УИХ-ын нэгдсэн чуулганы баасан гаргийн үдээс хойших асуулгын цаг “Авлигажсан Монгол” сэдвээр өрнөв. 10 гаруй гишүүн асуулт тавьж, Ерөнхий сайд Н.Учрал хариулсан юм. Энэ нь түүний Ерөнхий сайдын хувиар оролцсон анхны асуулгын буюу мэтгэлцээний цаг байлаа. Үүнээс тоймлоё.
О.Цогтгэрэл (УИХ-ын гишүүн, АН-ын дарга): -Ардчилсан бус, авлигажсанМонголУлс болсонтой санал нийлж байна уу. Авлигажсан системийг танай нам бий болгосон. Үүнтэй тэмцэж чадах уу. Төрийн нууцад хамаарах мэдээллийн тоо хэмжээ 60-аас 800 болтлоо өссөн нь том асуудал дагуулж байна.
Н.Учрал (Ерөнхий сайд): -Авлига бүх монгол хүний эдлээгүй боломж, идээгүй талх, аваагүй цалин, биелээгүй мөрөөдөл. Тийм учраас миний санаачилсан “Эрх чөлөөний дөрвөн зам” гэдэг нь авлигыг уг үндсээр нь устгах санаачилга юм. Авлигын төсөөллийн индекс 10 байраар ухарсанд дүгнэлт хийж үзэхэд олон асуудал байгаа юм билээ. Уг үндсээр нь устгахын төлөө ажиллах нь төрийн захиргааны байгууллага болон бүх ард түмний хүсэл эрмэлзэл. Авлигатай тэмцэх ажилд манай Засгийн газар манлайлж ажиллана. Төрийн нууц гэж буй 800 мэдээллийг цаашид ил болгоно.
С.Эрдэнэболд (УИХ-ын гишүүн): - Сар гаруйн өмнө та намынхаа Их хурлаар дөрвөн хүнээ чөлөөлье гэсэн. Шударга ёсны илд чинь хэвээр үү. Улс төрийн нөхцөл байдлын хувьд авлигатай тэмцэхэд дарамт шахалт байна уу? Н.Учрал: - Намын дүрэмд заасны дагуу шүүхээр гэмбуруутай нь тогтоогдсон бол намын гишүүнээс түдгэлзүүлдэг. Намын даргын хувьд ёс зүйн асуудлыг Хяналтын хороондоо өгдөг. Гэм бурууг тогтоосны дараа асуудлыг ярина.
Ш.Бямбасүрэн (УИХ-ын гишүүн): -Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүс төрийн өндөр албан тушаалд суусаар байна. ЖДҮХС-гийн зээлийг танай намын гишүүд үүний жишээ. Уг зээлийг авсан хүмүүсийн нэг нь та өөрөө. Тиймээс л төрд итгэх итгэл буураад байна шүү дээ.
Н.Учрал: -Би эдгээр тусгай сангийн мэдээл лийг ил болгосон хүн шүү дээ. Зах зээлд шилжсэн цаг үеэс хойш миний аав, ээж хоёр ариун цагаан хөдөлмөрөөрөө ажиллаж, энд хүрсэн. Надад нуугаад байх зүйл байхгүй. Миний ахуй амьдрал, гэр бүл, бизнес, хөрөнгө орлого гээд бүх зүйл нүдний өмнө ил. Цаашдаа ч энэ зарчмаа барьж ажиллана.
Б.Жаргалан (УИХ-ын гишүүн): -Төрийн хулгай их наядаар яригдаж байна. Авлигын эсрэг тэмцэл чинь нам дотроосоо эхлэх ёстой шүү. Төсөв үлэмж тэллээ. ТӨК-иудын замбараагүй байдал хэрээс хэтэрлээ. Улс төрийн хэлмэгдүүлэлт хэрээс хэтэрсэнтэй санал нийлэх үү?
Н.Учрал: -Танай, манай гэж ярих нь зохимжгүй. Бид хүнээс илүү системээ ярих ёстой. МАН-ын даргаар сонгогдсон цагаасаа намаа цэвэрлэхээр ханцуй шамласан. Би хүн ярихгүй. Янз бүрийн кино драм хийхгүй, попрохгүй. Үр дүнгээр харуулна аа.