Ардчилсан намын “4-11” мэдээллийн цагаар өчигдөр УИХын гишүүн Ч.Лодойсамбуу “Туулын хурдны зам” төсөл болон нийслэлд өрнөж буй хууль бус хэрэг явдлын талаар байр сууриа илэрхийлэв. Уг төслийг хэрэгжүүлэгч “Сhina highway” компанийн баталгааны бичгийг тэрбээр сэтгүүлчдэд үзүүлсэн юм. Тендерийн тухай болон бусад хуулийн дагуу санхүүгийн ийм баталгааг тухайн улсын банк гаргадаг аж. Гэтэл БНХАУ-ын нэг компани “Бид чадна” гэсэн бичиг хийсэн нь манай улсын хуулийг зөрчсөн үйлдэл. Ийм хүчин төгөлдөр бус бичгийг үндэслэн нийслэлийн төсвөөс тэдэнд 500 тэрбум төгрөг шилжүүлснийг тэрбээр “Бүлэг залилангийн гэмт хэрэг” хэмээн тодорхойлсон. Тиймээс нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өөрийн хүсэлтээр, ёс зүйн хариуцлага хүлээж огцрох ёстой гэв. Түүнчлэн уг төслийн тендер зарлах үед Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Тиймээс түүнд ч бас хариуцлага тооцохыг АН-ын бүлгээс шаардаж буй аж. Орлогчоороо “туг тахиад” Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар ард нь үлдэх ёсгүй гэлээ.
Ч.Лодойсамбуу гишүүн “2016 онд нийслэлийн төсөв 550 тэрбум төгрөг байсан бол 2026 онд 4.6 их наяд болсон. 2021 онд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсноос хойш хотод онцгой эрх мэдэл олгосон. Улаанбаатар гэдэг тусдаа улс байгуулаад, асар их эрх мэдэл, мөнгөтэй атлаа юу хийдэг нь ил тод бус байж ирлээ. Хот бонд гаргаж, татвар хураамжаа өөрсдөө тогтоож, тусгай сан байгуулах, концессын гэрээ хийх эрхтэй болсон. Хотын татвар нэг хувь байсныг хоёр болгон нэмсэн. Автомашины татварыг гурав, зам ашигласны төлбөрийг тав дахин өсгөлөө. Төсвийн орлого, зээл авах эрх нь нэмэгдсэн. Улаанбаатар хот гадаадад 500 сая ам.долларын бонд, дэд бүтцийн төсөлд мөн ийм хэмжээний баталгаа гаргаад байна. Улаанбаатар хотын гэж буй боловч энэ бол Монгол Улсын өр. Нийт 1.5-2 тэрбум ам.доллар буюу долоон их наяд төгрөгийн өр тавьчихлаа. Нийслэлийн төсвийн талаар ҮАГ-аас жил бүр л сахилга бат сул, худалдан авах ажил ил тод бус, төсвийн хэрэгжилт удаан байгааг шүүмжилж байсан. Тэд эрх мэдэл, их мөнгөө ашиглаад иргэд, мэргэжилтнүүд эсэргүүцсээр байхад “Туулын хурдны зам” төслийг хэрэгжүүлэхээр бярдсаны гороор манай улс 500 тэрбум төгрөгөөр хохироод байна. Хуулийн байгууллага ажлаа хийж, энэ бүхнийг шалгах ёстой” гэлээ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг уг төслийг хянан шалгах түр хороо байгуулах санаачилга гаргаж, 40 гаруй хүн гарын үсгээ зураад байжээ. Гэтэл гэнэт больчихсоныг МАН-ын сүрдүүлэх арга барилтай Ч.Лодойсамбуу гишүүн холбов.