Америк гаралтай анхны Ромын пап XIV Леогийн Африк тивийн дөрвөн улсад (Алжир, Камерун, Ангол, Экваторын Гвиней) хийсэн 11 хоногийн түүхэн айлчлал өнөөдөр өндөрлөнө. Хэдийгээр уг үйл явдал сүсэгтэн олны дунд ихээхэн хүлээлт үүсгэсэн ч зарим талаар шүүмжлэл дагуулав. Ялангуяа хүний эрхийн зөрчил ихтэй, төрийн эрхийг удаан хугацааны турш нэг хүний гарт төвлөрүүлсэн Камерун, Экваторын Гвиней зэрэг улсад айлчилсан нь дарангуйллын дэглэмийг зөвтгөж буй үйлдэл хэмээн олон нийт шүүмжилж байна. Тухайлбал, Камерун улсыг Пол Бия 43, Экваторын Гвинейг Теодоро Обианг 46 дахь жилдээ тасралтгүй удирдаж байгаа юм.
Энэ талаар хүний эрхийн хуульч Туту Аликанте CNN агентлагт өгсөн ярилцлагадаа “Дэлхийн дипломат тавцанд нөлөө бүхий дүр болох Ромын пап эдгээр авторитар дэглэмтэй оронд зочилсон нь дарангуйллыг сайшаасан сөрөг дохиог олон улсад өгч болзошгүй” гэжээ. Хэдийгээр айлчлалын эргэн тойронд улс төрийн талцал өрнөж буй ч пап лам XIV Лео өөрийн илтгэлүүддээ авлига, байгалийн баялгийн мөлжлөгийн эсрэг хатуу байр суурь илэрхийлсээр байв. Тэрбээр Камеруны Ерөнхийлөгчийн ордонд зочлохдоо “Энх тайван, шударга ёсыг тогтоохын тулд авлигын гинжин хэлхээг таслах ёстой” хэмээн сануулсан аж.
Ташрамд дурдахад, пап Францисыг залгамжлан, Гэгээн Петрийн сэнтийд залрах 267 дахь хамбаар тодорсон кардинал Роберт Привост нь 1955 онд Чикаго хотод Испани, Франц-Итали гаралтай гэр бүлд төржээ. Хүүхэд байхаасаа Гэгээн Мэригийн сүмд өргөлийн ширээний туслахаар ажилласан тэрбээр англи, испани, итали, франц, португалаар чөлөөтэй ярьдаг төдийгүй латин, герман хэлээр уншиж судалдаг хэл шинжлэлийн өндөр боловсролтой нэгэн юм.
Э.Сүйлэн