Халхын анхдугаар Богд, Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг өнгөрсөн жил тэмдэглэн Өвөрхангай аймагт даншиг наадам зохион байгуулснаас өөр ямар арга хэмжээ өрнүүлснийг өнөөдөр хүмүүс төдийлөн мэдэхгүй суугаа. Түүхэнд түүнийг янз бүрээр үнэлдэг ч “Азийн Микеланжело” хэмээн өрнө, дорногүй хүлээн зөвшөөрч, бүтээлүүдийг нь дуудлага худалдаагаар өндөр үнэ хаялцан худалдан авсаар буй билээ. Монголчуудад хамгийн сайн мэдэгдсэн нь арав гаруй жилийн өмнө буюу 2015 оны гуравдугаар сард Францын Парист болсон дуудлага худалдаагаар Өндөр гэгээн Г.Занабазарын урласан Ногоон дарь эх бурхныг 3.4 сая еврогоор Тайванийн иргэн худалдаж авсан тохиолдол.
Үүнээс өмнө болон хойно Өндөр гэгээний өөрийн болон шавь нарынх нь, түүний бий болгосон дэг сургуулиар урласан олон ч бүтээлийг дуудлагаар худалдсан юм даг. 2016 онд Бээжинд болсон эртний эдлэлийн дуудлага худалдаагаар анхдугаар Богдын өөрийнх нь дүртэй, 52 см өндөр алтан шармал бурхныг 73 сая гаруй юаниар борлуулсан.
Тэгвэл Монголд түүний урласан бүтээлүү дийг сүм хийд, музейгээс хулгайлах, нууж далдалсныг нь хууль бусаар ухаж гаргаж ирээд эртний эдлэлийн дэлгүүрүүдэд хяналтгүй худалдсан тохиолдол нэг бус. Эх орныхоо түүх, соёлын үнэт зүйл, дахин давтагдашгүй бүтээлүүдийг харьд гаргаж наймаалсан хүмүүсийг олж илрүүлж, гадаадаас тэдгээрийг буцаан авч чаддаггүй. Харин Монголдоо түүний болон шавь нарынх нь урласан бүтээлүүдийг хууль бусаар ухаж, олж авчхаад наймаалж буй нөхдөд хариуцлага тооцсон явдал нэг бус. Өөрөөр хэлбэл, Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг гэж үзэн ял шийтгэл шүүхээс оноосоор байгаа юм. Шүүхийн шийдвэрийн үр дүнд соёлын салбар хариуцсан яаманд олдвор, бүтээлүүдийг шилжүүлэхээр болсон байдаг.
ДАРААГИЙН ТЭМДЭГЛЭЛТ ОЙГООС ӨМНӨ БҮТЭЭЛҮҮДИЙГ НЬ НЭГ ДОР ЦОГЦЛООХ СОН
Өндөр гэгээний өөрийн гараар болон түү ний дэг жаягаар урласан бүтээлүүд бол нэлээд их байгаа нь ойлгомжтой. Зөвхөн бурхан шүтээн гэлтгүй, ном судар арвин бий нь лавтай. Тэдгээрийг нэг дор цогцоор нь судалдаг, шинжилдэг өв соёлыг нь уламжлан хөгжүүлдэг байгууллага, эрдэмтэн судлаач хэд бол. Анхдугаар богд Г.Занабазарын нэр, бүтээлээр ашиг хонжоо олохоо л боддог нөхөд цөөнгүй. Тухайлбал, Үндэсний номын сангийн тусгай сан хөмрөгт хадгалагддаг Өндөр гэгээн Г.Занабазарын намтар, түүхэнд холбогдох түүхэн эх сурвалжуудыг эрдэм шинжилгээний боловсруулалт хийлгүйгээр БНХАУ-ын талд хүлээлгэн өгч, түүгээр нь өмнөд хөршийнхөн ном гарган худалдсан гэх дуулиан нэг хэсэг олны анхааралд орж байсан ч мартагдсан.
Тэгвэл түүний өөрийн болон дэг жаягаар нь урласан бүтээлүүдийг нэг дор цогцлоож, судалгаа, шинжилгээний төв байгуулж болмоор санагдана. Хэрэв ийм төвтэй болчихвол олон олдвор, бүтээлийг соёлын асуудал эрхэлсэн яам, харьяа агентлагуудаас тэнд шилжүүлэн байршуулж, хүмүүст хүргэж, гадаад, дотоодынхны нүдийг хужирлан, жуулчдыг татаж, аялал жуулчлалын нэг брэнд үүсгэх боломжтой.
Яагаад олдвор, бүтээл гэж бичих болов гэхээр эртний эдлэлийн хууль бус олборлогчид, тэднээс “бараа”-г нь худалдаж авдаг, энэ төрлийн наймаа эрхэлдэг дэлгүүрийн эздээс шүү хийн шийдвэрээр төрд хурааж авсан цөөнгүй эд өлгийн зүйлс бий.
Хэнтийн нурууны хөвч тайгын гүний нэгээхэн хэсэгт Өндөр гэгээн Г.Занабазар хот суурин байгуулж байсныг Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийнхэн батлан, судалгаа, шинжилгээ хийсээр буй билээ. Тэднийг ажлаа зогсоосон үед хууль бусаар малтлага хийдэг хүмүүс очиж баахан эд өлгийн зүйл олборлон худалдахыг завдсан юм. Чингэлтэй дүүргийн III хорооны нутагт байрлах нэгэн эртний эдлэлийн дэлгүүрт дээрх газраас хулгайгаар малтаж авчирсан, Өндөр гэгээн Г.Занабазарын өөрийн гараар урласан байж болзошгүй 70 гаруй бурхныг борлуулах гэж байсан бөгөөд хууль сахиулагчид уг үйлдлийг таслан зогсоож, эрүүгийн хэрэгт шалгаж эхэлсэн байдаг. Шүүх энэ хэргийг шийдвэрлэж холбогдогчдод хариуцлага хүлээлгэн 70 гаруй бурхныг тухайн үеийн Соёлын яаманд шилжүү лэхээр шийдвэрлэсэн гэдэг.
Зөвхөн эл хэргээс үзэхэд 70 гаруй бурхныг хэрхэн урласан зэргээс нь эхлээд судалгааны эргэлтэд оруулж, олноо толилуулан жуулчдын таван төгрөгийг эх орондоо шингээж болохгүй гэж үү.
НЭРЭМЖИТ МУЗЕЙ НЬ НУРЖ УНАХ ЭРСДЭЛТЭЙ
Өндөр гэгээн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулсаар байна. Хэдийгээр нэрэмжит музей ч гэлээ Монголын төр, нийгэм, шашин соёлын нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, урлахуй ухааны сод билэг төгөлдөр Г.Занабазарын дахин давтагдашгүй, Монголын төдийгүй хүн төрөлхтний бахархал болсон 120 гаруй цутгамал бүтээл цогцоороо хадгалагдаж байдаг нь яалт ч үгүй үнэн.
Эл музейд Өндөр гэгээний урласан бүтээлүүдийг бусад музей, Эрдэнэсийн сан, хийдээс аваачиж нэгтгэн, үзэсгэлэн дэлгэж байсан удаатай.
Тус музейнхэн танилцуулгадаа “Нүүдэлчин амьдралын өвөрмөц онцлог, харь гүрнүүдийн халдлага дайралт,байгалийн гамшиг, соёлын өвийн хулгай дээрэм зэргээс болж, үе үеийн урчууд, авьяастан билэгтнүүдийн бүтээсэн олон үнэт дурсгал, алдагдсан, үрэгдсэн, устаж үгүй болсон хэдий ч, хойч үеийн үр сад болон дэлхийн олон үндэстнүүдийн өмнө дэлгэн үзүүлэхэд чамлахааргүй арвин их өв дурсгал, бидний үед хадгалагдан үлджээ. Тэр бүхний дээж, сор нь болсон 20 000 гаруй үнэт ховор үзмэр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй бөгөөд үзмэрийн танхимд дэлгэн тавьснаасаа хэд дахин олон тооны ховор нандин бүтээл тус музейн сан хөмрөгт хадгалагдаж байдаг” хэмээсэн байна.
Тэгвэл өнөөдөр энэ баялаг үзмэртэй музейн байшин барилга, сан хөмрөгийн хадгалалт хамгаалалт эрсдэлтэй нөхцөлд ороод буй. Дэргэд нь Худалдаа, хөгжлийн банкныхан доошоо гурав, дээшээ 28 давхар 3000 ам метр талбай бүхий барилга барьж буй. Уг барилга музейн тусгай хамгаалалтын бүсээс таван метрийн зайд баригдаж, 100 гаруй жилийн насжилттай чулуун бетон суурь, тоосгон ханатай, модон хучилттай, шувуу нуруу бүхий төмөр дээвэртэй 1600 ам метр талбай эзлэн орших хоёр давхар барилгад нөлөөлж байгаа юм. Тиймээс ч зураг дээр байгаачлан суурь, хана нь нурж эхлээд буй.
Музейн барилгыг 1905 онд Оросын худалдаачин Гудвинцалын захиалгаар Германы архитекторын боловсруулсан зураг төслөөр оросууд 1912-1913 онд барьсан бөгөөд түүнээс хойш Хятадын банк, Оросын улаан армийн штаб, Улсын их дэлгүүр, Урчуудын хорооны үзэсгэлэнгийн танхим байрлаж байгаад 1966 оны долоодугаар сарын 23-наас музей болгосон түүхтэй. Энэ барилгад хамгийн сүүлд 2010 онд гадна засвар хийснээс хойш хүний гар хүрээгүй, тордлого арчилгаа үгүйлэгдэж байгаа гэхэд хилсдэхгүй.
Ийм эрсдэлтэй нөхцөлд “Азийн Микеланжело”-гийн өөрийн гараар урласан Язгуурын таван бурхны дөрөв, Цагаан дара эх, Өөрийн хөрөг, Эхийн хөрөг бүтээлийг хадгалж, олны хүртээл болгосоор байна.
Тэгэхээр түүх, соёлын дурсгалт барилгыг нь сэргээн засварлахаас гадна зөвхөн Халхын анхдугаар Богд, Өндөр гэгээн Г.Занабазарын энд, тэнд хадгалагдаж буй бүтээлүүдийг нэг дор цогцлоон, судалгаа шинжилгээ хийх, гадаад, дотоодод сурталчлан таниулах цогцолбор хэрэгтэй болсон юм биш үү. Ийм цогцолбор мэндэлснийх нь 395 биш юм аа гэхэд 400 жилийг нь угтан бүтээн байгуулчихвал түмний нүдэнд ил болоогүй олон бурхан шүтээн, урлалыг нь дэлгэх боломж бүрдэх билээ.