
Монгол-Солонгосын Политехник коллежийн Техникийн боловсрол олгох сургалтын Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт I-а, II-а ангийн суралцагчид, багш нарын хамт үйлдвэрлэлийн дэвшилтэт техник, технологитой танилцаж, мэргэжлийн бодит орчинд туршлага судаллаа. Тодорхой хэлбэл, тэд “ТЭЦ-4” ТӨХК, “Витафит Инвест” ХХК, “Moncable Systems” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцах аялалд хамрагдсан байна.
Танилцах аяллын хүрээнд суралцагчид үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын үйлдвэрлэлийн бүтэц, зохион байгуулалтын талаар ойлголттой болжээ. Түүгээр барахгүй, тоног төхөөрөмжийн ашиглалт, ажиллах зарчим, автоматжуулалтын удирдлага, хяналтын системийн талаар мэдээлэл авсан аж.
Ирээдүйд эдгээр газарт ажиллах залууст хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн (ХАБЭА) зааварчилгаа чухал. Тиймээс суралцагчид зүгээр нэг танилцах аялал хийсэнгүй, мөн давхар ХАБЭА-н сургалтад хамрагдав.
Мэргэжлийн бодит орчинтой танилцсанаар цаашдын ажил, мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлох боломж бүрдлээ хэмээн багш нар сургалтын талаар онцолж байв. Энэхүү практик аялал, сургалт нь суралцагчдын онолын мэдлэгийг үйлдвэрлэлийн бодит орчинтой уялдуулан бататгах, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.