээллэж, бэлтгэлээ таслахгүй хийхийг минь хараад сүүлдээ ойлгодог болсон. Ээж хааяа “Чи олон жил бөмбөг хөөлөө. Гэрлэж, хүүхэдтэй болох нас чинь оройтлоо” гэдэг юм. Нэг багт тоглож байгаа дүү нарын гэр бүлээс ч бас иймэрхүү зүйл анзаарагддаг шүү. Хүн сонирхдог, дуртай зүйлээ ажил хэрэг болгоод явах сайхан. Гэхдээ амар зам туулдаггүй. Бөмбөг анх өшиглөж, зөв тогтоож чадахгүй, тоглох техникийн талаар ямар ч ойлголтгүй ирж байсан хүүхдүүдтэй багагүй хугацаанд ойлголцож, ажилласны хүчинд ур чадвар нь ахиж, үр дүн гарч байгааг харах гоё. Тийм үед дасгалжуулагчийн ажлаараа бахархах үе бий. Хүүхдүүдтэй өөрийн арга барилаар системтэй ажиллах хэцүү биш. Тамирчдыг дасгалжуулна гэдэг өөрийгөө хөгжүүлж, мэдлэг нэмэн, туршлага хуримтлуулдаг ажил даа.
-Хүн бүрийн үзэх дуртай хөл бөмбөгийн ДАШТ эхлэхэд сарын хугацаа үлдлээ. Та ч гэсэн үзэхээр догдолж суугаа л биз?
-Дэлхийн үзэгчдийг нэгэн дээвэр дор нэгтгэж чаддагаараа хөл бөмбөг гайхалтай спорт. Хөл бөмбөгийн ДАШТ Хойд Америкийн гурван улс болох АНУ, Канад, Мексикт зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний хооронд болно. Тэмцээний нээлтийн тоглолт Мексикийн Мехико хотод, аваргын төлөөх шигшээ тоглолт АНУ-ын Нью-Йорк, Нью Жерсид болох юм билээ. Хамгийн олон баг оролцох 23 дахь удаагийн ДАШТ гурван улсад анх удаа зохион байгуулагдахаараа онцлог болох биз. Хөл бөмбөгийн спортод хөл тавьснаас хойш миний хүсэн хүлээдэг, дурлаж үздэг тэмцээн энэ болсон. Би Премьер лигийн “Челси” багийг дэмждэг. Улсын хувьд Италийн багийг дэлхийн аварга болоосой гэж хардаг. Энэ удаагийн ДАШТ Кристиано Роналдо, Лионель Месси нарын зодог тайлах сүүлийн тоглолт байх болов уу. Катарт 2022 онд болсон ДАШТ-д Лионель Мессигээр ахлуулсан Аргентин улсын баг Францын шигшээг хожиж, дэлхийн аваргаар шалгарсан. Хоёр баг нэмэлт цагт 3:3- аар тэнцэж, торгуулийн цохилтоор Аргентины шигшээ 4:2-оор хожиж байв. Лионель Месси хоёр гоол оруулан гайхалтай тоглолт үзүүлж, алтан бөмбөгийн эзэн болсон. Энэ нь Аргентины шигшээ багийн хувьд гурав дахь удаагаа (1978, 1986, 2022) дэлхийн аварга болсон түүхэн үйл явдал байлаа.