Нийтийн тээврийн автобусанд карт уншигч хоёр ширхэг төхөөрөмж байршуулсан бөгөөд иргэд үүгээр төлбөрөө төлж зорчдог билээ. Тэгвэл маргаашнаас эхлэн нэг төхөөрөмжөөр төлбөр төлөх болсныг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлэв. Өөрөөр хэлбэл, “UMoney” карт уншдаг төхөөрөмжийг үйлчилгээнээс хасаж, төлбөрийн бүх төрлийн хувилбарыг нэгтгэсэн байна. Тодруулбал, шинэ системд ухаалаг гар утсан дахь QR код, банкны болон “UMoney” картыг уншуулж зорчих нь. Ингэснээр иргэд буухдаа картаа дарах шаардлагагүй болж байгаа аж. Мөн “UMoney” картыг UB card аппликэйшнээр цэнэглэх боломжтой. Мөн Toki, Monpay, SocialPay зэрэг аппликэйшн ашиглан, цэнэглэж болох нь. 100 байршилд байршуулсан киоскоос нэг удаагийн цаасан тасалбар авч, төлбөрөө төлөх боломж бас бий бөгөөд энэ нь тухайн өдрөө хүчинтэй байх гэнэ.
Ташрамд, өчигдрийн байдлаар нийтийн тээврийн 1170 автобус иргэдэд үйлчилж буй бөгөөд санал, хүсэлт, мэдээллээ ажлын өдрүүдэд 08.00-17.30 цагийн хооронд 70151289 дугаарт өгч болох нь.
Ч.Болор