Европын холбооны “СВИЧ-Эшиа” хөтөлбөрийн санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төслийн хаалтын үйл ажиллагаа болов. Агаарын бохирдлыг бууруулж, гэр хорооллын иргэдийг дулаан, аюулгүй нөхцөлд амьдруулах, цахилгаан болон түлшний зардлыг багасгах зорилготой дээрх төслийг хэрэгжүүлснээр 2022- 2026 онд 4750 өрхийн амины орон сууц, барилга, байшинг дулаалж, 35 000 гаруй тонн хүлэмжийн хий ялгарахаас сэргийлсэн байна. Мөн эрс тэс уур амьсгалд тохиромжтой барилгын дулаалгын технологи, аргачлалыг нэвтрүүлсэн аж. Ингэснээр барилгын дулаалгын чиглэлээр 200 гаруй бизнес эрхлэгчийг чадавхжуулан, дулаалгын технологиор мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэжээ. Төслийн явцад дулаалсан байшингуудад сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжүүдийг суурилуулан туршсанаар айл өрхийн цахилгаан болон түлшний зардал 60-70 хувиар буурсныг онцоллоо. Европын холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл I” төслийг 2018-2022 онд хэрэгжүүлсэн бол хоёр шатны төслийг мөн дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлж, ажлаа дүгнэлээ.
С.Цэрэн