“Эмнести интернэшнл” байгууллагаас өчигдөр “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангийн Монгол дахь тусгал хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдлыг танилцуулж, “Хүний эрхэд ээлтэй хот төлөвлөлт”, “Хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлт”, “Геополитик, аюулгүй байдал ба хүний эрх” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв. 144 орны нөхцөл байдлыг тусгасан “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26”-д хүчирхэг гүрнүүд, бизнесийн корпорацууд болон хүний эрхийн эсрэг хөдөлгөөнүүд нь олон улсын эрх зүй, хүний эрх, олон талт хамтын ажиллагаанд заналхийлж байгааг хөнджээ.
Төр засгуудын зүгээс эл асуудалд буулт хийхгүй байж, хамтын эсэргүүцэл үзүү лэхгүй бол дэлхий нийтэд тогтсон дэг журам болж бэхжих эрсдэлтэйг онцоллоо. Энэ тухайд “Эмнести интернэшнл” байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Агнес Калламард “Бид цаг үеийнхээ хамгийн сорилттой мөчтэй нүүр тулж байна. Дайн, зэвсэгт мөргөлдөөн, халдлага, эдийн засгийн дарамтаар хэсэг бүлэг улс ноёрхлоо тогтоохыг улам бүр зорих боллоо. Энэ нь олон улсын эрх зүй, шударга ёсны тогтолцоог ганхуулж буй хэрэг. Түүнч лэн АНУ, ОХУ, Израил болон Хятадад явуулж буй хүний эрхийн эсрэг үйлдлийг тууштай, ил тод буруутгаж, дипломат шийдэл эрэлхийлэхэд улс орнууд ямар ч алхам хийхгүй байгаа нь харамсалтай” хэмээн мэдэгдэв.
Монгол Улсын иргэдийн дуу хоолой, жагсаал цуглаан, үзэл бодлоо илэрхийлэх орон зайг хумих, байгаль орчныг хамгаалан тэмцэж буй хүмүүс рүү чиглэсэн дарамт шахалт нэмэгдэж байгааг ч “Эмнести интернэшнл”-ийн кампанит ажлын зохицуулагч Я.Цэцэнзаяа дурдлаа. Тэрбээр “Олон нийтийн тайван жагсах, байгаль хамгаалах эрхэд халдахаас гадна дахин төлөвлөлтийн ажлын явцад иргэд хохирох нь түгээмэл болжээ. Газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн айлуудыг мэдээллээр хангадаггүй, бодит үнэлгээ хийдэггүй, үүссэн бэрхшээл, гомдлыг нь шийдвэрлэх механизм бүрдээгүй байна. Зарим байршилд хашааг нь буулгаж, албадан нүүлгэж барилгын ажил эхлүүлсэн бол заримтай нь зөвшилцөлгүйгээр орон байрыг нь нураасан асуудал гарлаа. Үүнд анхаарах хэрэгтэй” гэсэн юм.
Түүнчлэн уул уурхайн салбарт хэрэгжүүлж буй төслүүдэд олон нийтийн оролцоо, зөвлөлдөх үйл явц хангалтгүй хэвээр байж, малчдын амьжиргаа дээрдэхгүй, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсээр байгаа аж. Хүний эрх хамгаалагчид, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлахдаа Эрүүгийн хуулийг ашигласан ноцтой зөрчил ч гарсан гэнэ. Мөн тайван жагсаал цуглаанд оролцогчдыг хамгаалах үүргээ төр биелүүлээгүй, мөн шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх мэдэгдлүүд гарсаар байгаа нь хууль дээдлэх зарчим, шударгаар шүүлгэх эрхийг хөсөрдүүлж буй аж.
ОХУ, АНУ, ИЗРАИЛ ОЛОН УЛСЫН ДЭГ ЖУРМЫГ ЗӨРЧИЖ БАЙНА ГЭВ
АНУ, Израил болон ОХУ олон улсын хариуцлагын тогтолцоог алдагдуулж, Олон улсын эрүүгийн шүүхийг сулруулахад нөлөөлж байгаа гэнэ. Израил улс Газын зурвас дахь палестинчуудын эсрэг геноцидоо үргэлжлүүлж, апартеидын тогтолцоо буюу үндэс угсаа, арьс өнгөөр ялгаварлах үзлээ хадгалсаар байгаа бол 2026 оны эхээр АНУ болон Израил нь Ираны эсрэг довтолж, энгийн иргэд, хүүхдүүдийн амь насыг хохироосон. Мөн Арабын нэгдсэн эмират улс нь Суданд зэвсэг нийлүүлснээр мөргөлдөөнийг улам даамжруулж, аллага, хүчирхийллийг өдөөснийг дээрх тайланд тэмдэглэжээ. Афганистанд Талибан эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарлаж, боловсрол эзэмших, ажиллах, зорчих эрхийг нь улам боомилсоор байгаа гэнэ.
Иранд ч 2026 оны нэгдүгээр сард жагсагч дыг олноор нь хоморголон хөнөөсөн нь сүү лийн хэдэн арван жилийн хамгийн их цус асгаруулсан хэлмэгдүүлэлтийн нэг болоод буйг дурдлаа. Олон улсын эрх зүйн эсрэг чиглэсэн дээрх дайралтууд, хэрцгий явдлын үед дэлхийн улс орнуудын удирдлагууд удаан хугацаанд дуугүй, идэвхгүй байгаа нь ёс суртахууны гүн хямралд оруулж, олон арван жилийн турш тэмцэж олсон хүний эрхийн ололтыг ухрааж байна хэмээн “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайланд бичжээ.
ЭРХЭД НЬ ХАЛДСАН ХЭВЭЭР БАЙГАА Ч ИРГЭД ЭВ САНААГАА НЭГТГЭЖЭЭ
Иргэдийн эвлэлдэн нэгдэх орон зайг хумих зорилгоор эсэргүүцэгч, идэвхтнүүдийн дуу хоолойг дарах оролдлогууд 2025 онд эрчимжсэн байна. Тухайлбал, Балба, Танзани, Афганистан, БНХАУ, Египет, Энэтхэгт эсэргүүцлийг гэмт хэрэгт тооцож, жагсаал цуглааныг хүчирхийллээр дарсан, шүүхээс гадуур ялласан, бүр цаазалсан тохиолдол гарчээ. ИБУИНХУ-д “Palestine аction” хөдөлгөөнд оролцсон 2700 гаруй хүнийг терроризмтой тэмцэх хуулийн хүрээнд баривчилсан бол АНУ-д цагаач, дүрвэгсэд, орогнол хүсэгчдийн эсрэг хууль бус, хатуу арга хэмжээ авч, эрүүдэн шүүж харьцсан, албадан сураггүй алга болгосон гэнэ. Түүнчлэн Эквадор, Парагвай, Венесуэл зэрэг оронд иргэний нийгмийн үйл ажиллагааг хязгаарласан шинэ хууль баталжээ. Засгийн газрууд иргэдээ тагнах технологи нэвтрүүлж, үг хэлэх эрх чөлөөг цахимаар хязгаарлаж эхэлсэн бол АНУ нь хиймэл оюунд суурилсан хяналтын хэрэгслээрээ палестинчуудтай эв санааны нэгдэлтэйгээ илэрхийлсэн оюутнуудыг олж, баривчилсан гэнэ. Мөн Кени, Сербид технологид суурилсан дарамтыг жагсагчид, сэтгүүлчид, иргэний нийгмийн эсрэг ашиглажээ.
Гэсэн хэдий ч саад бэрхшээлийг үл харгалзан дэлхий даяар сая сая хүн шударга бус байдал, авторитар дэглэмийн эсрэг дуу хоолойгоо өргөсөөр байгаа юм. Эсэргүүцэх, өөрчлөх үйл хэрэгт жагсагчид, иргэний нийгэм болон олон улсын байгууллагууд манлайлан оролцож буй гэнэ. Улмаар 2025 онд Z үеийнхний (Gen Z) эсэргүүцлийн хөдөлгөөн Монгол, Индонез, Кени, Мадагаскар зэрэг арав гаруй улсыг хамарсан томоохон үйл явдал болсон билээ. Израилийн үйлдэж буй геноцидын эсрэг жагсаалууд дэлхий даяар өрнөж, 40 гаруй орны хүмүүнлэгийн ажилтнууд палестинчуудтай эв санааны нэгдэлтэйгээ илэрхийлж далайг дүрслэн давалгаалжээ.
Европын хэд хэдэн оронд боомтын ажил чид Израил руу чиглэсэн зэвсгийн тээврийг саатуулж, улмаар зэвсгийн экспортыг хязгаарлахад нөлөөлсөн аж.
Түүнчлэн олон улсын түвшинд хариуцлагын механизм идэвхжиж, Олон улсын эрүүгийн шүүхээс Талибаны хоёр удирдагчийг баривчлах захирамж гаргасан бол Филиппиний ерөнхийлөгч асан Родриго Дутертег аллага үйлдсэн хэргээр хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутган яллуулахаар шүүхэд шилжүүлсэн байна. Эдгээр нь 2025 онд дэлхий даяар хүмүүс шударга бус байдал, дарангуйлал, дайныг эсэргүүцэн, эв санааны нэгдлээ хүчтэй илэрхийлсний илэрхийлэл бөгөөд эл эрч хүчийг алдалгүй, хүний эрхийг дэлхийн дэг журмын төвд оруулж, хамтдаа хичээх ёстойг “Эмнэсти интернэйшнл” байгууллагаас уриаллаа.
С.Дулам