Москвагийн олон улсын 48 дахь удаагийн кино наадмыг энэ сарын 16-23-ны өдөр ОХУ-ын Москва хотноо зохион байгуулж байна. Энэ жилийн наадамд дэлхийн 43 орны 200 орчим бүтээл оролцож буй юм. Наадмын хамгийн нэр хүндтэй хэсэг болох үндсэн уралдаанд Монголын “Аранжин” пикчерсийн бүтээл “Задлаагүй захиа” уран сайхны кино шалгарч, гол шагнал болох “Алтан Георгий”-ийн төлөө БНХАУ, Энэтхэг, Иран, Испани, Аргентин, Турк, ОХУ, Итали, Казахстан, БНСУ, Герман зэрэг орны шилдэг 12 кинотой өрсөлдөж байгаа билээ. Тус киног Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгийн зохиолоос сэдэвлэн, залуу зохиолч С.Баатарцогт шинээр бүтээсэн бөгөөд хүний сэтгэлийн нандин холбоо, ахуй амьдралын гүн утга учрыг уран сайхны аргаар илэрхийлснээрээ онцлогтой. “Задлаагүй захиа” киноны ерөнхий найруулагчаар Б.Батдэлгэр, продюсер, дууны найруулагчаар Л.Цэрэнтогтох, зураглаачаар Г.Гүенбаатар ажиллажээ.
П.Дайриймаа