Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч М.Чинзориг, хоол зүйч М.Оюундарь нар ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээ, мэс заслын өмнөх ба дараах хооллолтын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөв. М.Чинзориг “Манай улсад бүртгэгдсэн ходоодны хорт хавдрын тохиолдлын тоог харахад эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс даруй хоёр дахин илүү өвчилж байна. Эрэгтэйчүүд хоол хүнсэндээ төдийлөн анхаардаггүй, жингийн илүүдэлтэй, хорт зуршилтай, стресстэй байгаа нь үүнд нөлөөлж болно. Мөн хеликобактерийн халдварын тохиолдол ч эмэгтэйчүүдээс илүү байхыг үгүйсгэхгүй. 40-өөс дээш насанд заавал ходоодоо дурандуулж, шарх байна уу, сөөргөөтэй, эсэхээ мэдэх хэрэгтэй. Эрт үедээ оношлогдвол ходоодны салст хуулах эмчилгээ хийлгэх боломжтой. Харамсалтай нь, хүмүүс хожуу шатандаа оношлогдож, ХСҮТ-д жилд 350-500 хүн ходоод тайрах мэс засал хийлгэж байна” гэв.
Хоол зүйч М.Оюундарь “Эрчүүд мах, гурил түлхүү хэрэглэдэг, жимс, ногоо бага иддэг нь хавдрын өвчлөлд нөлөөлсөн байх. Хоол боловсруулах замын хавдрын үед мэдээж дэглэм барина. Аль болох илчлэг, уургаар илүү баяжуулсан хоол идэх хэрэгтэй. Уургийг зөвхөн махнаас авна гэж ойлгоод байдаг. Уураг, нүүрс ус, өөх тос, амин дэм, эрдсийг бүгдийг нь агуулсан хоол хүнс хэрэглэж, шим тэжээлээ нөхөхгүй бол жингийн алдагдалд хүрдэг. Мөн хавдартай боллоо гээд сахарыг хорьчихдог. Эмчтэйгээ зөвлөхгүйгээр хоол хорих нь хагалгааны дараа хүндрэл өгөх, эмчилгээ удаашрах талтай. Тиймээс мэргэжлийн эмчийн зөвлөгөөгөөр хооллох, нэмэлт сахар агуулсан хүнснээс татгалзаж, хүнсний ногоо, гурил, будаа, жимсийг тохируулан хэрэглэхийг зөвлөдөг. Түүнээс бүх төрлийн гурил, будааг хорих нь шим тэжээлийн дутагдалд оруулдаг” гэв.
Ч.Туяа