ГБХНХЯ болон Азийн хөгжлийн банкныхны хамтран хэрэгжүүлсэн “Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөр”-ийн үр дүнг тайлагналаа. 2022-2025 онд хэрэгжүүлсэн уг хөтөлбөрт гурван дүүргийн 1259 өрхийг хамруулан 36 сарын турш амьжиргааг нь дээшлүүлэх, тогтвортой орлогын эх үүсвэртэй болгоход чиглэсэн олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь бодит үр дүнгээ өгсөн байна. Энэ талаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул “Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөр нь зорилтот өрхийг оновчтой тодорхойлж, чадавхжуулах үндсэн зорилготой. Энэ удаагийн туршилтын хөтөлбөрт сонгогдсон 1259 өрхөд чиглэсэн сургалт, дасгалжуулалт тогтмол явуулж, өрхийн үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлтийг нь нэмэгдүүлэх замаар амьжиргааг цогцоор нь дэмжсэн” гэлээ.
“Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөр”-ийн үр дүнг 96 хувьтай гэж үнэлсэн бөгөөд нийт өрхийн 80.6 хувь нь шалгуур хангаж, хөтөлбөрөөс олгосон тоног төхөөрөмжийг ашиглан өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг болжээ. Өмнө нь өрхийн гишүүдийн 33.6 хувь нь хөдөлмөр эрхэлж байсан бол хөтөлбөр хэрэгжүүлсний дараа эл үзүүлэлт 93.3 хувь болж, орлогын эх үүсвэр нь ч дагаад нэмэгдсэн аж.
Хөтөлбөрийн талаар Азийн хөгжлийн банкныхан “Бид төслийн үр нөлөө, түүнээс гарсан санал, зөвлөмжүүдэд үндэслэн дараагийн шатны буюу “Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр”-өө хэрэгжүүлж эхлээд байна. Өмнө нь хамрагдсан айл өрхүүд дараа дараагийнхдаа туршлага болж, хөтөлбөрийг цаашид илүү үр ашигтай хэрэгжүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх, орон нутгийнхны оролцоог хангахад чухал үүрэг гүйцэтгэсэн” гэв.
О.Оргилох