К-поп хөгжмийн урсгалыг дэлхийн тавцанд гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдийн нэг бол Жэй Пак билээ. Тэрбээр эл ертөнцийн нэгэн хэвийн, “хайрцаглагдсан” стандарт загварт баригдалгүй өөрийн дүрмийг зохиож чадсан “тэрслүү хаан” юм.
Хэдийгээр өдгөө 39 насны босго алхаж буй ч түүний эрч хүч, нөлөөлөл нь шинээр төрөн гарч буй залуу оддоос ч тод гэрэлтсээр байна. Жэй Пак бол зүгээр нэг дуучин биш, харин к-поп болон хип-хоп ертөнцийн заагт өөрийн эзэнт гүрнийг байгуулж, залуусын чөлөөт сэтгэлгээний бэлгэдэл болсон давтагдашгүй уран бүтээлч. Түүний тайзнаа гэрэлтэх амжилтын түүх, урлагийн өвөрмөц замнал болон олны нүднээс далд өрнөх хувийн амьдралынх нь талаар сонирхолтой баримтуудыг уншигчдадаа тоймлон хүргэе.
Сиэтлээс Сөүлл хүртэл
Жэй Пак буюу Пак Жэ Бом нь АНУ-ын Вашингтон мужийн Сиэтл хотноо 1987 оны дөрөвдүгээр сарын 25-нд төрж өсжээ. Багаасаа хип-хоп хөгжим болон “b-boying” бүжигт сонирхолтой байсан тэрбээр “Art of movement” хэмээх бүжгийн хамтлагийн гишүүнээр элссэнээр урлагийн гараагаа эхлүүлсэн түүхтэй. Түүний гоц авьяас, чадвар JYP энтертайнментын хараанд өртсөн нь амьдралынх нь чиг хандлагыг бүрэн өөрчлөх эргэлтийн цэг болов. Улмаар 2008 онд алдарт 2PM хамтлагийн ахлагчаар урлагийн тавцанд хөл тавьж, асар богино хугацаанд олны танил болсон юм. Гэвч 2010 онд соёл хоорондын зөрүү, үл ойлголцлын улмаас хамтлагаасаа гарч, төрөлх хот руугаа буцахад хүрчээ.
Түүнийг хамтлагаасаа гарсны дараа Сиэтлд буцаж очоод, дугуй засварын газарт ажиллаж байсныг олон хүн мэддэггүй. Тухайн үед тэрбээр дэлхийн од байхаас илүүтэй гэр бүлийнхээ санхүүд нэмэр болохыг эрхэмлэж байв. Гэвч урлаггүйгээр амьдарч чадахгүй гэсэн дотоод тэмүүлэл нь түүнийг юүтүбийн камерын өмнө дахин авчирсан юм. Түүний “Nothin on you” дууг коверлосон бичлэг зөвхөн дуу төдий бус, харин “Би бууж өгөөгүй” гэдгээ дэлхий дахинд зарласан нэгэн төрлийн тунхаг байлаа.
“Би хэзээ ч хэн нэгнийг дуурайх гэж хичээдэггүй. Зөвхөн Жэ Бом хэвээрээ үлдэхийг хүсдэг. Миний эрх чөлөө бол миний хамгийн том баялаг” хэмээн тэрбээр өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн нь бий.
“Roc Nation”-д данстай Азийн анхны рэппер
Жэй Пак бол Солонгосын хөгжмийн зах зээлд “Инди” буюу бие даасан хэв маягийг нутагшуулсан анхдагчдын нэг. Тэрбээр “Count on me” болон “New breed” цомгоороо хөгжмийн чартуудыг тэргүүлж, өөрийн давтагдашгүй өнгө төрхийг тодорхойлсоор ирсэн.
Түүний карьерын оргил үе нь, 2017 онд дэлхийн нэр хүндтэй рэппер Жэй-Зи (Jay-Z)-гийн үүсгэн байгуулсан “Roc nation” агентлагтай гэрээ байгуулсан явдал байлаа. Ингэснээр “Roc nation”-тай гэрээ байгуулсан Ази-Америкаас гаралтай анхны артист болов. Энэ нь түүнийг зөвхөн к-поп төдийгүй дэлхийн хип-хоп, R&B ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч гэдгийг баталсан юм.
“Намайг хайрладаг хүмүүс миний эд хөрөнгө, нийгмийн байр сууринд бус, харин байгаагаар минь үнэлээсэй гэж би хүсдэг. Тиймээс ч өөрөөрөө байхыг ямагт эрхэмлэдэг”.
Бизнесийн салбарт ч цойлов
Тэрбээр зөвхөн дуулаад зогсохгүй бизнес сэтгэлгээ сайтай нэгэн. Жэй Пак AOMG болон “H1GHR music” хэмээх бие даасан лэйбэлийг үүсгэн байгуулж, авьяаслаг залуусыг урлагийн замд нь хөтөлсөн. Харин сүүлийн жилүүдэд тэрбээр “More vision” хэмээх шинэ энтертайнментыг үүсгэн байгуулж, к-поп төдийгүй урлагийн бусад төрлийг нэгтгэхээр ажиллаж байна. Түүнчлэн түүний зах зээлд нэвтрүүлсэн “Won soju” брэнд БНСУ-д борлуулалтаараа тэсрэлт хийж, согтууруулах ундааны салбарт шинэ стандарт тогтоогоод буй юм. Өдгөө түүний хөрөнгө 15 сая ам.доллар (21 тэрбум вон)-оор хэмжигдэж буй нь бэлтгэлийн зааланд өнгөрүүлсэн мянга мянган цаг, цуцашгүй хөдөлмөрийнх нь шагнал юм.
Түүний цорын ганц “хайр”
Жэй Пак хувийн амьдралынхаа талаар тэр бүр олон нийтэд зарлаад байдаггүй. Энэ тал дээр нэлээд “харамч” нэгэн. Хэдийгээр тэрбээр өнөөдрийг хүртэл ганц бие яваа ч карьерынхаа эхэн үед БНСУ-д нэгэн бүсгүйтэй багагүй хугацаанд үерхэж байснаа дурссан нь бий. Гэвч өдгөө түүний хувьд хайр дурлалаас илүүтэй хөгжим, бизнес болон шинээр байгуулсан “More vision” агентлагийнх нь ирээдүй нэгдүгээрт эрэмбэлэгдэх болжээ.
Тэрбээр өөртөө итгэлтэй, хошин шогийн мэдрэмжтэй, хөдөлмөрч эмэгтэйчүүдийг таашаадаг бөгөөд Ideal type буюу өөрийн хүсэмжит бүсгүйгээ алдарт дуучин Бора (Bora)-тай төстэй хэмээн нэгэнтээ ам алдсан удаатай. Гэсэн ч одоогоор түүний зүрх сэтгэлийг хөгжмийн хэмнэлээс өөр зүйл эзэмдэж амжаагүй л байна.
Түүний амжилтын ард найдвартай ар тал болдог гэр бүл нь бий. Аав Пак Ён Жүн нь хүүгийнхээ санхүүгийн асуудлыг хариуцан удирддаг бол ээж нь түүний хамгийн үнэнч зөвлөх нь. Жэй Пак асар их ажилтай байсан ч гэр бүлдээ цаг гаргахыг хичээдэг, туйлын халамжтай хүү гэдгээрээ ойр дотнынхондоо хүндлэгддэг билээ.

Хип-хоп хэмнэл, хязгааргүй эрх чөлөөг хүсэмжлэгч
Тэр бол к-поп ертөнцийн тогтсон хэв маягийг зоригтойгоор эвдэж, өөрийнхөө дүрмээр тоглож чадсан цөөн уран бүтээлчийн нэг. Жэй Пак гэх нэр өдгөө зөвхөн хөгжмийн чартуудыг эзэгнээд зогсохгүй залуу үеийнхний чөлөөт сэтгэлгээ, тууштай байдлын бэлгэ тэмдэг болжээ.
Жэй Пакийн бүжгийн хөдөлгөөн, хэмнэл бүр нь санамсаргүй зүйл биш. Тэрбээр Сиэтл дэх “Art of movement” (AOM) бүжгийн хамтлагт байхаасаа л өөртөө асар өндөр шаардлага тавьдаг байжээ. Хамтлагийнхан нь түүнийг “бэлтгэлийн мангас” хэмээн хочилдог байв. Учир нь бусдыг амарч байхад тэр ганцаараа үлдэж, нэг хөдөлгөөнийг төгс болтол нь хэдэн зуун удаа давтдаг. Чухам энэ л чанар нь түүнийг өнөөдрийн өндөрлөгт нь хүргэх гол хөшүүрэг болсон аж.
Жэй Пакийн бие бол амьдралынх нь “тэмдэглэлийн дэвтэр” юм
Түүний бие дээрх шивээс бүр утга учиртай. Тэр бүр шивээс чөлөөтэй хийлгэдэггүй, БНСУ-ын “консерватив” урлагийн ертөнцөд тэрбээр энэхүү өвөрмөц имижийг зоригтойгоор нэвтрүүлсэн анхдагчдын нэг. Хэдийгээр 171 см өндөртэй ч тайзан дээрх хүчирхэг энерги, уран нарийн хөдөлгөөн нь түүнийг хэнээс ч дутахааргүй “том” харагдуулдаг билээ.
Зүүн гар: Түүний гарал үүсэл, хүүхэд насаа өнгөрүүлсэн Сиэтл хотыг бэлгэдсэн дүрсүүд болон гүүрэн байгууламжийн зураг бий.
Цээж: “Always come proper” буюу “Хэзээд зарчимч бай” гэсэн бичиг нь түүний амьдралын гол уриа. Мөн гэр бүлийнхээ гишүүдийн төрсөн он, сарыг зүрхэн тушаа шивүүлсэн байдаг.
Хүзүү болон гар: Түүний хамгийн үнэнч зөвлөхүүд болох фэн клубийнх нь нэр болох JWALKERZ хүзүүнийх нь ар хэсэгт байрладаг. Харин баруун гар дээр нь AOM бүжгийн багийнх нь нэр тодхон харагдана. Энэ мэт бие дээрх бэхэн зургуудаа туулсан замнал, хэзээ ч мартаж болохгүй үнэт зүйлсээ сануулах “тэмдэг” гэж үздэг. Шивээс бүр нь түүнийг хэн байсныг, юуны төлөө тэмцэж ирснийг нь сануулдаг аж.
Жэй Пак өнөөдөр Азийн залуусын хувьд зөвхөн алдартай дуучин төдийгүй хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцэж, өөрийн ертөнцийг цогцлоож болдгийг батлан харуулсан эрх чөлөөний бэлгэдэл. Түүний амьдралын замналаас харахад бусдын амыг дагах бус, зүрх сэтгэлээ сонсож амьдрах нь хамгийн зөв сонголт байж. Аливаа эргэлзээ, саад тотгорыг ардаа орхиж, өөрийнхөө хэмнэлээр урагшлах түүний дахин давтагдашгүй аялал ийнхүү үргэлжилсээр байна.
К-поп ертөнцийн “тэрслүү” хаан Жэй Парк
Жинхэнэ нэр: Пак Жэ Бом (Jay Park)
Нас: 39 (1987 оны дөрөвдүгээр сарын 25)
Цусны бүлэг: А
Өндөр: 171 см
Жин: 67 кг
Орд: Үхэр
Шашин: Христ
Боловсрол: Данкүүк их сургууль (Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй)
Гэр бүлийн байдал: Ганц бие
Агентлаг: “More vision”
Дуртай зүйлс: Бүжиглэх, шивээс, NBA-ийн үнэнч фэн
Инстаграм: moresojuplease
Э.СҮЙЛЭН