“Бодь интернэшнл”-ийн 110 сая долларын авлигын талаар хамгийн их мэдээлэлтэй хүн бол А.Амундра. Тэрбээр “Бодь интернэшнл” ХХК-ийн Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг барьж, түүнийхээ төлбөрийг гурван компани дамнуулсан оффтейк гэрээгээр тооцож байхад тус компанийн гүйцэтгэх захирал байсан юм.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг “Эрдэнэс Монгол” ХХК-иас “Тавантолгой төмөр зам” ХХК руу, улмаар “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн данснаас “Бодь интернэшнл” ХХК руу шилжсэн 110 сая долларыг нэг шөнийн дотор улстөрчид болон хувийн компаниудад хувааж тараасан гэж мэдэгдсэний дараахан “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра нийгмийн сүлжээнд орж ирсэн. Хэдэн өдрийн турш ойр ойрхон:
-“Бодь интернэшнл” ХХК хэзээ нэг их үндэсний бүтээн байгуулагч байсан юм. Ингээд худлаа яриад эхэлнэ. Намайг ажил авахад өрөнд баригдсан 10 ажилтантай компани болсон байсан.
-Тэр Д.Мөнх-Эрдэнэ бол гуниг шүү. Би хэн нэгний талд орох гэсэнгүй. Гэхдээ бүгд мэдэж байгаа шүү дээ. “Бодь интернэшнл” ХХК-тай гэрээ хийгээд энэ төсөл дээр хуулийн зөвлөхөөр ажиллаж байсныг нь. “Бодь интернэшнл” ХХК-ийнхан одоо гэрээгээ устгаж байгаа биз.
-Үнэн ганц байдаг гэж хэлээд байгаа шүү, би. Намайг нэг жил гүтгэж доромжилсон. Манай Баясаа захирал намайг сүүлдээ танихгүй гэсэн. Олон хүний муухай нүүрийг харсан. Урам хугармаар. Гэр бүл, үр хүүхэд рүү дайрч эхлэх тэр мөчид хүн юм боддог юм билээ. Дахиад: Ална тална болж байгаа юм байна.
-Би Peninsula Shanghai зочид буудалд байна. Зугтсан юм байхгүй. Ярих боломжоо ашиглах гэж л хүлээлээ. Олон нийтэд гэхээс илүү хууль ёсны дагуу мэдүүлэг, нотлох баримтаа өгчихөөд Монгол руу шууд ниснэ ээ. Бүх хэлмэгдүүлэлтийг нь хүлээж авахад бэлэн байна.
-Хэдэн цүнх хэний машинд орсон бэ. Д.Баясгалан даргын хайгаад олохгүй байгаа 110 сая доллар гэж бичсэн.
А.Амунда 2026 оны 4 дүгээр сарын 7-нд: Гэрчийн хамгаалалтад авбал Авлигатай тэмцэх газарт гэрчийн мэдүүлэг өгөхөд бэлэн гэсэн. Тэгээд: Монгол Улсын иргэн А.Амундра миний бие нэр бүхий улстөрч, бизнесмэнтэй холбоотой авлигын хэргийг илчилж, АТГ, прокурорын байгууллагатай хамтран ажиллах хүсэлтээ байгаагаа үүгээр илэрхийлж байна. Гэвч одоогийн нөхцөл байдлын хувьд Монгол Улсад очиж, АТГ-т мэдүүлэг өгөхөд миний болон миний гэр бүлийн эрүүл мэнд, амь насанд заналхийлэх, эрсдэл учрах магадлалтай гэж үзэж байгаа тул гэрчийн хамгаалалт намайг болон гэр бүлийг минь авахыг хүсч байна гэжээ. А.Амундрагийн хүсэлтийн дараа АТГ-аас: А.Амундрад мөрдөгчийн дуудан ирүүлэх хуудсыг цахимаар хүргүүлсэн байна. А.Амундра хэд хэдэн зүйлийг ярьж байна лээ. Гэрч, хохирогчийн хамгаалалтад авах. Мөн хамтран ажиллах этгээдээр тогтоолгох хүсэлт гаргасан. Түүний гаргасан хүсэлтийг бид судлаад прокурорын байгууллагад хүргүүлдэг. Шүүх эцэслэн шийдвэрлэнэ. ЭСЯ-аар дамжуулан хүсэлтээ ирүүлэх боломжтой гэдгийг өөрт нь мэдэгдсэн. Манай байгууллагын зүгээс: Та оршин суугаа газрынхаа ЭСЯ-аар дамжуулан хүсэлтээ ирүүлэх боломжтой гэдгийг албан ёсоор хэлсэн. Одоогийн байдлаар Н.Оюун-Эрдэнэ гишүүний гаргасан гомдолтой холбоотойгоор А.Амундратай холбогдсон. Ямар нэгэн хэрэг үүсгээгүй байгаа гэсэн. Түүнээс хойш А.Амундра, АТГ хоёулаа таг байна. Учраа олоогүй бололтой. Гэхдээ “Бодь интернэшнл ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, 110 сая долларын асуудалд оролцож явсан А.Амундра гэрч үү, сэжигтэн үү гэдэг эргэлзээтэй. Аль нь ч болох боломжтой.
Тэрчлэн А.Амундра УИХ дээр “Бодь интернэшнл” ХХК-ийн оффтейк гэрээгээр сонсгол болох юм бол ирж оролцоно, их юм ярина гэж байгаа гэнэ. Энэ сонсголыг хийх санаачилгыг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гаргасан. Бланк дээр нь гарын үсэг цуглаж байгаа. Энд нэг юм байгаа. Н.Номтойбаяр санаачилгаасаа ухрахгүй сонсгол болно. Ухарвал болохгүй.
М.Бат-Эрдэнэ