
Антуан Фукуагийн найруулсан алдарт дуучин Жексоны тухай “Майкл" кино кино нээлтээ хийсэн даруйдаа 217 сая долларын орлого олжээ. Энэ утгаараа намтарчилсан киноны хувьд орлогоороо дээд амжилт тогтоов.
Өмнө хийгдэж, орлогоороо тэргүүлж байсан "Bohemian Rhapsody" (122 сая доллар), "Straight Outta Compton" (60 сая доллар) тэр ч байтугай Кристофер Ноланы “Oppenheimer” (180 сая доллар) зэрэг кинонуудыг давсан байна.
Киноны амжилтыг голчлон жүжигчдийн бүрэлдэхүүнтэй холбон тайлбарлаж байна. Алдарт дуучны дүрийг Майклын том ахын ач хүү Жаафар Жексон бүтээжээ. Энэ дүр түүний хувьд жүжигчний гараа бөгөөд шүүмжлэгчдийн тэмдэглэснээр "төгс жүжиглэлт" болжээ. Төстэй гаднах дүр төрх, дуучны хөдөлгөөнийг яв цав дуурисан нь үзэгчдээс маш өндөр үнэлгээ авсан байна.
Уг кино дэлгэцэд гарснаар стриминг үйлчилгээнд эргэн дурсах давлагааг өдөөжээ. 43 жилийн өмнө гарсан даруйдаа хит болж байсан домогт "Billie Jean" дуу дэлхийн Spotify чартын шилдэг 10-т эргэн багтаж, 24 цагийн дотор 3.5 сая гаруй хандалт авсан байна. Шинжээчдийн таамаглаж байгаагаар кино бусад орнуудын дэлгэцэд тархахын хэрээр Жексоны дуунууд дэлхийн бүх чартуудад тэргүүлэх байр суурийг эзэлж магадгүй юм.
Энэхүү кино нь мэргэжлийнхний болон үзэгчдийн хооронд урьд өмнө байгаагүй хагарал үүсгэв. Rotten Tomatoes дээрээс харвал шүүмжлэгчдийн дэмжлэг ердөө 38% байсан бол үзэгчдийнх эсрэгээрээ 97%-д хүрч, дээд амжилт тогтоожээ.
Rolling Stone болон Variety сэтгүүлүүдэд бичиж буйгаар зохиол дуучны амьдралын бараан хуудас болох бэлгийн хүчирхийллийн хэрэг, хэдэн арван жилийн турш үргэлжилсэн шүүх ажиллагаа, Неверлэнд үл хөдлөх хөрөнгийг тойрсон дуулиануудыг бүрэн үгүйсгэн хэтэрхий цагаан талаас нь харуулжээ.
Сайны хажуугаар саар гэгчээр кино орлогоороо дээд амжилт тогтоосон ч хууль эрх зүйн маргаан буюу бэлгийн хүчирхийллийн хэргийг дахин сэдрээв. Кассиогийн гэр бүл (нэг гэр бүлийн таван хүүхэд Майкл Жексоныг 25 жилийн турш тархи угааж, хүчирхийлсэн гэж мэдэгдсэн) дахин гомдол гаргажээ. Жексоны төлөөлөгчид эдгээр шүүх ажиллагааг намтарчилсан киноны амжилтаас "мөнгө олох гэсэн цөхрөлтгүй оролдлого" гэж үзэж байна.
Ёс зүйн маргаантай, шүүмжлэгчдийн үнэлгээ доогуур байгаа ч уг кино тэрбум долларын босгыг давах төлөвтэй байна.