Шүүхийн шийдвэрийн биелэлт, үр дүн, тогтолцооны гажуудал, шүүгчийн хараат бус байдлын талаар “Оюуны инновац” ТББ-ын судлаач, хуульч П.Баттулгатай ярилцлаа. Тэрбээр захиргааны эрх зүй, шүүх эрх мэдлийн чиглэлээр эрдэм шинжилгээний 20 гаруй илтгэл, өгүүлэл, судалгааны ажил бичжээ.
-“Шүүх гэдэг нь Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулагдан, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, заавал биелүүлэх шийдвэр гаргадаг шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг хэлнэ” хэмээн Шүүхийн тухай хуульд заасан байдаг. Тэгвэл яагаад шүүхээс ял сонссон өндөр дээд албан тушаалтнууд заавал биелүүлэх шийдвэрийг дагахгүй байна вэ?
-Шүүхийн шийдвэр гаргах үйл явц нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн хүрээнд явагдаж, шүүхийн шийдвэр цаасан дээр гардаг. Шүүх шийдвэр гаргасны дараа түүнийг албадан биелүүлэх ажиллагааг шүүхээс тусдаа бүтэц буюу Засгийн газрын агентлаг болох шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлж байгаа.
Шүүх өндөр албан тушаалтнуудад арай өөрөөр үйлчилж байгаа эсэх, шийдвэрийг албадан биелүүлэх түвшинд ямар алдаа, дутагдал гарч буйг шууд хэлж мэдэхгүй байна. Ямартай ч шүүхийн цаасан дээр гаргасан шийдвэрийг заавал биелүүлэх ёстой. Гэвч шүүхийн шийдвэрийн биелэлт хангалтгүй байгаа асуудал байнга яригддаг. Шүүх шийдвэрээ гаргаад л бүх зүйл болчхож байгаа хэрэг биш юм. Тухайлбал, шүүх хохирол, төлбөрөө гаргуулах, эсвэл ажил, албан тушаалдаа эгүүлэн томилох гэх мэт шийдвэр гаргалаа гэхэд энэ нь биелэгдэх нь хэргийн оролцогчдод хамгийн чухал байдаг. Ингэж байж шүүхэд итгэх олон нийтийн итгэл дээшилнэ. Түүнээс шийдвэр нь цаасан дээр би чигдэж үлдээд, хэрэгжихгүй байх юм бол “Шүүх ажиллахгүй, шударга ёс тогтохгүй байна” гэж иргэд ойлгодог. Иймд шүүхийн шийдвэрийн биелэлтийг сайжруулах асуудал нэн тэргүүнд яригдаж байгаа. ХЗДХЯ-наас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг шинэчлэн боловсруулахаар ажиллаж байгаа юм билээ.
ШҮҮХИЙН ШИЙДВЭР БИЕЛЭЛТИЙГ ЯДАЖ 70-80 ХУВЬД ХҮРГЭХ ХЭРЭГТЭЙ
-2021 оны шүүхийн индексээр манай улсын шүүх байгууллага 100 онооноос 51.9 оноо авсан. Харин үүнээс хоёр жилийн дараа буюу 2023 онд 53.2 болж, өмнөх судалгааны дүнгээс 1.28 оноогоор ахижээ. Гэвч энэ хангалттай үзүүлэлт биш. Та үүнд ямар дүгнэлт өгөх бол?
-“Оюуны инновац” ТББ, “Нээлтэй нийгэм форум”-тай хамтран 2021, 2023 онд Монгол Улсын шүүхийн индексийг гаргасан бөгөөд одоо 2025 оны индексийг гаргахаар ажиллаж байна. Шүүхийн индексийн хүрээнд шүүхийн шийдвэр хэр зэрэг биелэгдэж байна, хурдан хугацаанд хэрэгжүүлж буй, эсэхийг нэг шалгуур үзүүлэлтээ болгосон. 2021, 2023 онд олон нийтийн санал асуулгаас 50 гаруй, мэргэжилтнүүд буюу хуульчдын санал асуулгаар 60 гаруй хувь нь шүүхийн шийдвэр үргэлж биелэгддэг гэж үзсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас авсан тоон мэдээнээс үзэхэд эрүүгийн хэрэгт гүйцэтгэвэл зохих шийдвэрийн 60 гаруй, иргэний хэрэгт 50 орчим, захиргааны хэрэгт 40 гаруй хувийн биелэлттэй гэж гарсан. 2025 оны тухайд шүүхийн шийдвэрийн биелэлтийн хувь хэр байгааг шийдвэр гүйцэтгэх байгууллагын тоон мэдээллээс харахад нэг их өссөн зүйл харагдаагүй, урьдын л адил дунджаар 50 орчим хувьтай байна. Энэ бол гүйцэтгэвэл зохих шүүхийн шийдвэрийн тооны хувь бөгөөд харин мөнгөн дүнгээр нь авч үзэхэд үүнээс ч бага хувийн биелэлттэй байна. Тухайлбал, 2025 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд барагдуулбал зохих мөнгөн төлбөрийн 38, эрүүгийн хэргийн шийдвэртэй гүйцэтгэлийн ажиллагаан дээр барагдуулбал зохих төлбөрийн 10.8, захиргаан дээр зохих төлбөрийн 11.7 хувийг барагдуулжээ.
Шүүхийн шийдвэр биелэлтийг ядаж 70-80 хувьд хүргэх шаардлагатай л даа. Шууд автоматаар 100 хувь биелэгдэнэ гэх нь мэдээж амаргүй. Хохирол барагдуулах үүрэгтэй хүн, хуулийн этгээдийн төлбөрийн чадварын асуудал яригдана. Нөгөө талаасаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа маш удаашралтай гэж шүүмжилдэг. Энэ нь эрх зүйн орчин боловсронгуй биш байгаатай холбоотой. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага тодорхой шийдвэр, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлээд явдаг. Үүнд нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч талууд маргаан үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх боломж бий. Жишээ нь, эд хөрөнгийн дуудлага худалдааны үнэлгээтэй холбоотой маргаан үүсэхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх зэргээр шүүхийн шийдвэр гарснаас хойш биелэгдэхгүй хэдэн жилээр сунжрах тохиолдол байдаг. Захиргааны хэргийн тухайд хариуцагч албан тушаалтнуудтай холбоотой, ажилд эгүүлэн томилогдох тухай шийдвэр биелэгдэхгүй байх явдал цөөнгүй. Энэ нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа захиргааны байгууллага, албан тушаалтантай тооцох хариуцлагын асуудал сул буйтай холбоотой юм.
-Эхэнд асуусан асуултыг илүү тодруулъя. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарт гурван шатны шүүх ял оноочхоод байхад хууль батлалцаад явж буй нь шүүхийн шийдвэрийг үл ойшоосон хэрэг биш үү. Ийм тохиолдолд хуулийн хүрээнд ямар арга хэмжээ авах ёстой юм бэ?
-Үндсэн хуулийн дагуу шийдвэрлэх асуудал гэж ойлгож байна. Үндсэн хуулийн 29.3 дахь хэсэгт УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоох юм бол гишүүнээс нь эгүүлэн татна гэсэн заалт бий. Шүүхийн шийдвэр нэгэнт гарчихсан. Чухам тухайн гишүүнийг эгүүлэн татах тохиолдолд УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиараа хэлэлцэж, шийдвэрлэх ёстой. Үүнийг авч хэлэлцэхгүй байгаа нь асуудал бий гэж ойлгосон.
ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛСОН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ДАХИН ХЯНАХ ХЭД ХЭДЭН ҮНДЭСЛЭЛ БИЙ
-Гурван шатны шүүхийн шийдвэр гарсны дараа дахин шүүхэд хандах эрх зүйн зохицуулалт бий юү?
-Гурван шатны шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд давж заалдах эрх байхгүй. Заавал гурван шат гэхгүй анхан, давж заалдах шатны шүүхээр хэрэг, маргааныг шийдвэрлэж дуусах боломжтой. Хэргийн оролцогчид хуульд заасан гомдол гаргаагүй тохиолдолд анхан, давж заалдах шатны шүүхийн шатанд хэрэг, маргаан эцэслэгдэн шийдвэрлэгдэх боломжтой. Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг дахиж хянуулах боломж хуулиар байдаг. Тэр нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахиж хянуулах юм. Тухайлбал, тухайн хэрэг, маргааныг шийдвэрлэж байхад талуудад мэдэгдээгүй нотлох баримт шинээр гарч ирэх, нотлох баримт хуурамч болох нь хожим тогтоогдох, хэрэг, маргааныг шийдвэрлэсэн шүүгч, мөн прокурор, мөрдөгч, гэрч, шинжээчийн тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэлэх үед гаргасан үйлдэл нь гэмт хэрэг болох нь тогтоогдсон зэрэг үндэслэлээр хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг дахин хянах зохицуулалт байдаг.
-Сүүлийн үед шүүх байгууллагынхны ажлын ачаалал их байна гэж ярих болсон. Нэг шүүгчийн шийдвэрлэвэл зохих хэргийн тоо хэтийдсэний улмаас хэргийг шийдвэрлэхгүй удах, иргэд цаг хугацаа, нэр хүнд, хөрөнгө мөнгөөрөө нэмж хохирох явдал гарсаар. Одоогийн шүүхийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Шүүхийн индексийн нэг чухал үзүүлэлт нь шүүгчийн ажлын ачааллыг хэмжих явдал юм. Нийслэлд, тэр дундаа төвийн зургаан дүүргийн шүүхэд шүүгчийн ажлын ачаалал байх ёстой хэмжээнээсээ хэд дахин хэтэрсэн. Үүнийг нэг мөр шийдвэрлэж чадахгүй явсаар ийм байдалд хүрчихсэн. Жишээлбэл, тухайн жилд нэг шүүгч хэдэн хэрэг шийдвэрлэвэл зохистой вэ гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс захиалж хийлгүүлсэн судалгаа гаргасан байдаг. Иргэний хэрэг дээр авч үзвэл орон нутагт харьцангуй ачаалал байгаа мөртлөө, Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн хэмжээнд нэг шүүгч 400 гаруй хэрэг шийдвэрлэж байна. Сүүлд Шүүх байгуулах тухай хуулиар дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх байгуулсан. Гэтэл энэ шүүхээр 2025 онд шийдвэрлэгдсэн хэргийн нэг шүүгчид ногдох иргэний хэргийн тоо 1500 гаруй байгаа нь хэвийн хэмжээний ачааллаас давчихсан байна. Хохирлын мөнгөн дүн нь бага хэрэг, маргааныг түргэн хугацаанд шийдэх зорилгодоо хүрч чадахгүй, ачааллаасаа болоод нэг ёсондоо хялбар ажиллаж чадахгүй байгаа.
-Шүүгчийн ачаалал их байх нь ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ. Шүүгч хавтаст хэрэгтэй сайн танилцаж амжихгүй, эсвэл нэг талыг барьсан нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргаж байна гэх шүүмжлэл бий.
-Шүүгчийн ажлын ачаалал их байх нь хэд хэдэн сөрөг үр дагавартай. Шүүхэд хандсан иргэдийн хувьд хэрэг, маргааныг шуурхай шийдвэрлэхгүй удааснаас шүүхэд итгэх итгэл буурахад нөлөөлнө. Мөн шүүгчийн ажлын ачаалал их байгаа тохиолдолд шийдвэрийн чанар муудах, үндэслэлтэй шийдвэр гаргаж чадахгүй байх, алдаа гарах магадлал өсөх зэрэг сөрөг үр дагавар гарна. Шүүгч гэдэг хувь хүн талаас нь авч үзвэл эрүүл мэнд, ажлын бүтээмж мууудах ч асуудал яригдана. Тэгэхээр шүүгчийн ажлын ачааллыг зохистой хэмжээнд байлгах шаардлага зүй ёсоор тавигддаг.
-Ижил төрлийн хэргийг шүүх ялгаатай шийдвэрлэдэг байдал ажиглагддаг. Тухайлбал, авлига, хээл хахуулийн хэрэгт заримд нь бага дүнгээр торгох ял оноож, нөгөөг нь олон арван жилээр хорих гэх мэтээр ялгамжтай байдал үүсгэдэг нь иргэдэд эргэлзээ төрүүлж байна.
-Ийм шүүмжлэл үе үе гардаг. Олон нийтэд тэгж ойлгогдох шүүхийн шийдвэр гарч байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ шүүхийн процессын гадна байгаа хүмүүс шүүгч юуг үндэслээд тийм ял оноосныг хэлж мэдэхгүй шүү дээ. Шүүх гэмт хэргийг үйлдэх болсон шалтгаан, нөхцөл, олон оролцогч хамтарсан эсэх, гэмт хэргийг тогтвортой үйлдсэн, эсэх зэрэг маш олон нөхцөлийг харгалзан үзэж, шийдвэр гаргадаг. Мөн дээр нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалздаг. Авлига авсан албан тушаалтан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо барагдуулсан байвал тэр нь тодорхой хэмжээнд ялыг хөнгөрүүлэх үндэслэл болох боломжтой. Гэхдээ ял хөнгөрүүлэх, хөнгөн төрлийн ял оноох нь мэдээж Эрүүгийн хуульд заасан хэмжээндээ байх ёстой. Нөгөө талаас прокурор буюу улсын яллагч шүүгдэгчид ямар ял оноохыг шүүхэд санал болгож байна гэдгийг анхаарах хэрэгтэй. Авлига, албан тушаалын хэрэг дээр жишээ нь улсын яллагч шүүгдэгчид ямар ял оноох санал гаргаж байна, прокуророос хүнд, эсвэл хөнгөн ял оноохыг санал болгоод байна уу гэдгийг. Өөрөөр хэлбэл, өндөр дүнтэй авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон этгээдэд хэт бага ял оноох саналыг шүүхэд гаргаад байна уу гэдгийг эрэн сурвалжлах л асуудал. Шүүхийн индексийн хүрээнд “Шүүгчид нэг төрлийн гэмт хэрэгт өөр өөр ял оноох, ижил агуулгатай хэрэг, маргааныг харилцан адилгүй шийдвэрлэх магадлал бага байдаг гэдэгтэй санал нэгдэх үү” гэсэн асуумжийг авдаг бөгөөд үүнээс үзэхэд олон нийтийн 40 гаруй хувь санал нэгдэж байгаа бол, хуулийн салбарт ажилладаг мэргэжлийн хүмүүсийн 30 гаруй хувь нь санал нэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, олонх нь магадлал бага байдаг гэдэгтэй санал нийлэхгүй байна. Тэгэхээр хэрэг, маргааныг шийдвэрлэхэд яагаад гурван шатлалт шүүхийн тогтолцоо байна вэ гэхээр алдаа мадаг гаргахгүй, хэн нэгнийг хохироохгүй, гэм буруугүй хүнийг шийтгэхгүй байх гээд шударга, хуулийн дагуу хэрэг, маргаан шийдвэрлүүлэх гол зорилго юм. Тиймээс тухайн нэг хэрэг, маргааны хүрээнд анхан, давах, хяналтын шатны шүүх заавал усны дусал шиг ижил шийдвэр гаргахыг шаардахгүй. Давж заалдах шатны шүүх нь анхан шатныхаа шийдвэрийг өөрчлөх эрхгүй, хүчингүй болгохгүй гэх юм бол гурван шатны шүүх байх хэрэггүй. Иймээс л анхан шатны шүүхэд хэрэг, маргааныг ихэвчлэн нэг, давж заалдах шатанд гурав, хяналтын шатанд таван шүүгч шийдвэрлэдэг. Шатлал ахих тусам шүүх бүрэлдэхүүний тоо нэмэгдэж байгаа нь алдаагүй, шударга шийдвэр гаргахын төлөө юм. Харин ижил, төсөөтэй тохиолдолд иргэн Батын маргаанд хуулийг нэг өөрөөр, Доржийн маргаанд хуулийг дахин өөрөөр тайлбарлаж хэрэглээд байж болохгүй. Ийм зүйл гаргахгүйн тулд 2021 оноос Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоох зорилгын хүрээнд хэрэг, маргааныг хяналтын журмаар шийдвэрлэх хууль үйлчилж байна.
ШҮҮХИЙГ ШҮҮХ ШҮҮЖ БАЙГАА
-Цахим орчинд олны анхаарал татсан гэмт хэргүүдийн талаар үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээлэл цацаж, эсвэл хэргийн зарим нэг баримтыг ил гаргаснаар олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлж, улсаараа “шүүгч” мэт авирлах болоод багагүй хугацаа өнгөрлөө. “Сошиал шүүгчид”-ийн нөлөөнд шүүх автдаг уу?
-Олон нийтийн сүлжээнд цацагдсан мэдээлэл шүүгчийн гаргах шийдвэрт нөлөөлж байхыг үгүйсгэхгүй. Ийм зүйл ч ажиглагддаг. Санаатай, санамсаргүй байдлаар олон нийтийн сүлжээнд хэргийн талаар мэдээлэл тавьж, улсаараа шүүгч болсон мэт, шударга ёсыг тогтоох гэж буй мэт авирлах нь зохисгүй. Эрүүгийн хэрэгт хэнийг гэм буруутайд тооцох, эсхүл гэм буруугүйд үзэх асуудлыг зөвхөн хуульд заасан журмын дагуу, нотлох баримтад үндэслэн шүүх эцэслэн шийдвэрлэнэ. Энэ нь гэм бурууг шүүхээр эцэслэн тогтоох манай улсын Үндсэн хуулиар тогтоосон үндсэн зарчим юм. Шүүхээр хэргийг нь шийдвэрлэж, зохих ял оноочхоод байхад “Би гэм буруугүй байсан” гэж ярихыг алийг тэр гэх вэ. Энэ бол хувь хүний үнэлэмж, үзэл бодлын асуудал юм. Гэхдээ хүнийг хэзээ ч хэлмэгдүүлж болохгүй.
-Шүүх хэлмэгдүүлсэн байж болно шүү дээ.
-Үүнийг нь хэн тогтоох вэ гэдэг байна. Нэгэнт шүүхийн эцсийн шийдвэр гарчихлаа гэж бодъё. Эрүү шүүлт тулгаж байгаад хэрэг хүлээлгэсэн, хуурамч баримтыг үндэслээд ял оноосон, уг хэргийг шийдвэрлэсэн шүүгч, прокурор, мөрдөгчийн үйлдэл нь гэмт хэрэг болох нь хожим тогтоогдвол, дээр хэлсэнчлэн шүүхийн эцсийн шийдвэрийг дахин хянах боломжтой. Тийм зүйл болоогүй байхад хүмүүсийн яриагаар “хэлмэгдүүлсэн” гэж шууд дүгнэхэд төвөгтэй. -Тэгвэл шүүхийг хэн шүүх вэ. Шүүхийг шүүх ёстой юү? -Шүүхийг шүүх шүүж байгаа. Тэр нь миний өмнө нь хэлсэнчлэн анхан шатны шүүхээ давж заалдах, давж заалдах шатны шүүхээ хяналтын шатны шүүх хэргийн оролцогчдын гомдлоор гаргасан шийдвэрийг нь шүүн хэлэлцэж, шийдвэрлэж байгаа. Үүнээс өөр арга, өөр субъектэд шүүхийг шүүх эрх олговол тэр шүүх биш болно, Монгол Улсад шүүх эрх мэдэл байхгүй болно. Нөгөө талаас шүүгч ёс зүй, сахилгын зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага тооцох механизм ажиллаж байгаа. Шүүхийн сахилгын хороо иргэд, албан тушаалтны шүүгчид холбогдох гомдлыг хянан шийдвэрлэж, хариуцлага тооцож буй. Харин шүүхийн дээр улс төрчдийг тавих юм бол эцсийн дүндээ иргэд бид л хохирогч нь болно. Шүүх эрх мэдэл албадлага дээр бус, түүний хууль ёсны, шударга байдалд итгэх олон нийтийн итгэл дээр тогтдог. Энэ итгэлгүйгээр хууль хэрэгжиж, шударга ёс тогтох боломжгүй. Олон нийтийн итгэл алдагдсан үед шүүх эрх мэдэл сул дорой, хүчгүй болдог. Үр дүнд нь хүмүүс шүүхээс гадуур шударга ёсыг эрэх, хайх, нэхэж эхэлнэ. Энэ хоосон орон зайд хууль бус хүч буюу авлига, хүчирхийлэл, өш хонзон, цахим орчин дахь олон нийтийн шуугиан, явцуу улс төрийн ашиг сонирхол орж ирнэ. Хэний зөв бэ гэхээс илүү хэн хүчтэй вэ гэдэг нь чухал болно. Улс төрчид шударга ёсыг тогтооно гэх популизм хийж, эцэст нь улс төр шүүхийн хараат бус байдлыг үгүй хийж, шүүхийг улс төрийн багаж хэрэгсэл болгоход хүргэнэ.
ШЕЗ-ИЙН 10 ГИШҮҮНИЙ ХОЁРЫГ НЬ УИХ ТОМИЛООГҮЙ БАЙНА
-Шүүгчийн томилгоо улс төрөөс хараат бус байж чадаж байна уу?
-Үндсэн хуулийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ) хуульчдаас шүүгчийг шилж олох буюу шүүгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч шүүгчийг томилж байна. Үүнээс гадна, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор Ерөнхийлөгч томилдог. Бусад шатны шүүх тухайн шүүхийнхээ ерөнхий шүүгчийг өөрсдөө дотроосоо сонгодог. Шүүхийн ерөнхий зөвлөл арван гишүүнтэй байх бөгөөд тавыг нь нийт шүүгчид дотроосоо, тавыг нь нээлттэй сонгон шалгаруулалтаар нэр дэвшүүлж, УИХ-аас томилох зохицуулалттай. Одоогоор УИХ-аас томилогдох ШЕЗ-ийн таван гишүүний хоёр нь томилогдоогүй тул Шүүхийн ерөнхий зөвлөл найман гишүүнтэй ажиллаж байна. Иргэний нийгмийн төрийн бус байгууллагуудаас “Энэ томилгоогоо хурдан хийж, Шүүхийн ерөнхий зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр ажиллуулаач ээ” гэдэг шаардлагыг Хууль зүйн байнгын хороонд хүргүүлсэн. Шүүгчийг Ерөнхийлөгч томилохгүй буцааж байгаа тохиолдол цөөнгүй гардаг. Ямар үндэслэлээр томилохоос татгалзав, хувийн үзэмжийн асуудал байна уу, үгүй юү гэдэгт дүн шинжилгээ хийж байх шаардлагатай. Манай улсын шүүгчийн сонгон шалгаруулалтын тогтолцоо нь олон улсын туршлагад нийцсэн хувилбар бөгөөд гажууд зүйл байхгүй. Харин шүүгчид нэр дэвшиг чийг үнэлэх арга, ажилагааны хувьд сайжруулах зүйлүүд байгаа.
ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААГ ШУУРХАЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
-Шүүгчийн хараат бус байдлыг хэрхэн хангаж байна вэ. Шүүгчийн цалинг нэмлээ гээд хахууь авах, эсэх нь тухайн хүний ёс зүйтэй холбоотой байх.
-Шүүгчийн хараат бус байдлыг хангах асуудал нь шүүгчид зориулсан зүйл биш. Хэрэг, маргааныг шийдвэрлүүлж буй хүмүүст зориулан бүтээсэн арга хэрэгсэл юм. Чи, бид хоёр маргаад шүүхэд очлоо гэхэд хараат бус байдал нь хангагдсан шүүгч шийдвэр гаргах нь шударга биз дээ. Шүүгчийн хараат бус байдал нь олон бүрэлдэхүүн хэсэгтэй. Наад зах нь сая ярьсан томилгооны асуудал. Хараат бусаар томилогдож чадаж байна уу, мөн шүүгчийн бүрэн эрхийн хугацааны асуудал яригддаг. Шүүгчийг хугацаагүйгээр томилох ёстой гэдэг. Улс төрийн албан тушаалтан шиг дөрвөн жилийн хугацаатай томилогдох, тэр хугацааг нь сунгаад явдаг байх юм бол суудалдаа үлдэхийн тулд томилогдсон, сонгон шалгаруулсан этгээдэд тал засах асуудал гарах магадлалтай. Ийм учир олон улсын жишигт хугацаагүй, бүх насаар нь томилох ёстой гэж үздэг. Манай улсад тэтгэвэрт гарах нас хүртэл нь томилдог нь бас хараат бусаар ажиллах нөхцөлөөр хангах нэг арга юм. Мөн дараагийн асуудал нь өөрийн тань асуудгаар шүүгчийн цалин хангамжийн асуудал шүүгчийн хараат бус байдлыг хангахад багтдаг. Аль шатны шүүгчээс хамаарч цалин нь харилцан адилгүй. Шүүгч ямар нэгэн давхар ажил эрхлэх боломжгүй, багшлах болон эрдэм шинжилгээний ажил эрхлэхийг зөвшөөрдөг. Тиймээс цалин хангамж нь ажиллаж, амьдрахад нь хүрэлцээтэй, инфляцын түвшинтэй уялдаж нэмэгдэх ёстой. Гэхдээ шүүгчийн цалин хэчнээн өндөр байгаад энэ нь шүүгч хээл хахууль авахгүй байх баталгаа болохгүй гэдэгтэй санал нэг. Цалин нь амьдралд хүрэлцэхгүй байгаа ч хуулийн дагуу шударга шийдвэр гаргах, эсэх нь хувь шүүгчийн төлөвшил, зан суртахуунтай холбоотой. Түүнчлэн шүүгчийн хараат бус байдлын баталгаанд шүүгчийг гаргасан шийдвэртэй нь холбогдуулан эрүүгийн хариуцлагад татах ёсгүй байдаг.
-Гаргасан шийдвэр нь зөв, буруу хэмээн маргах боломжгүй гэсэн үг үү?
-Зөв, буруу гэж маргавал дээд шатны шүүхдээ гомдлоо гаргаад хянуулах ёстой. Үүнээс өөрөөр хэн нэгэн шүүгчийг гаргасан шийдвэртэй нь холбогдуулан эрүүгийн хариуцлагад татаж болохгүй. Харин шийдвэрээ гаргахдаа ашиг сонирхлын зөрчил гаргасан, авлига авсан, эсэхийг шалгах асуудал тусдаа юм. Шүүгч хэргийг зөв, буруу шийдсэн гэж хөндлөнгийн субъект, мөрдөн шалгах байгууллага шүүгчийг дуудаж, эрүүгийн хэрэгт татаж болохгүй л гэсэн үг. Хэрэв ингээд эхэлбэл шүүгч айдасгүйгээр шийдвэрээ гаргаж чадахгүй болно.
-Шүүхийн шийдвэрийн биелэлтийг 50- иас дээш хувьд хүргэх, шүүх хуулийн дагуу шударга шийдвэр гаргахад хууль, эрх зүйн орчныг өөрчлөх шаардлага байна уу?
-Нэгдүгээрт, шүүхийн шийдвэрийн биелэлтийг сайжруулахын тулд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгтэй. Шүүх шийдвэрээ хэдийн гаргачхаад байхад биелэлтэд дээр удааширдаг асуудлыг зайлшгүй өөрчлөх, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хурдан шуурхай болгохын тулд хууль тогтоомжийг энэ Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд боловсруулж, УИХ-аар шийдвэрлүүлэх шаардлагатай байна. Хоёрдугаарт, шүүх хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ парламентаас буюу УИХ-аас баталсан хууль хэрэглэдэг. Тэр хууль нь чанаргүй, олон салаа утгатай, түргэвчилсэн байдлаар яаралтай баталсан, шинжлэх ухааны үндэслэлгүй бол тэрийг хэрэглэж, шударга шийдвэр гаргана гэдэг хэцүү. Ижил хэрэгт өөр шийдвэр гаргах магадлалтай. Өөрөөр хэлбэл, УИХ ойлгомжгүй, салаа утгатай, чанаргүй “бүтээгдэхүүн” гаргаад байвал үр дүн ч тийм л байна. Шүүх шударга шийдвэр гаргахад хэрэглэж буй хуулийн чанарын асуудал зайлшгүй яригдана. Хуулийг орчин үетэй нийцүүлэн сайжруулах, шинэчлэх шаардлагатай юм. Жишээ нь, 2002 оны Иргэний хуульд цаг үетэй нь нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулахгүй яваад байвал шинэ тутамд гарч буй иргэний хэрэг, маргааныг хэрхэн шийдвэрлэх вэ гэх асуулт үүсэж болно.