Улаанбаатар хотод эзэнтэй 41 мянга гаруй нохой, 3700 орчим муур бий гэсэн судалгааг нийслэлийн Статистикийн газраас гаргажээ. Харин эзэнгүй 160 гаруй мянган нохой, муур байдаг аж. “Амьтны эрхийг хамгаалах, хариуцлагатай эзэн байх” аяны хүрээнд өнгөрсөн онд нийслэлээс тэнэмэл нохой, муурыг эзэнтэй болгох зорилгоор Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд түр хамгаалах байр барьсан юм. Тэгвэл энэ онд уг байрыг өргөжүүлэхээр болсныг холбогдох албаныхан мэдээллээ.
Энэ талаар Улаанбаатар хотын Захираг чийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Ц.Очироо “Эм нохой нэг удаад 6-12 гөлөг гаргадаг. Үүний 80 хувь нь эм гөлөг байдгаас тоо толгой нь маш хурдан нэмэгддэг. Олон улсын байгууллагын судалгаагаар нохой зургаан жилд 67-70 мянга болж өсдөг гэдэг. Гэр хорооллын айл өрхүүд нохойгоо хашаанаас гадна сул тавьж алддаг, гөлгийг нь гудамжинд төөрүүлдэг. Энэ мэт шалтгаанаар хотын захаар болон ууланд эзэнгүй ноход сүрэглэн зэрлэгшиж, адуу мал, хүн амьтан руу дайрах эрсдэл нэмэгдсээр байгаа юм. Иймд бид иргэдэд эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх зорилгоор эзэнгүй муур, нохойн тоог багасгахаар цөөнгүй арга хэмжээ авч байна. Үүний хүрээнд Эзэнгүй нохой, муур түр асран хамгаалах байрны хүчин чадлыг нэмэгдүүлж, өргөтгөх ажлыг эхлүүлсэн. Мөн спей заслага хийх, буудаж устгахаас бусад технологи нэвтрүүлэхээр судалж байгаа” гэв.
О.Оргилох