Монгол Улс олон улсын математикийн олимпиад (International mathematics competition)-ыг анх удаа эх орондоо зохион байгуулах гэж байна. Сурагчдын логик сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх болон математик хэрэглээний ур чадварыг хөгжүүлэхэд чиглэдэг, 26 дахь удаагийн олимпиад долоодугаар сарын 22-27-нд Налайх дүүрэгт болно. Манай улс 2010 оноос хойш тус олимпиадад тогтмол, амжилттай оролцсоор ирсэн бөгөөд Вьетнамд болсон 25 дахь удаагийн тэмцээнээс цом хүртсэнээр 2026 онд эх орондоо зохион байгуулах эрх авч, 80 суралцагчийн бүрэлдэхүүнтэй баг оролцуулахаар төлөвлөжээ.
Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх зорилгоор улсын анхдугаар бага, дунд ангийн математикийн олимпиадыг үе шаттайгаар зохион байгууллаа. Тухайлбал, улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 18- 19-нд зохион байгуулсан бөгөөд сонгон шалгаруулалтад нийт 21 аймаг болон Улаанбаатар хотын 60 гаруй сургуулийн 800 гаруй суралцагч бүртгүүлжээ. Тэднээс зургаадугаар ангийн 40, есдүгээр ангийн мөн тооны сурагч шалгарч, олон улсын математикийн олимпиадад улсаа төлөөлөн оролцох эрхтэй болсон байна. Ташрамд, тус олимпиадыг 1999 оноос эхлэн тасралтгүй зохион байгуулж буй бөгөөд дэлхийн 30 гаруй орны шилдэг хүүхдүүд оролцож, хувийн болон багийн төрлөөр өрсөлддөг юм.
Ч.Цэлмэг