Сонгинохайрхан дүүргийн IV хорооны Засаг дарга Л.Дашцэнгэлийг хүний амь бүрэлгэсэн хэрэгт холбогдуулан шалгаж эхэллээ. Тус дүүргийн нутаг “Москва” хороолол дахь GS25 дэлгүүрийн гадна согтуу хоёр хүн зодолдож, нэг нь гэмтсэн тухай дуудлага мэдээлэл энэ сарын 29-ний 00.00 цагийн үед цагдаагийн байгууллагад иржээ. Үүний дагуу нутаг дэвсгэр хариуцсан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын III хэлтсийнхэн шалгахад зодуулсан 40 настай Л гэх иргэн Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргүүлж очоод нас барсан байж. Харин түүнд халдсан 39 настай Л.Дашцэнгэлийг эрүүлжүүлж, өчигдрөөс мэдүүлэг, тайлбар авах ажиллагаа явуулсан гэнэ. Тэд согтуудаа ажил гүйцэтгэх гэрээ олж өгөөгүй, 24 сая төгрөгөө буцааж төлөөгүй гэх шалтгааны улмаас маргалдаж, амь хохирогчийн толгой, хэвлий рүү цохиж гэмтээснээс нас барсан гэнэ.
Мөн Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Харзтайн ам гэх газарт малын сууринд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч боомилж нас барсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсний дагуу шалтгаан нөхцөлийг тодруулахаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.