Ардын жүжигчин С.Гончигсумлаагийн нэрэмжит Монгол Улсын Консерваторын дэргэдэх үндэсний хөгжмийн “Оршихуй" хамтлаг “Цэнгэлийн найман эгшиглэгээ” анхны тоглолтоо толилууллаа.
Хамтлагийн гишүүд Мэргэжлийн боловсролын нэгдүгээр курсийн нэг ангийнхан бөгөөд Ж.Чулуун, М,Бирваа, Н.Жанцанноров, Ц.Сүхбаатар, Р.Бат-Эрдэнэ нарын томоохон туурвигчдын бүтээлүүд болон алдарт И.С Бах зэрэг өрнийн сонгодгуудаас бүрдсэн бүтэн хөтөлбөрөөр мэргэжлийн урлагийн өндөр босгоор алхлаа.
Хөгжим бүрийн онцгой эгшиг, амь сүнсийг тодруулан хөг дан, хэмнэл аяз, увдис далайц, уран холбоонд найруулсан бүтээлүүүд сонор мялааж, сэтгэл баясгасан нь нэн таатай. “Баавай Чингис” “Үүлэн бор” хүлэглэн, “Хөөмэйн хэлхээ аялгуу”-наа сэтгэлийн хойморт заларч огшуулаад, “Хөх торгон дээл”-тэй “Үзэмчин охидын наадаан” “Уран хас” үелзүүлээд, “Сүүтэй бурхан” ээжүүддээ цэцгэн өргөл барьж, уярал хайр цацраав. Аялгуу хэмээх алс хязгааргүй ойлголцох мяндсан мэдрэмж, үймж шуугьсан ахуй амьдралын хахир чимээнээс чөлөөлж, дотоод амгаланг сануулах “Эрх чөлөө”-г даллан дууддаг билээ.
Өв тээгч, өнгөлөг ирээдүйг зоригч шинэ идэр “Оршихуй” хамтлаг итгэл найдвар төрүүлж, үндэсний цөөхүүл хөгжмийн хамтлагийн залгамж болж буйг мэргэжлийн багш нар нь цохон дурдахын сацуу тууштай хөдөлмөр, хамтын зүтгэлээр амжилт ирдгийг зөвлөж байлаа.
Удирдагч багш Д.Бойжоо 1989 оноос мэргэжлийн урлагийн байгууллагуудад үр бүтээлтэй ажиллан, “Хангарьд”, “Айсуй хүлгийн төвөргөөн”, “Монголын сайхан орон” хөтөлбөр, цомог, “Эх хөг” чуулгаар нэгэнт танигдсан, 2009 оноос Монгол Улсын Консерваторт их хуурын багшаар ажиллаж олон арван шавь нараа ийнхүү ганзага дөрөөнд нь баттай хүргэж байна.
Эгшиг аялгуу эвлэж бүтээл амилахуй, эв сэтгэл нийлж хамтлаг ОРШИХУЙ.
Онцлон тэмдэглэхэд, өнгөрсөн гуравдугаар сард ОХУ-ын Буриадын Улан-Үд хотод зохиогдсон “Найдал-2026” олон улсын VII уралдаанд “Оршихуй” хамтлагийн Н.Ариунхур, М.Танан, Б.Мөнххолбоо, Х.Маргад нар шагналт байр эзэлсэн юм.
