Энэ УИХ-ын 2024-2028 оны сонгуулийн бүрэн эрхийн хугацаа талдаа орох гэж байна. Хоёр жил гэсэн үг. Харин хоёр жилийн хооронд Ерөнхий сайдыг оймс шиг солин томилж байна. Энэ нь 1996-2000 оны үеийг давтах гээд байна уу гэдэг зүйл улс төрийн орчинд яригдаж байгаа. Гэхдээ 1996-2000 он, 2024-2028 оны үеийг харьцуулбал улс төр, эдийн засгийн орчин нь тэс өөр. Товчилбол Ерөнхий сайд нар огцорч байгаа шалтгаан нөхцөл хоорондоо огтоос адилгүй байна. Өчигдрийн буюу 1996-2000 онд харьцангуй эрүүл шалтгаанаар Засгийн газрыг сэлгэж байлаа. Харин өнөөдрийн Ерөнхий сайд нарын холио солиоын ард тэрбум тэрбум, их наяд, их наядын дүнтэй авлига, хулгай яригддаг болжээ.
Ойрхныг түүхчилбэл, УИХ-ын 2024 оны сонгуулиас хойш эрх баригч МАН гурав дахь Засгийн газраа байгуулаад байна. Сонгуульд намаа авч орсон Л.Оюун-Эрдэнэ 2025 оны зургаадугаар сард огцорсон. Тэрээр Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг УИХ-д оруулж, 2025 оны зургаадугаар сарын 2-3-нд хэлэлцэж УИХ-ын гишүүдийн дийлэнх олонх итгэл үзүүлэхээс татгалзсан. Тэгээд Хамтарсан Засгийн газар тарсан. 2024 оноос хойших хоёр дахь Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг 2025 оны зургаадугаар сарын 13-нд томилсон. Ингээд ажиллаж байв. Н.Учрал УИХ-ын даргаа, Г.Занданшатар Ерөнхий сайдаа хийгээд явж байхад болохгүй зүйл байгаагүй юм.
“Бодь”-ийн 110 сая долларын авлига илэрч улс төр бужигнасан нь
Гэтэл Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ 2026 оны гуравдугаар сарын 11-нд НТВ телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцсон. Нэвтрүүлгийн үеэр “Б.Энхбаяр яагаад “Бодь”-ийн талаар тухайн үед яриагүй вэ, мань хүн энэ сонсголын өмнө байна уу дараа “Бодь”-оос хандив авсан юм байна. Өмнө юм уу, дараа нь юм уу 500 мянган ам.долларын хандивыг хэд хэдэн удаагийн үйлдлээр мань хүн авсан юм байна, “Бодь”оос. Хандив авсныхаа төлөө өмгөөлөл хийсэн үү, эсвэл өмгөөлөл хийчхээд хандив авсан уу. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагууд шалгах ёстой. Хэрвээ ингэвэл албаар Бортээгийн асуудлыг улс төрийн зорилгоор сонсгол дээр гаргаж ирж “Бодь”-ийн оффтейктэй холбоотой асуудлыг хаацайлсан болж таарч байгаа” гэж ярьсан. Тэгтэл гэнэт улс төр бужигнаад УИХ-ын дарга нь Ерөнхий сайд болж, Засгийн газрыг шинээр байгуулах нөхцөл үүссэн. Н.Учрал 2025 оны арваннэгдүгээр сарын 15-нд МАН-ын даргаар, арваннэгдүгээр сарын 20-нд УИХ-ын даргаар сонгогдоод байв. Дөнгөж дөрвөн сар ажиллаж байсан. Дөрөвхөн сарын өмнө “МАН-ын дарга нь УИХ-ын дарга байж болно” гэж байснаа яаран сэлгээ хийсэн. Энэ нь тодорхой учир шалтгаантай.
АН наанаа Н.Учралыг УИХ-ын даргаас, цаанаа Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас буулгах улс төрийн мэдэгдэл хийсэн нь
АН-ын бүлгээс 2026 оны гуравдугаар сарын 16-нд “УИХ-ын дарга МАН-ын дарга гэх хоёр албан тушаал нэг хүнд байх нь зохимжгүй” гэдэг шаардлага гаргаснаа зарласан. АН-ын дарга О.Цогтгэрэл “Олон намаас бүрдсэн парламентын дарга намын даргын албыг давхар хаших нь зохисгүй гэж үзэж байна. Өнөөдрийн УИХ-ын дарга Н.Учрал нь МАН-ын даргын албыг хавсран гүйцэтгэж байгаа учраас түүнийг УИХ-ын даргын албан тушаалаа өгөх хүртэл АН-ын бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй. Гэхдээ энэ нь УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах зорилготой үйлдэл биш. Парламент өөрөө олон намын төлөөллөөс бүрддэг, мөн УИХ хоёр дэд даргатай. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх боломж, үндэслэл хангалттай бий. Бодлогын, зарчмын болон үйл ажиллагааны хувьд ч тодорхой үндэслэлүүд байгаа. Бодлогын түвшинд авч үзвэл 2016 оноос хойш ойролцоогоор 10 орчим жилийн хугацаанд нэг улс төрийн хүчин дангаар ноёрхсон байдалтай засаглаж ирсэн. Энэ хугацаанд юу болж өнгөрснийг олон нийт харж байгаа байх. Нэг өгүүлбэрээр дүгнэж хэлбэл, энэ бол авлигыг системийн хэмжээнд хүргэсэн 10 жил байлаа. Гэтэл энэ улс төрийн хүчнийг даргалж байгаа намын дарга эрүүл саруул бодлогын мэтгэлцээн өрнөх ёстой УИХ-ын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах нь зарчмын хувьд буруу. Цаашид ч үүнийг зарчим болгож ажиллах ёстой гэж бид үзэж байна. Үүнийг бид өнөөдөр л шинээр ярьж байгаа зүйл биш. УИХ-ын дарга Н.Учралыг томилогдох үед УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний өргөн барьчихсан хуулийн төсөл бий. Энэ бол зарчим. УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан намын даргаараа сонгогдоно гэхэд яг энэ шийдвэрийг АН-ын бүлэг гаргаж байсан. Зарчим адилхан л үйлчлэх ёстой. АН-ын бүлэг нэг асуудлаар өөр өөр шийдвэр гаргахгүй гэж 41 гишүүн бүгд дэмжиж, ийм шийдвэр гаргалаа” гэв. АН-ын энэ улс төр нь наанаа Н.Учралыг УИХ-ын даргаас буулгах байсан авч цаанаа Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас чөлөөлүүлэх үндэслэлийг тавьсан юм.
“Бодь”-ийн 110 сая долларын авлигын мэдээлэл АТГ-т очсон нь
Л.Оюун-Эрдэнэ 2026 оны сарын гуравдугаар сарын 23-нд “Бодь интернэшнл”-ийн 110 сая доллартай холбоотой мэдээллийг АТГ-т өгсөн. АТГ-ын гадна “Миний бие “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг “Бодь групп”-ээс хандив нэрээр 500 мянган ам.доллар авсан. Тиймээс би энэ асуудлыг АТГ-т өгч шалгуулна” гэж хэлсэн. Олон нийтэд өгсөн амлалтаа биелүүлэхээр АТГ-т ирлээ. 894 хуудас материалыг дөрвөн бүлэг болгон АТГ-т өгч байна. Тухайлбал, нэгдүгээр бүлэгт оффтейк гэрээ, хоёрдугаар бүлэгт нүүрсний сонсгол, гуравдугаар бүлэгт Б.Энхбаярт холбогдох авлигын хэрэг, гэрч материал, дөрөвдүгээр бүлэгт Б.Энхбаяртай холбоотой бусад холбогдох баримт байна. 2022 оны аравдугаар сарын 26-ны өдөр улсын валютын нөөц 2.7 тэрбум болсон. Яагаад валютын нөөц багассан бэ гэдгийг тухайн өдрийн Засгийн газрын хуралдаан дээр ярилцсан. Нүүрс зарагдаад байгаа нь гаалийн мэдээн дээр байгаа мөртлөө валют орж ирэхгүй байна. Асуудал юунд байна гээд явсан. Шалтгаан юу байсан гэхээр Эрдэнэс тавантолгой дээрээс ачигдаж байгаа нүүрсний дийлэнх нь Бодь группийн оффтейк гэрээтэй холбоотой нүүрс байсан. Нэг үгээр хэлбэл, урьдчилаад зарчихсан нүүрс л хилээр гараад байсан байгаа юм. Мөн тендергүйгээр, ҮАБЗ-өөр нууц гэрээ хийсэн асуудлаар нь түр хороо байгуулъя гээд УИХ-ын гишүүн Г.Ганболд тэрхүү түр хороог ахалсан. Г.Ганболд сүүлдээ зугтаагаад олдохоо больсон. Ингээд миний бие Б.Энхбаярыг энэ түр хороог ахлах нь зүйтэй гэж үзсэн. Нүүрсний сонсгол есөн өдрийн турш үргэлжилсэн. Би ажиглаад л байсан. Б.Энхбаяр хоолойгоо шахаад “Бодь групп” дээр сүртэй, сүртэй юм яриад байгаа хэрнээ өнөөдрийн баримттай холбоотой нэг ч зүйлийг яриагүй. Энэ бол Б.Энхбаяр сонсголын дунд ямар их өөрчлөгдсөнийг нотолж байгаа юм. Тэр цагаас хойш бид хоёрын дунд үл ойлголцол үүссэн. Миний хувьд түүнд итгэхээ больсон. Өнөөдөр юмсын учир тайлагдаж байна. Б.Энхбаяр нь “Бодь интернэшнл” ХХК-ийн захирал Д.Баясгалантай, хоёр хүний хамтаар уулзаж, 500 мянган долларыг нэг удаа, дахин нэг удаа 800 мянган долларыг, нийт 1.3 сая ам.долларыг бэлнээр авсан асуудлыг гэрчүүд надад холбогдох баримттай хэлсэн. Би гэрчүүдийнх нь нэр болон мэдээлэлтэй АТГ-т өгч байгаа юм. Дээрээс нь Б.Энхбаяр “Бодь групп”-тэй өмнө нь ч холбоотой байсан нь баримтаар гарч ирсэн. “Бодь интернэшнл” ХХК-ийн оффтейк гэрээ 600 сая доллар байж байгаад 1.3 тэрбум доллар болон нэмэгдсэн. Анхны гэрээ байгуулагдаад, 110 сая доллар “Эрдэнэс Монгол”-оос “Тавантолгой төмөр зам” руу, “Тавантолгой төмөр зам”-аас “Бодь интернэшнл”-ийн данс руу валют арилжаа гэдэг гүйлгээ хийгдэж, шилжсэн байгаа юм. Энэ мөнгийг оройд нь бэлнээр гаргаж аваад, хүүхдийн парк дээр, саунд, зочид буудлуудад, төрийн тусгай хамгаалалттай обьектуудад энэхүү гэрээг байгуулахад оролцсон улс төрчдөд хувааж, тараасан. Үүнээс Т.Аюурсайхан сая доллар авсан. “Бодь групп”-ийн оффтейк гэрээний дагуу гарсан нүүрсний тонн тутмаас тодорхой мөнгөн дүн тохирч, энэ схемээр үргэлжлүүлсэн байгаа юм. “Зөвхөн “Бодь групп”-ийн нүүрсийг гарга. Бусад нүүрсийг хоёрдугаарт тавь” гэсэн ийм шахалтууд валютын нөөцөд нөөлсөн гэсэн үг. Үүнийг АТГ шударгаар шалгана гэдэгт итгэлтэй байгаа” гэж мэдээлсэн юм. Энэ өдрөөс улс төр илт бужигнаад эхэлсэн.
“Ухрахгүй тохирохгүй” гэж байсан Г.Занданшатар “Улс төрийн гацаанаас болж өргөдлөө өглөө” гэсэн нь
Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газар есөн сар хэртэй ажиллаад тэрээр 2026 оны гуравдугаар сарын 27-нд Ерөнхий сайдаас чөлөөлөгдсөн. Гэхдээ түүний чөлөөлөгдөх хүсэлт гэнэтийн байсан юм. Өмнөх 26-нд нь тэрээр цахим сүлжээнд “Дэлхийн 90 гаруй улс түлш шатахууны хямралд орсноо хүлээн зөвшөөрч хариу арга хэмжээ авахын төлөө өдөр шөнөгүй ажиллаж байна. Гэтэл манайд улс төржилт хэтэрлээ. Өнөөдрийн улс төржилтийн үнийг бид нэг ширхэг талх, нэг литр бензин 10 мянган төгрөг хүрэхийн цагт бүх ард түмнээрээ төлөх болно. Эрх ашгаа зөв эрэмбэлж, улс орноо бодож, улс төрөө хийж сурцгаамаар байна. Өнөөдрийн улс төр, эдийн засгийн гол гацаа саад бол хулгайчдын хүсэл зорилго гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бид баялгийн хулгайг таслан зогсоосон. Бид авлигачдад алдаж байсан алт, зэс, нүүрсний ордуудыг ард түмэндээ буцаан авчирсаар байгаа. Би шударга ёс, зөв зам гэдэгт итгэж, чимээгүй ажилласаар байна. Бид хулгайтай, хулгайчидтай чимээгүй тэмцэж бодит тоогоор баталгаажсан үр дүн гаргасаар байна. Харин тэд чанга хашгирч улс оронд маань дэлхийн дайны сүүдэр тусч эхэлж буй хүнд цаг үеийг далимдуулан наймаалцах, хулгайлж авсан ордуудаа буцаах эрх мэдэлдээ эргэн хүрэх гэж тэмцсээр байна. Монгол Улсын иргэдэд тайван сайхан амьдрал хэрэгтэй болохоос аль нам, ямар улс төрч хэрхэн хожилд хүрэх нь хэнд ч хамаагүй. Би албан тушаалтай зууралдаагүй. Надад хүсэл, айдас, шунал алга. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга” гэж байснаа маргааш өглөө нь хүсэлтээ бичээд өгчихсөн. Тэгэхдээ “Улс төрийн энэхүү гацаа, түгжээнд зарцуулах нэг өдөр байтугай нэг минут ч манай улсад байхгүй. Энэхүү улс төржилтийн гацаанаас гаргах нь миний үүрэг хэмээн ухамсарлан, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж байна” гэж бас мэдэгдсэн. Үүнийг 2026 оны гуравдугаар сарын 27-нд УИХ хүлээж аваад чөлөөлсөн. Ингэж 2024-2028 оны сонгуулийн бүрэн эрхийн хугацааны МАН-ын гурав дахь Ерөнхий сайд томилогдох шаардлага бий болсон. Гэхдээ Г.Занданшатарыг чөлөөлөгдөхөд дараачийн Ерөнхий сайд нь УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал болох нь тодорхой болоод байв. Н.Учралыг Ерөнхий сайд болсон шалтгааныг Г.Занданшатарын чөлөөлөгдөхдөө хэлсэн. Түүний “Улстөржилтийн гацаанаас гаргах гэж чөлөөлөгдөх өргөдлөө өгч байна” гэсэн нь үнэнд нийцнэ.
Н.Учралын Засгийн газрыг Н.Учрал өөрөө бүрдүүлээгүйн учир нь
МАН, тэр дундаа Н.Учрал АН-ын шаардлагад их гэдийсэнгүй. Удааж гацаалгүй хүлээж авсан. Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас чөлөөлсөн 2026 оны гуравдугаар сарын 27-нд МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Н.Учралыг Ерөнхий сайдад дэмжихээр шийдсэн. 31-нд УИХ-ын процесс явагдаж Н.Учралыг Ерөнхий сайдаар томилогдсон. Гэхдээ шинэхэн Ерөнхий сайд Н.Учрал кабинетаа өөрөө томилсонгүй. Л.Оюун-Эрдэнэ өөрөө “Би ганцхан Ч.Номин сайдыг томилсон” гэж байсан бол Г.Занданшатарын адилаар Н.Учрал ганц ч сайдын квотгүй кабинетын тэргүүн болов. Ялангуяа гол яамдаа ч өөрөө мэдэж барсангүй. Сангийн сайдаар Г.Тэмүүлэнг, ХББОС-ын сайдаар Г.Лувсанжамцыг уриад байсан тухай мэдээлэл тарсан. Тэд сайд болсонгүй. Эсрэгээрээ ХХАА-н сайдаар хэл амтай ажиллаж үзсэн З.Мэндсайханыг Сангийн сайд болж, “Зэс эрдэнийн хувь”-ийг одоо ч нэхүүлж байгаа Э.Бат-Амгалан хэвээрээ үлдсэн. Эднээс өөр сонирхолтой томилгоонууд байгаа. Гэхдээ онцлох нь “Бодь интернэшнл”-ээс 1.3 сая доллар авсан гэж хардагдаад байгаа Б.Энхбаяр Засгийн газарт ХЭГ-ын дарга болж дэвшсэн. Мөн Хууль зүйн сайд С.Амарсайхан. Урьд нь түүнийг “Хууль зүйн сайд болох гэж байгаа” гэж дуулсан бол “Худал байх” гэх байсан биз. Гэвч томилогдсон. Томилгооны дараа улс төрийн орчинд “С.Амарсайхан “Бодь интернэшнл”, Бортээг хоёрын харуулаар тавигдлаа” гэсэн мессэж тарсан. Энэ бүдэг бадаг мессежийг ойлгохыг оролдвол, нэг бол энэ хоёр асуудал явахгүй гацах, нөгөө бол шударгаар шалгаж явуулах хоёрын нэг бололтой.
Эднийг нэгтгэн дүгнэхэд “Бодь интернэшнл”-ийн 110 сая долларын авлига илэрсэн учраас Ерөнхий сайд Г.Занданшатарыг чөлөөлж, Н.Учралыг томилсон. Тийм учир Н.Учралын Засгийн газрын кабинетыг “Бодь интернэшнл”-ийн 110 сая долларын авлигыг хамгаалахад зориулж бүрдүүлсэн гэж одоо уншигдаж байна. Ерөөсөө Г.Занданшатар “Бодь интернэшнл”-ийн авлигаас болж чөлөөлөгдсөн, Н.Учрал ч түүнээс болж томилогдсон гэж ойлгогдлоо.
М.Бат-Эрдэнэ