Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийнхан МҮОХ-той хамтран эл чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулийн оюутан, залуус дунд олимпын боловсрол, сургалт, сурталчилгааны ажлын хүрээнд “Олимпын дэвжээ” шилжин явах цомын тэмцээн зохион байгууллаа. Тус хорооны “Шилдэг олимпын танхим”-аар шалгарч байсан дээрх сургуулийн Олимпын сургалтын танхим нь 2009 онд байгуулагджээ. Үүнээс хойш оюутнуудын дунд “Олимпын дэвжээ”, АХА тэмцээн зохион байгуулах, олимпын медальтан, спортын зүтгэлтэн, алдартнуудтай уулзалт хийх, МҮОХ-ны “Олимпын музей”-тэй танилцуулах зэрэг ажлыг тогтмол хэрэгжүүлж, спортын боловсрол олгоход хувь нэмэр оруулсаар ирсэн.
Энэ удаагийн тэмцээнд анагаахын чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулиудын таван багийн 30 гаруй оюутан тамирчин оролцож, авьяас, ур чадвараа сорив. Тэднээс “Анагаахын алдартнууд” багийнхан тэргүүлж, шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналын хамт гардсан юм. Тус багийнхантай тэргүүн байрын төлөө өрсөлдсөн “Дөл”-ийн залуус мөнгө, “Эв нэгдэл”-ийнхэн хүрэл медаль хүртлээ. Уг тэмцээнийг хойшид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон байна.