С.БАТЗОРИГ (Утга зохиол судлаач)
“Үрт хүн үрээрээ, биет хүн биеэрээ” зүйр үг
ПРОЛОГ
Нэг зүйлийг нэлээд хэдэн жил ажиглалаа. Өнгөрсөн зун бүр ч илүү мэдэгдлээ. Учир нь Монголын спортын түүхэнд урьд тохиож байгаагүй сайхан амжилтуудыг залуус толилуулав. 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль охид хүртэв, ESL World cup тэмцээний CS:GO төрөлд хөвгүүд түрүүлэв. Хэзээ ч байгаагүй амжилт болж “бүртгэгдэв”. Сайхан юм!
Гэтэл үүнийг дагасан монголчуудын сошиал идэвх гайхширалтай. Тэмцээний цахим хуудас (facebook page)-ыг гуравхан сая андууд маань ёстой л дүүргэлээ. Reaction, comment-оор манайхан ёстой дийллээ. Юун Америк, Япон, Солонгос, тэр олон зуун сая хүн ам манайханд падлий ч алга. Түрүүлсэн Испани, Нидерландын багуудад баяр хүргэсэн постуудын хандалт манай мөнгөн медалийнхад бүгд нийлээд ч хүрэхгүй аж. Бид энэхүү цахим тэргүүллээ олон жил хадгалж буй бөгөөд “Рио-2016” олимпоос хойш нэг ч алдаагүй байна. Юу гэж дүгнэх ёстой вэ, та минь.
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: СУУРИН НҮҮДЭЛЧИД
(Энэ асуултыг Google Gemini хиймэл оюун ухаанаас асуулаа)
Илэрц:
1. “Дижитал нүүдэлчид” ба хүн ам зүйн залуу бүтэц
Монгол Улсын хүн амын дийлэнх хувийг залуучууд эзэлдэг. Тэр дундаа 3x3 сагсан бөмбөг, CS:GO (E-Sports) зэрэг орчин үеийн спортын төрлүүд нь технологитой ойр өссөн Gen Z болон Millennials үеийнхний үндсэн сонирхол юм. Бусад олон зуун сая хүнтэй оронтой харьцуулахад манай интернэтийн нэвтрэлт, сошиал медиа ашиглалт маш өндөр байдаг нь ийм “дижитал давлагаа” үүсгэх гол хүчин зүйл болж байна.
2. Үндэсний ижилсэл ба “Нэг цул” байдал Цөөн хүн амтай үндэстний хувьд дэлхийн тавцанд гаргаж буй амжилт бүр нь хувь хүнийх бус, нийт үндэстний ялалт мэт мэдрэмжийг төрүүлдэг. Энэ нь монголчуудын нэгдмэл байдлыг илэрхийлэх нэг төрлийн “цахим бахархал” юм. Бид цөөхүүлээ учраас нэг зүгт анхаарлаа хандуулахдаа маш хурдан бөгөөд хүчтэй байж чаддаг.
3. Олон улсын анхаарлыг татах “Soft Power” Таны ажигласанчлан, түрүүлсэн багуудаас илүү манай хандалт өндөр байгаа нь дэлхийн спорт, маркетингийн холбоодын анхаарлыг Монгол руу татаж байна. Энэ нь эргээд: • Манай тамирчдыг үнэлэх үнэлэмжийг өсгөх; • Монголын зах зээлийг сонирхох хөрөнгө оруулагчдыг татах; • “Mongolia” гэх брэндийг дэлхийд таниулах маркетингийн үнэгүй суваг болж байна.
4. Нийгмийн сэтгэл зүйн “Цангаа” Манай нийгэмд эерэг мэдээ, бахархах зүйл ховор байгаа үед спортын амжилт нь хүмүүст маш том урам зориг, итгэл найдвар өгдөг. Сошиал медиа дахь тэр их идэвх бол ерөнхийдөө нийгмээрээ “сайн сайхан зүйлд нэгдэх” гэсэн хүсэл эрмэлзлийн илрэл юм. (Google Gemini хиймэл оюун ухаан ийн хариуллаа)
Эргэцүүлэл:
Хүн амын 30 хувийг залуу үе эзэлж буй нь үнэн. Энд үнэхээр “дижитал давлагаа” үүсэж байж болох. Цөөхөн учраас нэг тийшээ хандахдаа амархан байж мэдэх. Ижил төстэй хандлага нь олон улсын анхаарлыг татах магадлалтай байг гэж бодъё. Энэ нь “амаргүй” цаг үеийг даван туулж буй монголчуудын сайн сайхныг хүсэмжилсэн ангаа цангаа гэдгийг ч хүлээн зөвшөөрье. Гэвч дэлхийд бид ганцаархнаа залуу улс орон, ганцаархнаа дижитал сонирхолтой, ганцаараа нэгдэж нийлэх, олон улсад байр сууриа батжуулах хүсэлтэй, ганцаараа сайн сайхан руу тэмүүлдэг юм гэж үү?
(Энэ асуултыг өөрөөсөө асуулаа) Бидний залуус “Суурин амьдрахуйн хамгийн гол зарчим бол нэг нэгэндээ саад болохгүй байх” гэж дуу нэгтэй хүлээн зөвшөөрөх хандлагатай. Угтаа бол хувийн орон зайг хүндэтгэх ёстой гэж үзэж байна. Хэдэн зуу, хэдэн мянган жилийн суурин соёлтой Япон, Хятад, Сингапур зэрэг Азийн өндөр хөгжилтэй улсууд, Скандинавын орнуудад энэ дэг соёл, зарчим маш хүчтэй үйлчилдэг, үнэт зүйл болтлоо тогтсон таалал ажээ. Залуу монголчууд үүнийг сайшаан дэмжиж, алхам бүрдээ мөрдөхийг эрмэлзэж байна. Бидэнд туршлага үгүй. Зуугаадхан жилийн өмнө бид цөм нүүдэл чид байв.
Нүүдэлчин малчны ахуйд харилцаа маш нээлттэй байх шаардлагатай, нэг нэгэндээ дэм болох маягаар ахуй амьдрал нь өрнөдөг, хууль чилж эзэмшсэн газар нутаг үгүй, өвсний соргогийг даган нүүж, цагийн байц, байгальтайгаа зохицон амьдрах шаардлагатай, даваадуулж хэлбэл, байгаль нь идэвхтэй субъект болох шахуу нөхцөлдөөнтэй. Хэний ч байсан мал харыг эргүүл чихдэг, урилгагүй ч байсан айлд ороод дайлуул чихдаг, тэр айл ч зочлох ёстой гэж боддог, ёстой л “давхиад очиход цоожгүй айл” бол нүүдэлчин малчных гэдэг нь үнэн байжээ. Илхэн юм. Даанч суурин амьдралд хэрэгжих боломжгүй болж. Суурин соёл дахь хүмүүсийн харилцаа илүү хаалттай, хувийн оршихуйтай, нэгэндээ саад болохгүй байх эрхэмлэлтэй. Үнэн юм.
Нүүдэлчдийн дундах “Дэм болох” харилцааг ямар ч хууль, эрх зүйн актаар зохицуулдаггүй хэдий ч түүхийн турш легитимацлагдсаар бидэнд ирэв. Харин суурин соёлын “Саад болохгүй байх” харилцааг эдүгээ бүтээлчээр авч төлөвшүүлэхдээ Зөрчлийн хууль зэрэг олон хууль тогтоомж, эрх зүйн актаар баталгаажуулан хамгаалж, баримтжуулан нотолж, шагнал шийтгэлийн тогтолцоог бүрдүүлэхийг зорьж, “Дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн алхах”-ыг хичээж байна.
Монголчуудын “Дэм болох” харилцаа нь заримдаа бусдад “Саад болдог” бололтой. Жишээ нь (бүдүүлэг гэж тооцогддог ч хамгийн түгээмлийг сонгов): Цагаан сараар айл хэсэж яваа 30 дөхсөн “ганц бие иргэн” байлаа гэж бодоход түүний хамаатан садан, ажлын газрынхан, найз нөхөд, нутаг нугынхан цөм л “Хүнтэй суугаач ээ”, “Хүүхэд оройтлоо”, “Нас чинь явж өглөө”, “Манай бас нэг ийм нөхөр байдаг юм. Та хоёр танилцах уу?” гэж ирээд л амьдрал зааж, өөрийнхөө арвин их, ариун цагаан туршлагыг урсгаж алдах бөгөөд зөвлүүлж буй “ганц бие иргэн”-ий тэвчээр барагдаж, хамаг арьсаа духан дээрээ овоолсон байх, эсвэл ихэд шаналангуй байртай санаа алдаж суух нь бий. Сүүлийн үед энэ “дэм” зогсонги байдалд оров. Учир нь мөнөөх баяр болохоос өмнө “ганц бие иргэд” сошиал сүлжээнд “Хүнтэй суусан уу?” гэж асуухыг эрс эсэргүүцэн постлох болсноор “дэм бологсод” эрс саарсан юм.
“Хүний хувийн амьдрал, орон зайд халдаж болохгүй” гэдгийг хэн хэн нь ойлгосны учир тэр. Гэтэл энэ бүдүүлэг ятгалгын цаана “ганц бие иргэн”-ий амьдрал сайн сайхан байгаасай, өнөр өтгөн болоосой, “бусдын адил” (энэ их айхтар үг) яваасай, тэгш дүүрэн айл болоосой гэх эерэг сэтгэл, санаа тавилт байхгүй гэж үү? Ийм харилцаа хэдэн үеийн турш байсаар ирсэн тул ингэж асуусаар байгаа хэрэг биш үү? Энэ манай үндэстний харилцааны нэгэн онцлог мөн үү? Эсвэл хүний хувийн орон зайд халдаж, амьдрал руу нь хошуу дүрж, сэтгэл санааг нь үймүүлэх гэсэн балиар явуулга гэсэн ганцхан үзүүр дээр очих уу?
Өнөөх постуудын доорх “Манай охид мундаг байлаа!”, “Манай хөвгүүд дэлхийн гайхамшиг” гэж өөрийнх нь ойр дотны хүн амжилт гаргасан юм шиг бичсэн сэтгэгдлүүд болон дээрх бүдүүлэг жишээ хоёрт ижил тал, олон зууны туршлагаар удамшин хадгалагдсан нүүдэлчин соёлын инерц буюу бусдын хэргийг өөрийнх мэт хүлээж авахөөриймсөл байх шиг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ: ШИНЭ “ҮГҮЙЛЭГДСЭН” ХАЙР
Улсын драмын эрдмийн театрын тайзнаа Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Үгүйлэгдсэн хайр” жүжгийг анх 1989 онд найруулагч Э.Санчигдан, 2005 онд найруулагч Ч.Түвшин, 2015 онд Ч.Найдандорж, өдгөө 2025, 2026 онд зохиолч Я.Баяраагийн нэмэн шинэтгэсэн зохиолоор Н.Наранбаатар найруулан тавьжээ.
Эх зохиолыг хадгалан шинэтгэсэн нь: Зохиолч Я.Баяраа эх зохиолыг бүтэн барьж, утга санааг өөрчлөлгүй, найруулагчийн шийдлийг тусгаж, лаборатори театрын зарчмаар зохиолд хэд хэдэн зүйлийг шинэтгэн нэмснийг харьцуулбал эх зохиол 60, шинэтгэл 40 хувь болсон аж. Үүнийг:
1. Бүтцийн шинэтгэл Эх зохиолын бүлэг, үзэгдлийн хуваалт тодорхойгүй, шугаман бус боловч дан үйлдлийн дараалал шинжтэй байсныг хоёр бүлэг, 11 үзэгдэлтэй болгон системчилсэн. Мөн пролог болон эпилог хэсгийг шинээр нэмж, жүжгийг “Гэрэл зургийн үзэсгэлэн” гэсэн нэгдсэн концепцод оруулсан нь маш чухал, зөв шийдэл болжээ. Жүжгийн үзэгдлүүд нь гэрэл зургийн үзэсгэлэнд тавигдсан зураг юм байна гэдэг сэтгэгдлийг үзэгчдэд төрүүлэх бөгөөд ингэснээрээ “Амьдрал агшнаас бүтдэг” гэсэн түлхүүр үгээс анхаарлыг нь огт хазайлгалгүй удирдаж чадаж байна. Энэ бүтэц жүжгийг ойлгоход дөхөм болж, үйл явдлын шугаман бус дарааллуудад төөрүүлэлгүй үзэгчид тодорхой байдлыг бий болголоо.
2. Дүрийн тогтолцооны шинэтгэл Эх зохиолд Болдоо гэх дүр нэр төдий дурдагддаг бол шинэчилсэн хувилбарт түүнийг Цэцэгийн нөхөр, цахим мөрийтэй “спорт”-д донтсон орчин үеийн нийгмийн сөрөг талыг төлөөлөх дүр болгон өргөжүүлжээ. Мөн Отгоолойгийн эхнэр Оюунаа гэх дүрийг шинээр оруулсан нь гол дүрийн сэтгэл зүй, уналт, өсөлтийг илэрхийлж, басхүү бусад дү рээсээ товойн гарч ирэх, гол дүр гэдгийг таниулах болзол боллоо.
Жүжигт гэрэл зургийн үзэсгэлэнгээ дэлгэж буй “гэрэл зурагчин”-ы дүр шив шинээр нэмэгдэв. Тэрбээр үзэгчид болон жүжгийн дүрүүдийг холбож, үйл явдлыг тайлбарлах үүрэг гүйцэтгэнэ. “Ингээд та бүхнийгээ өөрийн үзэсгэлэндээ урьж байна” гэхэд жүжиг эхэлж, дурсамж ярихад орж ирэн зураг дарж, завсарлага болсныг зарлаж, Базарын гэр бүлийн жаргалтай агшныг гэрчилж, “Үнэн” гэдэг нэртэй болчихсон цагдаад баригдаж, “Миний үзэсгэлэн энэ хүрээд өндөрлөж байна” гэхэд нь жүжиг дуусаж байна. Гэрэл зурагчин өөрийгөө дүр гэдгээ мэддэг, бусад дүр гэрэл зурагчны кадр-агшин гэдгээ мэдэрдэг энэ ойлголцлоос “халдварлан”, үзэгч “өөрийгөө” театрт жү жиг үзэн суугааг “анзаарах” бас жүжигт оролцож байгаа гэдгээ ойлгох боломж олгох гэх мэтээр дүр-үзэгч гэсэн заагийг арилгаж буй баллуур, эсвэл холбож буй гүүр болж байна. Энэ бол орчин үеийн театрын урлагийн эрэлхийлэл мөн биз ээ.
3. Агуулгын шинэтгэл 38 жилийн өмнө бичигдсэн эх зохиолын уур амьсгалыг өөрчилж, цахим мөрий, байрны зээл, өндөр настны асрах газар зэрэг агуулгыг оруулснаас гадна дүрүүдийг 2025-2026 оны хэлээр яриулж, GenZ гэж нэрлэгдэх үеийнхнээс илтэд илэрдэг авир араншинг ч “чимхээд авав”.
4. Жанрын шинэтгэл “Уянгын драмын жүжиг” гэж тодорхойлсон боловч найруулагчийн шийдэл нь “Хөгжимт жүжиг” байлаа. Жүжгийн хөгжим, дууны аяыг Урлагын гавьяат зүтгэлтэн Б.Чинбат, дууны шүлгийг жүжигчин Д.Мөнх-Од бичжээ. Дүрүүдийн характер, сэтгэлгээ болон жүжгийн үйл явдлын өөрчлөлт, эргэлтийг дуу хөгжмөөр илэрхийлж байлаа. Жүжиг “Хайр гэж юу юм бэ?” хэмээх блюз маягийн дуугаар эхэлж, (Отгоолой эхнэртээ хаягдана), жүжигчдийн “Хайр хүн бүхэнд бий” гэсэн хөнгөн, аз жаргалтай поп дуугаар өндөрлөж байгаа нь эхний асуултын хариулт байж болно. Мөн хоёр үеийн ялгааг хөгжмийн хэмнэлээр илэрхийлэв. “Рапорт” Жамсран гарч ирэхэд Төрийн дуулал эгшиглэх, Жамсрангийн гэргийн сүнс зүүдэнд нь орж ирж “Цэнхэр дурдан алчуур”-ыг дуулах, Базар, Төгсөө хоёрын элбэрлийг “Газрын жигүүр” киноны “Нугын алаг цэцгэндээ” гэдэг сайхан аялгуугаар чимэглэж, дүрүүд өөрсдөө дуулж, носталгияг тайзан дээр бүтээж байхад Болдоо хадам, эхнэр хоёртоо “Та нар юутай байсан юм бэ?” гэж агсраад л, Базарын охин ирэхдээ мөнөөх дууг “Нами-раахан бо-роо нами-ран-хан” гээд л металл рок хөгжмийн нүргээнд орж ирж амгаланг эвдэж байна. Их хол контрасттай юм шиг мөртлөө хөгжимт жүжиг бүтээх зорьсон санаандаа хүрсэн гэж хэлж болно. “Үгүйлэгдсэн хайр” жүжигт зориулан есөн дууг шинээр зохиожээ.
Мөн зарим үзэгдэл, зарим дүрд инээдмийн тоглолт шигтгэсэн нь тун оновчтой. Энэ бараан инээдмийг жүжигчин Т.Сэргэлэн уран чадварлаг үзүүллээ. Түүний бүтээсэн Базарын дүр бол олон талаараа заримдаг дүр. Сайн-муу, хүчтэй-дорой, ухаантай-тэнэгийн дунд гацсан заримдаг байдлыг нь үл ялиг хэтрүүлэгтэй бараан хошигнол бүрэн дүүрэн илэрхийлж чадсан. Лоолой Самдангийн дүр, авгайн дүрд энэ аргыг ашигласан нь анзаарагдана.
5. Драматургийн харьцаа “Үгүйлэгдсэн хайр” жүжгийн энэ хувилбарт эх зохиол 60, нэмж шинэтгэсэн хэсэг нь 40 хувь тэнцэж байгаа. Дээрх дөрвөн шалтгаан уг жүжгийг зөвхөн нэмэн сайжруулалт төдийгүй орчин үеийн театрын онол, арга зүйг ашигласан найруулагчийн хувилбар болохыг харуулж байна.
ҮГҮЙЛЭГДСЭН ӨӨРИЙМСӨЛ Б.Лхагвасүрэн зохиолч “Үгүйлэгдсэн хайр” жүжгийг Халх голын ялалтын 50 жилийн ойд зориулан, ахмад дайчдын дурсгалыг хүндэтгэн бичсэн байна. Уг жүжигт хоёр айл бий.
Ийм л хоёр айл энх тунх элэг бүтэн амьдарч байтал Дарьзав, Жамсрангийн гэргий хоёр хорвоогийн мөнх бусыг үзүүлэв (жүжигт ийм үйл явдал байхгүйг сануулъя С.Б). Дарьзавыг өнгөрөхөд Отгоолой таван настай байжээ. Жамсран Дарьзаваас цөөн хэд дүү болов уу. Цэцэг Отгоолой хоёр чацуу юм. Хоёр айлд нүүрлэсэн өнчрөл нь жүжгийн зохиолын өгүүлэмжийн цөм, үйл явдлын зангилаа болсон гэж ажиглаж болохоор байна. Дарьзавын эхнэр Цэвэлмаагийн “Ганц тулдаг түшдэг нь байхгүй болчихсон болохоор яаж өөдтэй байх вэ” гэж хэлдэг тэр хэсэг бол зангилааг улам чангалж буй үг. Айл айлын “тулдаг түшдэг нь байхгүй болчихсон болохоор” жүжгийн нэгдүгээр бүлгийн уур амьсгалд уйтгар, санагалзал зонхилж, тайз засал, хувцас хэрэглэлд бараан өнгө давамгайлна. Бүхэлд нь гэрэлтүүлэх хэрэгтэй мэт. Хэрхэн гэрэлтүүлэх вэ? Тайзны хойморт их том шинель өлгөжээ.
Таван настайдаа ааваасаа өнчирч хоцорсон Отгоолой бол архичин. Базар ахынх нь хэлдгээр “нийгмийн шаар шавхруу”. Жүжиг Отгоолойгийн эхнэртээ хаягдаж байгаа үйл явдлаар эхэлнэ. Отгоолой салсан эхнэртээ “Хайрын гэрэл”-ийг барин очих боловч эхнэр түүнийг нь хариу хөсөр шиднэ. Харанхуй тайзыг гэрэлтүүлж чадах хүч “Хайрын гэрэл” юм.
Дүр бүхэнд хайрын гэрэл бий. Дүрүүд хэн нэгэнд хайрын гэрлээ өгөхийг хүсэх ажээ. Зарим нь авна, зарим нь хаяна, зарим нь үл тооно. Ийм л хайрын харилцаан дунд орж чадахгүй байгаа дүр Отгоолой аж. Төрсөн ах нь нэг нүдээрээ үзэхгүй, эхнэртээ хаягдсан, хүүхэдтэйгээ уулзах эрхгүй, ядаж байхад өөрөө хүүхдийнхээ хэдэн настайг ч яг таг хэлж чадахгүй болтлоо хар усанд живсэн, гэр бүлийн болон нийгмийн харилцаанаас бүрэн тасарсан “ёроол”. Ганц “тулах түших хүн” бэр эгч Төгсөө л үлджээ. Отгоолойд эхнэр нь “Чи миний хайрыг хэзээ ч хайр гэж бодоогүй. Би чиний агуу их гансарсан сэтгэлийн цангааг л тайлсан” гэж, ах нь “Тэгж ярих юм бол наад согтуу толгой чинь эхийгээ зовоогоод бие сэтгэлийг нь хагасалж үхүүлсэн” гэж хэлсэн. Энэ үгсийг сонсоод Отгоолойгийн дүр дотоод мөхөлд хүрнэ. Мөхлөөс гарган сэхээх ганц зүйл нь “Хайрын гэрэл” боловч Отгоолойн хувьд тэр гэрэл дэндүү хожимдсон, эсвэл амьсгал төдий ёлтойсон бүдэг байна.
Отгоолой ахынхаа гэрээс хөөгдөөд гудамжинд хөрш Жамсран гуайтай таардаг богинохон үзэгдэл бий. Жамсран гуай Отгоолойд банкныхаа картыг өгч, ахынхаа тэтгэврийг дөхүүлээд өг гэхэд “Жамсран гуай би чинь архичин хүн шүү дээ” гэж хариулна. Жамсран гуай Отгоолойг зандран “Чиний хүн чанар чинь согтуу биш биз дээ”, “Заханд чинь гэрийн чинь хоймор, нэрэнд чинь эцгийн чинь сүнс оршдог юм” гээд ганц охиноо харж хандаж явах захиасыг “Хайрын гэрэл”-тэй хамт өгнө. Отгоолой Цэцэгээг байтугай өөрийгөө яая гэж яваа архичин гэж Жамсран гуай бодсонгүй өөртөө ч итгэхээ байсан Отгоолойд “итгэснээр” дотоод мөхлөөс нь аварч, ахин “амилуулсан” нь жүжгийн эргэлт болдог. Бодоод үзье л дээ. Бид ер нь “бөбөө”-д итгэх үү?
Дарьзав гуайг нас барах үед Базар эхнэр аваагүй байлаа. Төгсөө Отгоолойг 12 настай байхад бэр болж иржээ. Цэвэлмаа гуай эсэн мэнд байж. Амьдрал ахуй тийм ч сайн байсангүй. Тийм л үед урилгагүй зочин Лоолой Самдан гэгч Дарьзав гуайн чацуутан ирэв. Шинэчилсэн найруулгад Лоолой Самдангийн энэ айлд авчирсан хөнөөлийг эх зохиолоос илүү хурцдуулжээ. Самдан “Өөд болохоосоо хэдэн жилийн өмнө нэг хаврын хавсаргатай өдөр надаас гуйж гуйж арван мянган төгрөг аваад явж билээ хөөрхий. Одоо бол нэг сая төгрөг дөө” гээд эрээ цээргүй нэхнэ. Цэвэлмаа гуай барьц алдан яахаа мэдэхгүй сандачна. Гэтэл Базар “Ээж! Аавын нэг медаль байгаа. Тэрийг мөнгөнийх нь оронд өгч болохгүй юу” гээд ээж, Отгоолой хоёрынхоо сэтгэлийг сэмлэн Лоолой Самданд атгуулж өр дарна. Лоолой Самдангийн гашуун үг, аяг араншин Цэвэлмаа гуайг бие сэтгэлийн зовлонд унагана.
Эндээс Базар арга мухардан өрийг нь дарж байгаа мэт боловч их л нарийн мөн чанар цухалзаж байх шиг. Эх зохиолд Самдангийн өрийг Базар аавынхаа шинелиэр дарах гэхэд ээж нь ятгаж, Отгоолой дургүйцэн гөжүүдэлж өгөлгүй явуулдаг. Шинель бол эд бараа. Шинелийг өгөөгүй. Харин одон медаль гэдэг эд бараа биш, “Нэр төр”. Медалийг өгсөн. Базарын дотоод ахуйг улам тод харуулах өөрчлөлт хийжээ. Гэхдээ энэ бол дурсамжийн хамгийн бараан сүүдэр биш. Ээжийгээ нас барахад “Та нар ерөөлтэй хамт олон юм аа. Дарга нар минь. Ээж минь та нарыг байхад амьсгаа хураах учиртай байж” гэж хэлж, Отгоолойгоос ичсэндээ тэр мөчид гэртээ оруулахгүй гэж зүтгэдэг хүн. Гаднаа их хүч чадалтай дүр эсгэх ч дотроо өчүүхэн хүн. Базарын ийм төрхийг ямагт дээр нь зогсож, хөлөө тавьдаг жижиг улаан сандал илэрхийлнэ. Сандал дээр гарахаараа их том, буухаараа маш жижиг. Базарт “сандал” буюу албан тушаал, хуурамч нэр төр байгаа ч “гэрэл” үгүй мэт. Гэвч Базар яадгаа алдсан арилсан дотортой хүн ч бас биш. “Нийгмийн хамелеон” гэж тодорхойлууштай дүр юм. Нийгэмд өнгөц дүр бүтээхийн тулд нэр төрөө ч өгч, гэр бүлээ ч танихгүй болж “хүнийсэж чадсан” тэрбээр өөрийнхөө охинд тулж очоод ухаарчээ. Базар “Эхийгээ амьд байхад нь хэлсэн, хийсэн бүхэндээ би өөрийгөө яллаж явна. Эх хүн үхсэн ч үрээ яллаж чаддаггүй. Харин үр нь өөрийгөө яллах өдөр ирдэг юм. Аав нь чухам тэр ялаа эдэлж яваа ялтан” гэж охиндоо хэлдэг тэрхүү монолог их хүчтэй.
“ХАЙРЫН ГЭРЭЛ”-ИЙН ЦААНА ЮУ ОРШИНО ВЭ
Олон зууны туршлагаар удамшин хадгалагдсан нүүдэлчин соёлын инерц буюу бусдын хэргийг өөрийнх мэт хүлээж авах-өөриймсөл байх шиг. Өөриймсөл итгэл дээр тогтоно. Хүн өөрт нь итгэх хүнийг, өөрөө итгэх хүнээ хайж явдаг аж. Жамсран гуай Отгоолойг өөрийн хүү юм шиг санаж, охиноо итгэж даатгасан учир, Цэвэлмаа гуай Төгсөөг өөрийн охин юм шиг санаж, Отгоолойг итгэж даатгасан учир, Базар өөрийн бүхнээсээ хөндийрч ганцаараа өндөрт орших гэж хичээсэн учраас өөрийгөө яллаж яваа гэдгээ мэдсэн учир, Цэцэгээ Отгоолойн хайр сэтгэлд итгэсэн учир, Отгоолой хайрыг үгүйлсэн хэвээр байж, өөрт нь өөриймссөн хүмүүсийн сэтгэлээс өндийж амьдралын гэрлийг ахин харсан учир “Хүнд чинь нүд илүүддэггүйн учир” жүжиг “Хайрын гэрэл”ээр өндөрлөжээ. Жүжигт буй хагарал, эсрэгцэл харин “хүнийсэл”-ээс үсэрхийлжээ.
ЭПИЛОГ
“Үгүйлэгдсэн хайр” жүжиг бол өөрийнхөө сүүдрээс үргэсэн орчин үеийн монголчуудын мартах шахсан өөриймслийн дуулал юм. Сошиал ертөнцийн хиймэл хандалтын цаана бид дэндүү хүнийсэж, ертөнцийг аврах гэрэл гэгээ, хайрыг анзаарахгүй өнгөрч байгааг Отгоолойн ганцаардал, Базарын хожуу ухаарал сануулна. Гэрэл зурагчны дуран агшныг хөлдөөж үлдээдэг шиг жүжиг бидний амьдралын үнэнийг тайзнаа буулгалаа. Бидэнд удамшин ирсэн өөриймсөх хүслийг илчлэн харууллаа.
Бид хэдэн сая, хэдэн живаа хүний дунд амьдарч байгаа атлаа яагаад хайраар дутсаар байна вэ? Магадгүй Базар шиг “улаан сандлаасаа бууж”, “эцгийнхээ хуучин шинелийг нөмрөөд” жинхэнэ өөриймсөл рүүгээ алхах цаг болсон биш үү? Хайр үгүйлэгдсэн цаг үед хайрыг үгүйлсээр байхын агшинд “Хайрын гэрэл” асах учиртай.