Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханыг яагаад ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзсэн талаар мэдээлэл авахаар хуульч Б.Гүнбилэг Авлигатай тэмцэх газар (АТГ)-т хандлаа. Тэрбээр өчигдөр 15.30 цагт АТГ-ын үүдэнд мэдээлэл хийсэн бөгөөд Б.Дэлгэрсайханыг Зам, тээврийн сайдын албанаасаа татгалзаж, өргөдлөө өгөх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлэв.
Тэрбээр “Б.Дэлгэрсайхан хувьдаа 3000 гаруй вагонтай. “Болд төмөр Ерөө гол” гэх компанитай. Дорноговьд үйл ажиллагаа явуулдаг “Монголиантранс лайн” гэдэг компанид хамаарал бүхий. Мөн хувьдаа төмөр замтай. Ийм илт ашиг сонирхлын зөрчилтэй хүн яагаад зам, тээврийн салбарыг толгойлох болов. Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнд яагаад ажиллаж байгаа юм. АТГ эрх ашгийн зөрчилгүй гэсэн дүгнэлт өгсөн учраас л Ерөнхий сайд багтаа авсан байх. Түүнийг нь тодруулахаар АТГ-д бичиг өгчихлөө. Б.Дэлгэрсайханыг зам, тээврийн салбарын магнат гэдгийг нь бүгд л мэдэж байгаа. Монголд хууль хэрэгжихгүй, илтэд ашиг сонирхлын зөрчил байхад үл ойшоож буйг НҮБ, олон улсын байгууллагаар шүүлгэх ёстой юу. Сүүлд гэхэд тэрбээр “Харбины гэрээг олон нийт мэдэх юм бол хятадууд хилээ хаана” гэсэн хэмээн дураараа ярьсан. Монгол Улсын гадаад бодлого язгуур эрхэд нөлөөлнө. Ганц Б.Дэлгэрсайхан биш, төрд ажиллаж буй эрх бүхий хүмүүс ашиг сонирхлын зөрчилгүй байх ёстой. Тиймээс та өргөдлөө өгөөд, сайдын албан тушаалаасаа татгалз. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр олгосон эрх мэдлээ Н.Учрал сайд хэрэгжүүлж, энэ хүнийг чөлөөлөх хэрэгтэй” гэв.
Ч.Цэлмэг