УИХ дахь ХҮН намын зөвлөл өчигдөр хуралдаж, нийт таван асуудал хэлэлцлээ. Тэд “Туулын хурдны зам” төслийг түр биш, бүрэн зогсоох шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлэв. Энэ талаар ХҮН намын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Б.Ганзориг “Туулын хурдны замтай холбоотой төслийн асуудлаар ажлын хэсэг гарч, байгаль орчны нөлөөлөл болон эдийн засгийн үр ашиг, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах тооцооллыг судалсан. 2.3 их наяд төгрөгөөр байгаль орчинд халтай, эдийн засагт үр өгөөж муутай, түгжрэлд бодитой нөлөө үзүүлэх боломжгүй энэ төслийг цаашид үргэлжлүүлэн явуулах шаардлагагүй. Дээрх чиглэлээр нарийн тооцоолол дээр ХҮН намын зөвлөлийн гишүүд болон мэргэжилтэн, судлаачид орж ажилласан. Байгаль орчин, уур амьсгал, өөрчлөлтийн яамнаас “Туулын хурдны зам” төслийг түр хугацаанд зогсоож, удахгүй үргэлжлүүлнэ гэх мэдээлэл өгсөн. УИХ дахь ХҮН намын зөвлөл энэ трассын дагуу үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Харин уулын зам дагасан замаа өргөтгөөд, дөрвөн эгнээ болгож, зүүнээс баруун, баруунаас зүүн чиглэлийн урсгалын түгжрэлийг бууруулах боломжтой” гэв. Мөн тэрбээр дэлхийн улс орнуудын нөхцөл байдалтай холбоотой түүхий эдийн үнэ өсөх гэж байна. Энэ үед ийм томоохон хэмжээний төсөл, хөтөлбөр цаг хугацаандаа дуусаж, бодитой нөлөө үзүүлэх боломж бага гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг ХҮН намын зөвлөл дэмжиж буйгаа илэрхийлэв. Парламентын гишүүд ёс зүйн алдаа гаргаж, гэмт хэрэгт холбогдсон бол эгүүлэн татдаг байх зохицуулалт шаардлагатай гэв. Гэхдээ өргөн барьсан хуульд Үндсэн хуульд заасан УИХ-ын гишүүнийг гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд эгүүлэн татдаг зохицуулалтыг нарийвчлах нь агуулгаасаа хальсан. Тиймээс энэ хуулийн төслийг хэлэлцээд явахыг дэмжихгүй хэмээн тус зөвлөлөөс тодотголоо.
Ч.Болор