УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Туулын хурдны замын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Туулын хурдны замыг маш олон эсэргүүцэж байна. Ингэж эсэргүүцэх маш олон шалтгаан бий. УИХ-д Туулын хурдны замыг хянах шалгах түр хороо байгуулах талаар 40 гаруй гишүүдээс гарын үсэг цуглуулсан. Гэтэл одоо хянан шалгах хороогоо татаж байх шиг байна. "Туулын хурдны замын төсөл"-д төсвийн мөнгөнөөс 500 тэрбум төгрөгийг Хятадын компани руу шилжүүлсэн. Баталгааны хуудас нь Монголын хууль тогтоомжийг илт зөрчсөн байхад төсвийн мөнгөнөөс 500 тэрбум төгрөг шилжүүлсэн байгаа нь бүлэг залилангийн гэмт хэрэг ил тод бэлэн байж байна. Ийм ил тод гэмт хэрэг үйлдсэн байгааг хууль сахиулах байгууллагууд нь шударгаар шалгах, шаардлагыг тавьж байна. Мөн одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж Монголын хууль тогтоомжийг илт зөрчсөн байхад Хятадын компани руу 500 тэрбум төгрөг шилжүүлсэн Хотын дарга Х.Нямбаатар өөрөө сайн дураараа ажлаа өгөх хэрэгтэй. Хотын зүгээс бид ямар ч хууль зөрчөөгүй гэж тайлбарлаад байгаа. Гэтэл Мөнхдаатгал нь даатгалтай холбоотой баталгааны бичигт оролцоогүй. Энэ бол бүлэг дээрэм гэж ойлгож болно.
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болж, үеэлээ Хотын дарга болгосноос хойш хотын өр 7 их наяд төгрөг орчимд хүрсэн. Өөрөөр хэлбэл, Улсын төсвийн 30 орчим хувьтай тэнцэх хэмжээний өрийг тавьсан байна. Үеийн үед Хотын даргатай холбоотой үндэсний аудит шалгалтад давтагдаг шаардлага нь нийслэлийн төсвийн сахилга бат суль, Худалдан авалт ил тод биш, төсвийн хэтрэлт өндөр, төслийн хэрэгжилт удаан, үр дүн байхгүй гэх шаардлага байнга тавьж ирсэн. Өөрөөр хэлбэл, их хэмжээний мөнгө санхүү зарцуулсан ажлынхаа үр дүнг хэзээч хэмждэггүй" гэх мэдээллийг өглөө.
